Даяар Монголоос
------------
2010 оны 9-р сарын 07, Мягмар гариг, 20:00
М. Саруул-Эрдэнэ (АНУ дахь Монгол Соёлын Төв)
Хүүхэд залуусын хэлний боловсролд нөлөөлөх олон зүйл байгаагийн дотор тэдний шимтэн үздэг нэвтрүүлэг, кино, сонсдог дуу, уншдаг хэвлэл зэрэг нь хамгийн чухал суурьтай. Ялангуяа киноны үг хэллэг гэдэг нийгэм дотор нэн хурдан тархаж, заримдаа бүр хүн бүрийн хэрэглэдэг зүйр сэцэн үг мэт болох нь ч бий. Энэ талаар миний бие “Цогт тайж үхэвч Монгол улс мөнх буюу Киноны хэллэг Монгол соёлын нэг хэсэг болох нь” гэсэн өгүүлэл бичиж байсан билээ. (Доорх линкээр орж тэрхүү өгүүллийг сонирхож болно)
(http://www.mongolcc.org/index.php?option=com_content&task=view&id=57&Itemid=2)
Орчин үеийн соёлын нэгээхэн хэсэг болсон энэ кино гээчийн, тодорхой хэлбэл гадаад киноны үг хэллэгийг харин манайхан хэрхэн орчуулж байна вэ гэдэг өөр асуудал болоод байна.
Холливүүдийн кино Америктаа нээлтээ хийж амжаагүй байхад манайд зурагтаар гарч байдгийг сайхан шуурхай юм даа гэж нэг талаар магтмаар ч, буруу замаар орж ирж байгааг нь сайшаах аргагүй.
Оюуны өмч гэх мэтчилэн гэж яриад эхлэхээр андууд маань “Үгүй хө, чи чинь Монголд байж үзээгүй бил үү? Чи бид хэд анх Ван Дамм, Жеки Чаны кинонуудыг коопий райт-тай үздэг байл уу? гээд ам таглана.
Уг нь би киноны хулгайн тухай ярих гээгүй юм аа, харин тэгж хурдан гаргахын тулд түргэн түүхий орчуулга хийж, угаас хэцүүдээд байгаа олон нийтийн хэлний боловсрол гээчийг улам бүр дордуулаад байгааг л өгүүлэх гэсэн хэрэг.
Өнгөрсөн жил Монгол улстаа ажиллах хугацаандаа үзсэн киноныхоо зарим алдаатай орчуулгаас та бүхэнтэй хуваалцъя. Суваг сольж байгаад таарсан кинонууд болохоор нэрийг нь мэдэхгүй юм, уучлаарай.
Чарли Шиний нэг кино байна. Орос хэлнээс орчуулжээ. Машин дотор Чарли Шин нэг хүүхэн суулгачхаад л цагдаагаас зугтаагаад байх юм. Нисдэг тэрэгтэй нөхөд зэрэгцэж ирээд тэр хүүхнээс “Хэрвээ чи зүгээр байгаа бол ТОМ ХУРУУгаа үзүүл дээ” гэх аж. Орсоор бол “Большой палец” гэдэг нь эрхий хуруу л даа.
Мафийн босс бололтой нөхөр нэг хүдэр эрээс чухал даалгавар гүйцэтгэж чадах эсэхийг нь асууж байна. Мань эр “Piece of cake” хэмээн хариулна. Манайхан орчуулсан нь “Боорцогны хэлтэрхий”. “Юмыг заавал сайн талаас нь давхар харж байгаарай” гэж миний нэг сайн нөхөр хэлдэг юм. Сайн талаас нь харвал Cake гэснийг “торт” гэсэнгүй, “бялуу” ч гэсэнгүй, маш сайхан монгол ахуйн үг хэрэглэж “боорцог” хэмээснийг нь сайшаая. Хачирхалтай нь миний сонссон яг энэ жишээг нэг блог дээр бас бичсэн байсан, адил кино юу гэсэн үгүй бололтой. Тэгэхээр бараг албан орчуулга нь болж тогтож байгаа юм биш биз.
