http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=165807
Манай Монголын нэрд гарсан орчуулагчдын нэг Д.Чойжил гуайн "Орчуулагчийн жаргал, зовлон" хэмээх номыг орчуулга сонирхдог залуустаа хэрэг болуужин хэмээн орууллаа.
Д.Чойжил
ОРЧУУЛАГЧИЙН ЖАРГАЛ, ЗОВЛОН
1. ҮГИЙН ЭРЭЛД ХАТАХУЙ
Тийнхүү гэнэт нэгэн хуучин монгол үгс гарч ирээд түүний утга санааг мэдэхгүйд хүрвээс одоо хороо хүрээний хөгшин зэмдэг өвгөд эмгэдийг эрж, энэ нэг хар үг хуучин монгол үгсийг асууж айл тойруулахад хүргэнэ.
Инжаннаши (Хөх судар)
Монгол Улсын Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч, орчуулагч Ш.Гаадамба нэгэнтээ муу орчуулгыг уншихад баруун аймгийн дөрвөн мөөртэй үхэр тэргээр явж байгаа юм шиг эв хавгүй байдаг гэж өгүүлжээ. Энэ зүйрлэлээс уламжлан сайн орчуулгыг уншихад суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг байдаг болов уу гэж бодмоор. Уншигч авгайд тийнхүү "суудлын машинаар шунгинуулж яваа юм шиг" сэтгэгдэл төрүүлэхийн тулд орчуулагч хичнээн их хүч хөдөлмөр зарцуулдагийг тэр бүр анзаарахгүй өнгөрдөгбайна.
Орчуулга хэмээгч амаргүй ажил гэдтийг хэн болгон тэр бүр сайн мэдэхгүй. Түүгээр үл барам орчуулга бол гадаад хэл мэдддэг хэн ч гэсэн барьж аваад rap хурууны үзүүрээр хийчихэж болох ажил гэж эндүүрэх нь буй.
Орчуулга юунаас эхлэх вэ? Миний бодоход үгээс буюу нарийн хэлбэл үг оноохоос эхэлнэ. Үг болгоныг зөв оноогоод байвал сайн орчуулга болчихдог хэрэг биш л дээ. Гэсэн ч үгийн оноолтоос орчуулгын чанар үлэмжхэн шалтгаална. Бид орос хэлнээс монгол хэлэнд орчуулахад үгийг хэрхэн оноох тухай зарим жишээгээр үзүүлэхийг хичээе.
Ж.Бямбадорж бид хоёр оросын тагнуулч Виктор Суворовын "Аквариум" гэдэг зохиолыг хамтран орчуулсан юм. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсад тагнуулчдыг хэрхэн бэлтгэдэг нууцыг дэлгэсэн сонин сайхан ном байж билээ. Энэ номыг Титм компани орчуулуулсан гэсэн. Албан хэрэгцээнд зориулсан юм уу, хаашаа юм бэ, хэвлэгдэн гарсныг нь санахгүй байна. Ямар ч гэсэн би барааг нь олж хараагүй яваа.
Энэ номд (орос эхийн 61 -р хуудас) нэн бага өндрөөс шүхрээр бууж буй диверсантуудын тухай өгүүлсэн нь:
Каждый из них пригает, прижимая контейнер к груди, и бросает его вниз после раскрытия парашюта гэж буй.
Эндээс бид контейнер гэдэг үгийг авч үзье. ЦДамдинсүрэн гуайн Орос монгол тольд (цаашид ОМТ гэе) чингэлэг гэж тайлжээ. Чингэлэг гэдэг үгийг Я.Цэвэл авгайн Монгол хэлний тайлбар тольд (цаашид ЯЦТ гэе) Гэрийн гадаа тавьж юм хум агуулахаар хийсэн томоохон авдар гэж тайлсан байв. Дээр иш татсан хэсгийг цааш үргэлжлүүлэн үзвэл:
...Контейнер летит вместе с парашютистом, но на пятънадцатъ метров ниже его. Контейнер ударяется о кемлю первым, после чего парашютист становится как бы легче, и впоследние доли секунды падения его скорость несколько падает гэжээ.
