Oct 13, 2010

2. ШИНЭ ҮГ ЗОХИОХЫН ГАЙХАМШИГ

2. ШИНЭ ҮГ ЗОХИОХЫН ГАЙХАМШИГ

Эхлээд үг байсан. Үг Ертөнцийн Эзэнд байсан бөгөөд Үг өөрөө Ертөнцийн Эзэн байв... Түүнгүйгээр бүтсэн юм нэгээхэн бээр үгүй. Библи

Орчуулгын практикт шинэ үг зохиох хэрэгцээ цөөнгүй гарна. Ялангуяа хэвлэл мэдээллийн газар ажиллаж буй орчуулагч нарт ийм шаардлага их тохиолддог юм билээ. Нэр томьёо зохиох бол тэр аяараа шинэ үг зохиох ажил байдаг гэж болох билээ. Энэ бол эрдэм шинжилгээний их нарийн ажил байдаг учир үүнийг орхиод бид зөвхөн ойр зуурын "тулга тойрсон" үгийг авч ярья. Шинэ үг зохиоход үгсийн санд бэлэн байгаа үгийн урд, хойно угтвар, дагавар залгах, хоёр үгийг нийлүүлэх зэрэг хэд хэдэн янзын арга байдаг боловч цоо шинэ үг зохиох нь нэн ховор байдаг бололтой. Ер нь орос, англи, герман мэтийн хэлтэй жишихэд монгол хэл маань шинэ үг зохиох боломжийн хувьд нилээд хөшүүн юм шиг санагддаг нь миний мэтийн хүний уран сэтгэмж дутсаных болов уу даа.

Өнгөрсөн зууны наяад оны сүүл хирд өөрчлөлт шинэчлэлтийг дагалдан монгол хэлэнд олон шинэ гадаад үг орж ирсний сацуу шинэ үг цөөнгүй үүссэнийг тэмдэглэлтэй. Жишээ нь анекдот (францаар anecdote) гэдгийг онигоо гэсэн нь цоо шинэ үг гэж болмоор. Энэ үг оньсого гэдэгтэй ойролцоо дуудлагатай болсных юм уу, хэлний эргэлтэд амархан орж, одоо нэгэнт хэвшжээ. Тест (test) гэдгийг сонин хэвлэлд сонжоо гэж оноон орчуулах болжээ. Гагцхүү үүний оносон эсэх нь эргэлзээтэй байна. Энэ үгийн эх авсан сонжих гэдэг үгийг ЯЦТ-д голох, тэнсэж шүүмжлэх гэж тайлсан байна. Сонжих гэдэг үгийг хүний янзыг үзэх, өөлөх шоолох гэсэн утгаар хэрэглэсэн ч байдаг. Тэгэхлээр сонжоо гэдэг доогуур өнгө аястай үг болж таарлаа. Тест-ийг би тэнсэх-ээс үүсгэн тэнсээ гэж оноовол зүгээр юм уу гэж боддог. Тэнсэх гэдгийг ЯЦТ-д үзвэл: 1. Юмны үнэн ташаа, сайн муу зэргийг сорьж сунган үзэх 2. Үйл хэргийг хянан турших гэж тайлсан байна.

Ийм болохоор тэнсээ гэвэл тест-ийн уг утгад илүү дүйх мэт. Иймэрхүүхянаж үзүүштэй юм сонин хэвлэлд ихбайдгийн алийг тэр гэх билээ.

Би өөрөө шинэ үг зохиох гэж өчүүхэн чадлын хирээр оролдож байдгийн заримыг энд өгүүлье. Барагцаалбал мөн тэр үед сонин хэвлэлд стриптиз (striptease) гэдэг үг олон гарах болсон юм даг. Жеймс Х.Чейзийн "Эм хүн яахаас ч буцахгүй" романыг орчуулж байхдаа би энэ үгтэй анх тулгарсан шиг санана. Энэ үг ер нь Чейзийн зохиолд олон гардаг. Нэгэнт манай хэвлэлд хэвээр нь хуулбарлан хэрэглэж байсан учир би мөн дагалдаж болох байсан. Гэвч орчуулмаар санагдаад хувцас тайчих үзүүлбэр гэж оноосон нь баахан нуршуу боловч утгыг зөв гаргасан шиг. Түүнээс хойш сонин хэвлэлд тайчих үзүүлбэр гэж бичих болсныг зүйтэй гэж бодно. Тайчих гэхлээр юу тайчих нь аяндаа тодорхой учир хувцас гэдэг нь илүүц байж. Тайчих үзүүлбэр гэдэг шинэ үг биш боловч олны өмнө хамаг хувцсаа тайчин чармай нүцэглэж тоглодог, Монголд урьд өмнө байгаагүй үзэгдлийг оноож нэрлэсний нь хувьд шинэ үг гэж болох мэт. Харин сүүлийн үед тайчих урлаг гэх болсон нь хаашаа байдаг юм бэ? Энэ янзаараа бол тайчих урлагийн гавьяат зүтгэлтэн төрөх цаг асар холгүй болсон шиг.