Нэг кинон дээр бүрэнхий өрөөнд хөнжил дотор л нэг юм болоод байх юм аа. Юу болоод байгааг нь сайн ойлгосонгүй. Бодвол хоёр хүн л байгаа бололтой, тэгсэн нэг нь англиар I am coming, I am coming гэх юм, наана нь монголоор “Би ирж байна. Би ирж байна”. Хөнжил дотор хаанаас хаашаа ирж яваа хүн байсан юм бол доо? Андынхаа үгийг дагаад сайн талаас нь харъя гэвэл to be Verb + ing гэсэн хэлбэрийн үйл үгийн цагийг маш сайн ухаарч, монгол хэлний одоо үргэлжилж байгаа цагаар “Үйл үг + ж байна” гэснийг л англи хэлнийхээ хичээлийн VERB TENSE гэсэн бүлгийг мундаг давтсан орчуулагч байна хэмээн магтах юм даа.
Одоо бүр нэлээд ноцтой, инээдтэй гэхээсээ илүү уур хүрмээр нэг алдааг хэлье. Баахан Оскар хүртсэн “Slumdog Millionaire” гээд кино байдаг даа. Киноны туршид гурван найз шадар гурван цэргээр өөрсдийгөө төлөөлүүлээд л гүйгээд байдаг. Гол дүр өөрийгөө Атос, дүүгээ Портос гэчхээд харин Латика охиныг болохоор Арамис гэлгүй, “Гуравдахь шадар цэрэг” гээд л. Тэгсэн киноны төгсгөлд яг сая долларын асуулт болоход “Шадар гурван цэрэг”-ийн Атос, Портос хоёрыг дурдаад “Гурав дахь хэн бэ?” гэж асуудаг нь нэг талаас сонгодог зохиолтой холбогдоод, нөгөө талаас Латикаг нь ч асууж байгаа мэт, үнэхээр сонирхолтой зангилаа билээ. Тэгсэн, манай монгол орчуулгаар нөгөө асуулт нь юу гэж байна гээч:
“Гурван шумуул” зохиолын гуравдахь шумуулын нэрийг хэлнэ үү? Юун шумуул билээ? гээд эхлээд ихэд гайхсан, бодоод байхад Musketeer гэсэн үгийг Mosquito –той андуурсан бололтой.
Энэ мэтчилэн алдаа өдөр тутам гардаг, тэр ч бүү хэл киноны орчуулгын алдаа түүж, шоглон хэлэлцдэг форум, блог хүртэл байдаг юм байна. Тийм нэгэн форумаас авсан жишээнээс энд сонирхуулъя, яг өөрөө сонсоогүй учраас зарим нь онигоо ч байж мэдэх юм шүү, өөрөөр хэлбэл иш татах болбол анхааралтай хандаарай гэсэн үг.
“Монгол хэл рүү орчуулах явцад оршуулагдсан кинонууд” гэсэн хэлэлцүүлэгт (http://biznetwork.mn/network/topic/show/7864/page/1) байгаа жишээнээс:
Oh God, shit – Өө Бурхан багшийн ялгадас
What is up, boy? – Юу чинь босчихоов, хүү минь?
How do you do? – Чи яаж хийдэг вэ?
You look hot – Чи халуураад байгаа юм биш үү?
Are you serious? – Та ноён Сириус мөн үү?
There is traffic jam – Зам дээр чанамал асгачхаж.
Бас сүлжээгээр ирсэн нэг цахим шууданд доорх жишээнүдийг дурдсан байлаа:
All right – Бүгдээрээ баруун тийшээ!
You are my sunshine. – Нарангэрэл ээ, чи минийх шүү.
Come on, baby? (Хайртай бүсгүйгээ дуудаж байна) – Нааш ир, бацаан аа.
Break time – Эвдэрхий цаг.
Энэ мэтээр жишээ түүвэл ч нэг бүтэн ном болох байх. Гол нь ингэж түүгээд л , элэглээд, дооглоод, орчуулагчийн мулгууг гайхаад өнгөрөөд байх биш, яавал байдал дээрдэх вэ гэдгийг л гол нь хэлэлцэх, ярилцах ёстой мэт санагдах юм.
Ихэнх уншигчийн дүгнэж байгаагаар киноны орчуулга ингэтлээ дорд орсон нь орчуулагч нарын чанар ерөнхийдөө муудсан, залуучууд монгол хэлэндээ тааруу болсноос шалтгаалсан гэх. Би харин арай өөр шалтгаан байгаа гэж бодоод байгаа юм.