Дээрхийг шүхэрчин чингэлэг (эсвэл хүнд том авдар) тэврээд үсэрдэг гэж орчуулахад хаашаа вэ. Нэгэнт толийн оноолт тохирохгүй байгаагаас хойш тохирох үгийн эрэлд морддог хэрэг ээ. Годил гэдэг үг санаанд ороод ЯЦТ-д үзвэл дөрвөн өөр утгатай юм байна. Үунээс II 2. Жин дэнсний туухай гэсэн нь контейнер гэдэг үгийг энд хэрэглэсэн утгатай дүйж байна гэж үзээд туухай гэж орчуулсан болно. Яах вэ, нэг их хол явалгүй хэрэгтэй үгээн оллоо.
Тэгсэн чинь уг номын өөр нэг газар энэ үг маань дахиад гарч байна:
О, одна группа много может сделать против узла связи, пригревшегося в теплых контейнерах, против очкастых ожиревших связистов...
Үүнийг бол чингэлэг гэхэд болмоор санагдсан. Ер нь контейнер гэдэг үг зохиогчийн дуртай, хайртай үг юм уу даа, энэ номд хэд хэдзн утгаар олон удаа гарч байна. Жишээ нь мөн номын 117-р хуудсанд:
Маневровые тепловозы формируют составы. На Дальный Восток с пушками. Вот какие-то контейнеры... гэж байгаа.
Энэ бол ёстой ямар ч эргэлзээгүй чингэлэг мөн бизээ. За ингээд энэ нэг үгийн учир тодорхой болов уу? Үгүй шүү, энэ үг ямар ч гэсэн энэ номд орчуулагчийн үйлийг үзэж дуусах болоогүй бололтой. Номын 126-р хуудсанд:
Тут стоит огромный МАЗ с оранжевым контейнером. Наше место внутри. А там – как в хорошем самолете: ковры нa кресло удобные. Только окон нет... гэж байх юм.
Энэ нь тагнуулын сургуулийн сонсогчдыг нааш цааш зөөдөг ачааны машиныг хэлж буй. Хүнийг чингэлгээр зөөдөг гэхэд эвгүй мэт. Мухлаг гэмээр санагдана. Гэтэл цонхгүй юм. Үүнээс гадна зохиогч нь бин битүү сав гэдгийг онцлон харуулах гэсэн бололтой тул чингэлэг гэж орчуулсан.
Бас тагнуулын нууц мэдээ, гэрэл зургийн хальс тэргүүтнийг дотор нь хийж, урьдаас болзож тохирсон газар тавьдаг савыг мөн контейнер гэнэ. Үүнийг чингэлэг гэхэд даанч тохиромжгүй жижиг төмөр бортого, хуванцар хайрцаг мэт юм байдаг. В.Суворовын номд энэ үгийг нилээд хэдэн газар ийм утгаар нь хэрэглэсэн байгаа. Тухайн байдалд тохируулан хуурцаг гэх мэтээр орчуулсан.
Жеймс Х.Чейзийн "Үхсэн хүн үг хэлдэггүй" номыг орчуулж байхад зубило гэж үг дайралдав. ОМТ-д цавчуур гэжээ. Энэ нь хам эхэд арай таарахгүй, цүүцэрхүү юм байгаа бололтой. Цүүц гэдэг үгийг А.Лувсандэндэвийн Монгол-орос тольд (цаашид MOT гэе) долото, стамеска гэжээ. Стамеска-г ОМТ-д хасуур гэсэн байлаа. Энэ нь нэр томьёоны толийн (цаашид НТТ гэе) 1 -р ботид зубило-г тайлсантай тохирч байгаа учир үүгээр орчуулсан.
Жоан Коллинзийн "Дурлал, тачаал, жигшил" номыг орчуулж байхад осьминог гэдэг үг дайралдав. Надад байгаа А. П.Евгеньевийн ерөнхийлөн редакторласан Словарь русского языка-д (цаашид СРЯ гэе) толгой хөлт нялцгай биетний багийн амьтан гэж тайлбарлажээ. ОМТ-д нядмар, НТТ-ийн 2-р ботид нюмар гэсэн байв. Энэ хоёр үг ЯЦТ-д алга. Би нядмар гэдгээр нь авсан.