Жеймс Х.Чейзийн зохиолд бас кастет гэдэг үг олон гардаг. Францаар casse-tete гэдэг нь үгчилбэл тархийг хага цохих гэсэн үг аж. Энэ нь танхай балмад этгээдийн хэрэглэдэг зодооны хэрэгсэл бөгөөд гартаа бээлий мэт угладаг, гадуураа төмөр өргөс, булцруу бүхий нэгэн зүйл хүйтэн зэвсэг юм. Үүнийг хэвээр нь хуулж аваад тайлбар зүүж болох байсан боловч бас л оноож орчуулах дур хүрээд нудруул гэсэн нь нудрах, нудрага гэдэгтэй үндэс нэг болохоор юу хэлж байгаа нь ойлгомжтой болсон гэж бодож байна.

Дэвид Зелыдерийн "Муу ёр" романыг орчуулж байхад уг романы нэг гол баатар, гэрэл зурагчин Жениферийн үйл ажилтай уялдан вспышка гэдэг үг олон гарсан юм. Энэ нь зургийн аппаратын замагтай зэрэг цагжин гялсхийдэг чийдэнг хэлж буй. НТТ-д байхгүй. Би зориуд хэрэг болгон Сүхбаатарын талбайд байдаг гэрэл зурагчид дээр очиж асуухад олонхи нь гэрэл гэдэг гэж хариулсан. Тэд өөр хоорондоо ингэж хэлээд юу хэлж байгааг ойлголцдог бололтой юм билээ. Энэ нь арай ерөнхий үг шиг, утгыг нарийвчилмаар санагдаад хусуур, утгуур гэх мэтийн үгийн үлгэрээр гялсгуур гэдэг үг өөрөө зохиож хэрэглэсэн. Энэ нь чухамдаа буруу үүсгэсэн үг л дээ. Дээрх үгсийн үлгэрээр зөв үүсгэх юм бол гялсхийгүүр 6aiix ёстой. Гэвч гялсгуур гэдэг нь нэгд хэлэхэд амар, богино, хоёрт гялсхийдэг юм гэж хүн ойлгохоор болсон гэж мунхаглана.

Дей Кийний "Хачин гэрч" романд чревовещание, чревовешатель гэдэг үт уг зохиолын эхнээс эцсийг хүртэл тууш гарсан байгаа. Энэ хоёр үгийг ОМТ-д уруулаа хөдөлгөлгүй дуугарах, уруулаа хөдөлгөлгүй яригч гэж тайлсан нь чухамдаа яг оноосон нэр биш, тайлбар орчуулга юм. Чревовешание гэдэг нь чрево, вещание гэдэг хоёр үгээс бүтсэн нийлмэл үт бөгөөд ОМТ-д тайлснаар үүний чрево нь хэвэл, вещание нь нэвтрүүлэг, дамжуулга гэсэн үг юм. Ер нь уруул амаа хөдөлгөлгүй ярьж чаддаг, тийм болохоор дуу авиа нь хэвлийн хөндийгөөс гарч байгаа юм шиг санагддаг онцгой авьяастай хүнийг чревовещатель, тийм авьяас чадварыг нь чревовещание гэдэг байна. Ийм онцгой авьяастай хүн байдаг нь эрт дээр үеэс мэдэгдсэн хэрэг. Дурьдсан зохиолын баатар нь ийм авьяастайн дээр жүжигчний их авьяастай хүн юм. Энэ үгтэй яг утга дүйх монгол үг байдаггүй бололтой. Би ОМТ-д байгаа орчуулгыг их төлөв хэвээр нь авч хэрэглэсэн. Гэтэл зарим газар яг оноож орчуулах шаардлага гарч байв. Жишээ нь:

-Я же за тобой наблюдал. Ты даже не шевельнул губами. -А разве чревовещатель обязан шевелънутъ губами?
гэж байгаа.