Ер нь аль ч улсад дөнгөж хэл сурч эхэлж байгаа, гадаад байтугай дотоод хэлнийхээ боловсролоор тааруухан улс сая саяараа байгаа шүү дээ. Ганцхан ялгаа нь гэвэл тэр улсад тийм хүнээр кино орчуулуулдаггүйд л байгаа юм. Түүнээс биш манайд мундаг орчуулагч нар маш олон байгаа, Гомбосүрэн, Аким, Мэргэн гээд заавал томчуудыг ч дурдах хэрэггүй, сайн залуучууд л гэхэд захаас аваад олон бий.
Орчуулагч нар муудсан гэж харагдаад байгаагийн цаад учир нь тэгэхээр ТВ, театрууд тэр жинхэнэ орчуулагч нараа биш, тааруухан хүн хөлслөөд байгаад л байна. Тааруухан хүнийг хямдхан хөлслөөд байгаагийн учир нь сайн орчуулагч нарыг өндөр цалингаар үнээр ажиллуулмааргүйд байгаа юм. Харамчдаа биш, зах зээлийнхээ хуулиар, угаасаа кино эфиртээ гаргаад хир ашиг олж байгаатай нь л, орчуулагчийнх нь харамж дүйж байгаа хэрэг. Кино тийм гаргахад ашиггүй бизнес болсны учир нь зах дээр угаасаа 1000 төгрөгөөр зарагдаад байж байдагт, гадаадаас үнэгүй орж ирдэгт, үнэгүй орж ирсэн юмыг хүмүүс ч үнэгүй үздэг, нэр муутай болсонд байна гэж бодож байна. Үнэгүй шахуу орж ирдгийн учир нь жинхэнэ эрхийг нь худалдаж авдаг биш, урд хойд хоёр “хулгайч” хөршөөсөө “хулхи” бичлэг хямд авдагт байна.
За тэгэхээр, энэхүү өгүүллээр миний гол хэлэх гэж байгаа санаа бол хүүхэд залуусын хэл ярианы соёлд санаа зовж л байгаа бол киноны орчуулгыг сайжруул. Киноны орчуулгыг сайжруулъя гэвэл сайн орчуулагч нарт хангалттай хөлс өгч орчуулуулж бай. Тэр зарсан мөнгөө буцааж олъё гэвэл кино гээчийг үзэхэд үнэтэй, нэр хүндтэй зүйл чигээр нь байлга. Киноны завсраар хамгийн үнэтэй, том сурталчилгаа явдаг болно. Киноны нэр хүндийг тийм болтол нь өргөхийг хүсвэл бүх ТВ-ээр хууль бус бичлэг бүхий кино гаргахыг хоригло.
Ингэхээр миний өмнө яриад байсан зохиогчийн эрхийн тухай асуудал бүх зүйлийн гол үндэс нь болох гээд байгаа юм л даа. Хууль дүрмээ жаахан янзлаад орхивол зах зээл өөрөө зохицуулаад өгнө. Муу орчуулгатай кино гаргадаг ТВ-г үзэхгүй, тэгэхээр компаниуд рекламаа өгөхгүй, харин сайн киногоор бизнем хийхийн тулд сайн орчуулагч нарыг булаацалдах болно.
Түүнээс биш, хэл сурч эхэлж байгаа оюутнууд дэлхийн аль улсад олноороо бий. Оюутнуудын орчуулгыг дооглож инээх зугаатай боловч асуудлыг шийдэх арга бол биш билээ. Тэгсэн мөртлөө яагаад та өөрөө ийм жишээ авч, шоолно вэ гэж үү?
Иймэрхүү дэндүү гэмээр жишээ хүмүүсийн анхаарлыг их татдаг юм аа. Тэгээд юмаа уншуулж байж, дараа нь гол санаагаа хүргэх хэрэгтэй байдаг юм.
Александр Дюмагийн “Шадар гурван шумуул” зохиол, оюуны өмчтэй холбоотой байгаа биз?
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Санал нийлж байна. Киноны орчуулгын хөлс дэндүү бага юм байна лээ. Зарим нөхөд бүхэл бүтэн уран сайхны киног 10 мянгаар, зарим телевизийн орчуулагч 40-50 мянгаар хийдэг юм билээ. Энэ бол арай дэндэнэ ээ.
ReplyDelete