Р.С.Пратерын "Алга болсон бүсгүин хэрэг" номд:
-Вы немогли не слышать о моих филантропиях гэж байсан.
Филантропия-r ОМТ-д нигүүлсэл, ивээл, энэрэл, тэтгэл, өршөөл тусламж гэсэн байна. Энэ үгсийн аль нь ч тухайн хам эхэд дүйх нь тааруухан байсан учир би:
-Та нар миний өглөг буяны уйлсийн тухай эрхбиш сонссон баймаар
гэж орчуулсан.
Энэ өглөг буян гэсэн үг хам эхдээ тун аятайхан зохиж буй. Түүнээс гадна не могли не слышать гэсэн давхар үгүйсгэлийг эрхбиш сонссон баймаар гэж баталснаар буюу эсрэгээр орчуулсан юм. Би энэ аргыг нилээд хэрэглэдэг.
Орчуулах ажлын явцад энэ мэтээр үгийн эрэлд хатахын алийг тэр гэх билээ. Би заримдаа тохирох үг олох гэж цөхрөөд хааяа нэг буудах арга хэрэглэдэг. Энд ганц хоёр жишээ хэлье.
Мөнөөхөн Р.С.Пратерын "Дээрэмчдийн холион" номд:
Три ударных, один язычковый, один медныи духовой
гэсэн өгүүлбэр тааралдав.
Энд хөгжмийн зэмсгийн тухай өгүүлж буй. Намайг Москвагийн радиод ажиллаж байхад хөгжмийн нэвтруүлгийн эх бичгийг дандаа надад өгч орчуулуулдаг байж билээ. Хажууд орос, монгол тав, зургаан орчуулагч байсаар атал таг дүлий надад хөгжмийн нэвтрүүлгийн эхийг өгдөг байсан нь хачирхмаар. Би нэгэн удаа ийнхүү гайхаж байгаагаа хөгжмийн нэвтрүүлгийн эрхлэгчид хэлсэнд таны орчуулга хамгийн аятайхан болдог энэ тэр гэх шиг тоглоомын үгээр дүйвүүлээд өнгөрсөн. Тийнхүү би дээр нэрлэсэн хэдэн хөгжмөөс гадна струнный. смычковый, щипковый гэх мэтийн хөгжмийн зэмсэг байдгийг мэдэх болсон юм. Харин язычковый инструмент гэж дайралдаж байсныг санахгүй юм. Өөрт байгаа хэдэн толийг шүүрдэж үзэхэд энэ үг алга. Хөгжмийн мэргэжлийн зарим хүнээс асуугаад мэдэхгүй байв. Язычковый гэдэг нь язык буюу хэл гэсэн үгнээс үүссэнийг бодоод гармоонь, баян хуур. аккордеон зэрэг хөгжмийн дотор өргөс гэх үү, нэг тийм нимгэхэн хавтгай төмөр байдаг, тэр нь хөөрөгдөн үлээхэд хэлбэлзэж дуугардаг, түүний нь хөг алдагдах юм уу дуугарахгүй болбол хөгжим хэлгүй болох гэж ярьдаг шиг санаж байна. Тэгээд энэ төрлийн хөгжмийг язычковый гэдэг юм болов уу гэж таамаглаад Словарь современного русского литературного языка-гийн 17-р ботиос язычковый гэдэг үгийг үзвэл утгыг тайлбарлаад язычковые музыкальные инструменты гэсэн жишээ авчээ. Даанч энэ нь ямар хөгжим байдгийг хэлсэнгүй. Арга ядаад "Малая советская энциклопедия" (МСЭ)-гаас гармонь гэдэг үгийг үзвэл тайлбарт нь язычок гэдэг үг байж байна. Овоо шүү. Гэхдээ яг таарах үг олж чадаагүй учир баян хуур гээд явуулсан даа.