Энэ хоёрдахь өгүүлбэрийг ОМТ-ийн дагуу орчуулах гэвэл:
-
Уруулаа х
өдөлгөлгүй яригч уруулаа хөдөлгөх ёстой юм уу? гэсэн хачин юм болох байв. Тэгээд би далдын хэлтэй хүн гэдэг шинэ үг зохиож:

- Далдын хэлтэй хүн уруул амаа хөдөлгөх албатай юм уу?
гэж орчуулаад цаашид энэ
үгээ болох зохихын хирээр хэрэглэсэн. Өөрийн санаа өөртөө зөв гэж болж л байх шиг санагдсан даа.

Эрдэмтэн орчуулагч Ч.Догсүрэнд чоно, нохой хоёрын дундаас гарсан амьтны нэр олох хэрэг гарсан аж. Ийм амьтны монгол нэр байдаггүй бололтой. Тэгээд Догсүрэн өөрөө чонохой гэдэг нэр зохиосон байна. Эрдэмтэн Догсүрэнгийн өөрөө надад тайлбарласнаар үүнийг галлология буюу авиа давхцуулах арга гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл чоно гэдэг үгийн төгсгөлийн но, нохой гэдэг үгайн эхний но-г давхцуулан чонохой гэдэг шинэ үг зохиосон нь чоно, нохой хоёрын эрлийз амьтны нэр болсноор үл барам чоно, нохой гэдэг хоёр үгийн эрлийз болсноороо маш сонин байна. Үүнийг шинэ үг зохиохын гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ. Ёстой гайхамшиг!

Ч.Догсүрэнгийн орчуулсан Казан, чонохойн тухай туужийн орчуулгын (редакгор Г.Аким) хэл найруулга нь тансаг гэхээр эвлэг аятайхан болсон учир уншихад суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг таатай сайхан байдгийг энэ ялдар дурьдан тэмдэглэлтэй.

(Энэ өгүүллийг нэгэнт бичиж дууссан хойно эрдэмтэн орчуулагч Х.Лхамдоржийн "Хүнгүй голын чимээ" номыг үзэж байхад чоно, нохойн эрлийзийг улингар гэдэг тухай өгүүлсэн байв. Энэ нь монгол орны бусад нутагт дэлгэрээгүй, тухайн нутгийнхны явцуу хүрээнд хэрэглэдэг үг байж болох юм. Улингар гэдэг үгийг ЯЦТ-д зөөлөн хөрстэй, өвс ногоо сахлаг ургах газар гэж огт өөр утгаар тайлбарласан байна. Нэгэнт ийм болохоор Ч.Догсүрэнгийн зохиосон чонохой гэдэг үгийн тухай миний дүгнэлт хүчинтэй хэвээр гэж бодно.)

4 comments:

  1. Yag ene blogiig hutlugch tani zohioson ug bdaguu
    Humuus ih mundag yumaa er n

    ReplyDelete
  2. Uuriin jisheeg sonirhuulaach kk

    ReplyDelete
  3. Орчуулга хийх үед шинэ үг зохиох хэрэг гардаг нь үнэн.
    Дээрх бичвэрт гарсантай адил нэг жишээг хэлье.
    Солонгос сониноос би 라이거 гэж үг уншиж байсан. Энэ нь арслан бар хоёрын эрлийзийг хэлж байгаа бөгөөд англи хэлний lion+tiger гэсэн үгийг нийлүүлж бүтээсэн байсан.
    Энийг би барслан гэж болох юм уу гэж бодоод өнгөрсөн дөө. бар гэдгийг бүтнээр хэрэглээд, арслан гэдгийн сүүлийн хэсгийн оруулахад бар арслангийн эрлийз гэсэн шинэ үг үүсч байгаа биз?
    Чонохой гэдэгтэй адил загвараас үүсгэсэн үг.

    ReplyDelete
  4. Өөр нэг жишээ гэвэл солонгост метроны буудал дээр хүмүүсийг амиа хорлохоос болон дуу шуугианыг багасгах зорилгоор 스크린도어 screen door гэж юм суурилуулаад хэдэн жил болж байгаа.
    Монголд метрогүй учир монголчуудын хувьд энэ шинэ ойлголтыг яаж илэрхийлэх вэ гэж бодох хэрэг гарна.
    Миний бодлоор дээрх үгийг мөн л үүссэн байдлаар нь дуурайлгаж "дэлгэц хаалга" гэж болохоос гадна "зурвас хаалт" гэж нэрлэж болохоор санагддаг.
    Солонгосын метрог судлах юмуу танилцуулах, эсвэл монголд метротой болохоор бол энэ мэтээр шинэ үг зохиох хэрэг гарах л байх.
    Аль үгээр нь яаж тогтохыг цаг үе л харуулна даа.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...