Росс Манкдональдын "Уичерлийн хэрэг" романд мамонтове дерево гэдэг үг дайралдав. Энэ модны нэр надад байгаа хэдэн тольд бас байдаггүй. Ном зохиол уншиж байхад заан мод гэдэг үг дайралдаж байсныг санаад ЯЦТ-иос заан гэдэг үгийг сөхөж үзвэл тайлбарт нь заан мод гэдэг үг байж байна. Үүгээр явуул сан. Харин энэ бол шулуухан "буудаж" байгаа хэрэг. Байг нь оноогүй ч банзанд нь туссан болов уу гэж найдаж суухаас өөр юмгүй. Гагцхүү ингэж буудах их осолтой. Тиймээс бүр арга тасарсан цагт хааяахан ингэж болох юм биз дээ.
Жованни Боккаччогийн "Декамерон"-ыг орчуулж байхад некромания гэдэг үгдайраддав. ОМТ, НТТ, СРЯ-д энэ үг байхгүй. МСЭ-д буй товч тайлбарыг үзэхэд утга нь миний багцаалж байсантай таарч байна. Уг нь монголоор яг утга дүйсэн үг байх ёстойдоо. Бас л нилээд хүнээс асуугаад мэдэх хүн олдсонгүй. Хар дом гэдэг үг санаанд орж байна. Арай таарахгүй юм шиг. Бодож бодож нууц тарнийн ухаан гэсэн. Нилээд ойртож очсон болов уу гэж найдна.
Мөн Декамерон-ны аравдахь өдрийн есдэх туурьд:
Потом он (Саладин) надел мессеру Торрелу на палец перстень, в который был вделан карбункул...
гэсэн байлаа.
Карбункул гэж хатиг гэсэн үг гэдгийг мэдэх юм. Бөгжинд арай хатиг шигтгэсэн баймааргүйяа? Юмыг яаж мэдэх вэ гэж эргэлзээ төрөөд ОМТ, нэр томьёоны хэдэн тольд үзэхэд хатиг, мундас гэж тайлжээ. Өөр утга алга. Мундас гэдэг нь ЯЦТ-д тайлснаар бөгс орчинд хэд хэдэн хатиг нэгэн хэсэг газар бөөгнөрөн гарах өвчин аж. Одоо болохоо байлаа.
Ингээд эрэл мухардах нь энэ. Эх авсан газраа эргэж очихоос.
СРЯ-д үзвэл карбункул гэж адил бичлэгтэй, адил дуудлагатай, өөр өөр утгатай хоёр үг байдгийн нэг нь красный гранат гэдэг эрдэнийн чулууны нэр юм байна. НТТ-ийн 2-р ботид нилээд олон янзын гранат байгаагийн нэг нь сайхь красный гранат буюу улаан анар аж. Ашгүй дээ. Ингээд дээрх өгүүлбэрийг:
Дараа нь мессер Торрелын хуруунд улаан анар шигшгээтэй бөгж зууж өгсөн...
гэж орчуулсан юм.
Ер нь орчуулагч нар үг эрж үйлээ үздэгийн хувьд зарим талаар зохиолчтой төсөөтэй юм уу гэмээр. Миний энэ бичсэнийг эрхэм зохиолч нар маань үзээд: "Энэ муу орчуулагч дээд тэнгэрээс заяат бидэнтэй зиндаархах гэдэг нь юу ч вэ" хэмээн зэвүүцэхгүй болов уу гэж найдна.
Өнгөрсөн зууны наяад оны сүүл хирд юмсан. Зөвлөлтийн "Прогресс" хэвлэлийн газрын захиалгаар академич Д.Лихачевын "Залуучуудад бичсэн захвдал"-ыг орчуулж байтал Умард нутгийн оросууд өөрсдийн суух байшинг барихдаа ургаа модыг үндсээр нь булгалж дам нуруу хийдэг байсан тухай өгүүлсэн хэсэг байв. Модны үндсийг морины цээжин бие болгож сийлдэг гэнэ. Тиймэрхүү үндэсний булцуу нь образует могучую грудь коня гэсэн байсан шиг санана. Үүнийг: Үндэсний булцуу нь морины хүчирхэг цээж болдог гээд орчуулахад болохгүй нь юу байх вэ. Гагцхүү энэ маань арай бүдүүн бараг юм шиг, орос эхийн дүрслэлийг гүйцэд буулгаж чадахгүй байх шиг санагдаад сэтгэл нэг л дундуур. Морины цээжний урд хэсгийг хэлдэг нэг үг байдгийг саналаа. Чухам юу гэдэгсэн билээ гэхээр санаанд орж өгдөггүй. Хүнээр бол хэнхдэг юм даа. Морины хэнхдэгийг юу гэдэгсэн билээ? Энүүхэн ойр, аман дээр эргэлдээд байх шиг мөртлөө санаанд орж ирдэггүй. Бүтэн өдөржин бодсон гэвэл худал болно. Ер нь хирэндээ нилээд удаан бодож, "энэ муу мангуу толгой" хэмээн тархиа шаагаад нэмэр болсонгүй. Маргааш нь хамт ажилладаг эрдэмтэн Лонжид дээр орж, Монгол хэл ний зүйл хуваасан толийн адуу малын биеийн зүйл хэсгээс омруу гэдэг үгийг олж, өөрийн эрхгүй инээд алдаж билээ. Тийнхүү:
Үндэсний булцуу нь морины хучирхэг омруу болдог
гэхэд дүрслэл нь орос эхтэйгээ их сайхан тохирч байх шиг санагдсан.
Энэ бас гайгүй. Заримдаа бүр шальгүй жаахан юман дээр будилж хөглөнө гээч. Өтлөж буйн, бүр зөнөж буйн шинж юм уудаа. Пол Бреггийн "Хоолоо татахын гайхамшиг" номыг орчуулж байтал грецкий орех гэдэг үг гараад ирлээ. Хушга гэж санаж байна. Тэгсэн хир нь бас жаахан эргэлзээд өөрт буй хэдэн толиос грецкий, орех хоёроор толгой хийж эрээд олсонгүй. Эцэст нь А.Лувсандэндэвийн Монгол-орос тольд (цаашид МОТ гэе) хушга гэдэг үгийг грецкий орех гэж тайлсныг үзэж сая нэг санаа амрав.
Үүнийг ийнхүү нуршин өгүүлсэн минь өөрийн будилж мунгинадгийг нэг их ид хав болгож гайхуулах гэсэн хэрэг биш, гагцхүү орчуулагч хүн эх зохиолд буй үгийн хам утгад дүйх үг олж оноохыг хичээж, уйгагүй оролдох хэрэгтэй юм шүү гэсэн санаа билээ.
Эцэст нь үгийн эрэлтэй уялдуулан Энэтхэгийн эртний их яруу найрагч Галидасын "Үүлэн зардас" найраглалын хэдэн монгол орчуулгаас би өөрийн сонирхож буй хэдэн мөрийг авч үзье. Б.Ринчен гуайн бичсэнээр:
Чухам монгол бичигт "Үулэн зардасыг "орчуулсан нь гэвэл бидний мэдэхэд XVIII зууны эхний хагасын суүл хавьд төвдөөс орчуулсан нэгэн орчуулгыг Жанжаа Хутагт Ролбийдорж, Бээжинд хэвлэсэн монгол улаан шунхан Данжуурын хоёр зуун хорин тавдугаар ботид оруулжээ. Тэр Данжуурт оруулсан орчуулгаас бас өөр эртний орчуулга ч байсан байж болзошгүи...
гэжээ.
Данжуурт орсон орчуулгыг үзвэл:
Манай эзэн зааны нойтон арьсыг дурласнаар хө, өмсч бужгийн туурвиныг больсон мэт. Чамайг ирэхийн урьд... ургамал нарны улаан гэрлээр улаан уснаас ургасныг барин үйлдээд...
гэсэн байх юм.
Эрдэнэпэл гавжтаны түвдээс хийсэн орчуулгыг үзвэл:
Малын эзэн зааны нойтон арьсыг дурласнаар өмсч бүжгийн зохиосныг булаасанчилан, чамаиг ирэхээс урьдын хэсэг үед ургамал нарны улаан гэрлээр уснаас ургасныг бариад...
гэжээ.
(Энд манай эзэн гэснийг малын эзэн гэж ташаарсан байж болзошгүй.) Сагараажавын хятадаас орчуулсныг үзвэл:
Бүжиглэн эхлэхэд Шива гараа өргөхөд ой шугуй мэт болно. Чингэхэд чи наран жаргах үеийн улбар шар туяагаа цагариг мэт болгоход их бурхан шинэхэн хуулсан зааны арьсыг авах гэж хэзэд хүсэхгүй... гэжээ.
Ринчен гуайн орчуулгыг үзвэл:
Шингэх нарны гэрэлд жава цэцэг мэт час улаан болоод
Шива тэнгэрийн ойн том мод мэт мутрыг ороогоод
Зааны нойтон шир барин бүжих хүслий нь хангахад
Завсраас хатан нь хөдлөхгүй нүдээр бишрэн харам за ............... гэжээ.
Би энэ дөрвөн орчуулгаас өөрийн явцуу сонирхолд хөтлөгдөн зөвхөн зааны арьс гэдэг үгийг авч үзэх гэсэн юм. Үүнд эхний хоёр орчуулгад зааны нойтон арьс, гуравдахь орчуулгад шинэхэн хуулсан зааны арьс гэсэн бол Ринчен гуай зааны нойтон шир гэжээ. Заан хэмээгч аварга биет амьтны арьс лав их зузаан байж таарах учир зааны арьсыг зааны шир гэсэн нь илүү зөв байна. Үүнээс уламжлан орчуулагч нар зааны шир гэдэг үгийг гурван зуу гаруй жил эрж байж олжээ гэж хэлж болмоор мэт санагдана. Иш татсан хэсгийн гар - мутар гэдэг үгийн тухайд мөн ингэж хэлж болох байх. Үүний дэргэд омруу-r нэг өдөр эрсэн минь юу ч биш байж. Миний энэ үг зарим хүнд шалихгүй жижиг зүйлийг хэтэрхий дэвэргэсэн мэт санагдаж болох боловч орчуулга хэмээгч чухамдаа дан ийм шалихгүй зүйлээс бүрддэг юм шиг санагдаад байдаг.
Ринчен гуай "Үүлэн зардас"-ыг орчуулахын тулд уг зохиолыг маш нарийн судалж, нэгэн биеийн зуун алжаалаар хийсэн нь мэдэгдэж байгаа бөгөөд уг орчуулга нь бусад орчуулгаас илүү дөхөм ойлгомжтой, уран яруу болсон байна. Энэ орчуулга судлах эзнээ хүлээж байгааг цухас ч атугай дурьдалтай.
Орчуулгад үг оноох нь маш чухлыг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Гэхдээ үг бүрийг зөв оноогоод байхаар сайхан орчуулга болчихдогсон бол орчуулга хэмээгч тийм чиг ядаж цөхөөд байхаар ажил биш байх байсан сан. Даанч тийм биш. Харин ч хэтэрхий үг үсэг хөөцөлдөөд байвал үгчилсэн буюу махчилсан орчуулга болж, Марк Твений минь махыг идэж дээ гэж Ринчен гуайн хэлсэнчилэн тухайн зохиолчийн махыг идэхэд хүрч болзошгүй. Түүгээр ул барам уран зохиолын, ялангуяа "яруу найргийг үгчлэн орчуулбал ядуу найраг болно" (Г.Амар. Орчуулах эрдэм. 1988 он, 192 дахьталд.) Тэр байтугай яруу найргийн орчуулгын үг хэллэг уг эхээсээ хичнээн холдох тусам төдий чинээн үнэн зөв, төдий чинээн яруу сайхан болдог нэг ийм жигтэй хачин мөртлөө бараг зүй тогтол гэмээр үзэгдлийг К.И .Чуковский "Эрхэм дээд эрдэм" (Высокое искусство) номдоо ажиглан тэмдэглэсэн байна. Саяын хэлснийг нотлох жишээ Б.Ринчен гуайн орчуулгад элбэг арвин бий.
Үргэлжлэл бий
No comments:
Post a Comment
Та санал сэтгэгдлээ бичнэ үү.