Хоёр. Хэлээр түрэмхийлэгчид хэн бэ?
Хорьдугаар зууны сүүлийн хагаст болон хорин нэгдүгээр зуунд Монгол ард улсын хилээр түрэмхийлэн довтлогчид гараагүй. Гэтэл монгол хэл рүү түрэмгийлэл болон бүр хүчирхийлэл (Language violence) үйлдэгчид гаднаас ч, дотроос ч удаа дараа гарч улам л олширсоор байна. Тэднээс хамгаалж, эх хэлээн цэвэр бөгөөд эрх төгөлдөр байлгахын тулд Судар бичгийн хүрээлэнг ардын хувьсгалын ялалтын дараахан байгуулсан. Тэр хүрээлэн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Улмаар хэл, зохиолын хүрээлэн, нэр томъёоны комисс байгуулсан.
Зууны төгсгөлөөр нэр томъёоны комиссыг үгүй болгосон. Шинэ зууны эхээр (2003) “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” УИХ батлан гаргасан. Түүний мөрөөр “Төрийн хэлний зөвлөл” байгуулсан. Хэдий тийм боловч Монгол улсын шинэ Үндсэн хуульд “монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн заалтыг их бага элдэв хэлбэрээр зөрчсөөр байгаад 2008 онд УИХ “2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох”, “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болгох” гэсэн заалттай баримт бичигийг батлан гаргаснаараа “монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж Үндсэн хуулийн заалтыг бүрэн зөрчсөн хууль гаргачихаад байгааг өмнөх цувралд дурдсанаа тодруулан өгүүлье. Ийнхүү монгол хэл төрийн албан ёсны хэл байхаа болихоор барахгүй англи хэлийг “бүх нийтийн” буюу ард түмний голлох хэл болохыг дээрээсээ зарлигдан тогтоож хэрэгжүүлэх ажлыг засгийн газрын үүрэг болгожээ гэж хоёрдмол утгагүй шууд л ойлгогдож байх юм. Үндсэн хуульдаа засвар оруулаагүй атлаа Үндсэн хуулийнхаа заалтын эсрэг утгатай зүйлийг хуульчлан гаргасан нь бас Үндсэн хуульдаа хүч түрэмхийлэн халдаж байгаа бололтой. Англи хэл чухал хэрэгцээтэй болж байгаа ч гэсэн “бүх нийтийн” голлох хэл, “төрийн ажилтнуудын албан ажлаа явуулах” хэл болтлоо том эрх дархтай байхыг монгол хэлээрээ хэдэн мянган жил ярьж бичсээр ирсэн өвөг дээдсийн үр сад өнөөгийн монголын ард түмнээс санал агуулгаар шийдмээр асуудал баймаар юм. Гэвч УИХ-д үе залгамжлан сууж буй түшмэдүүддээ “бүхнийг мэдэгчийн” эрх дарх олгогдсон гэж сонгогчид санал нэгтэй шийдээгүй нь тодорхой зүйл шүү дээ.
Ер нь монгол үндэстнийг бие даасан үндэстэн гэдгийг гэрчлэх гол зүйлийн нэг болох монгол хэлийг Английн колони байсан орнуудад үйлдсэн шиг хэлний хүчирхийлэлд монголчууд өөрснөө түлхэн оруулахад санаархаж байгаа хүмүүс бол энэчлэнгээр дур зоргоороо аашлагч түшмэдүүд болоод байгаа юм биш үү. Сүүлийн хориод жилийн байр байдлаас ажиглахад монгол хэлийг хамгийн их бантагнуулж харийн үгээр сүлж байгаа хүмүүс бол төр засгийн эрх барих итгэл ард түмнээсээ хүлээсэн түшмэдүүд юм. Тэдний боловсруулан баталсан хууль, эрх зүйн баримт бичгүүд, яриа, өгүүлэл, мэдэгдэх нь голдуу англи бас орос үгээр дүүрэн байх бөгөөд хууль эрхийн баримт бичгүүдийн тийм үгийг олон нийт давтан хэлж амьдрал, үйлдвэрлэл, санхүү, аж ахуйд хэрэглэхээс аргагүйд хүрдэг нь нэгэн ёсны хүчирхийлэлд автаж “хэлээ хазаж” байгаа хэрэг юм. Газрын баялагийг судлах, ашиглах болоход “лиценз” гэдэг үгээр наад захын түшмэл л хүмүүсийн амыг тагалчихана.
Барьцаагаар хэдэн төгрөг зээлж авах санаатай яваа малчныг “ипотек” эсвэл “моргейж” гээд л түшмэл бугай айлдаж гарна. Малчин өвгөн түүнийг нь ойлгохгүй. Нэлээд тайлбарласны дараа өвгөн малчин “аа, энэ чинь данж авах” гэсэн үг байжээ. Урд цагт луухаанууд тэгэж данж авдаг байсан юм. Тэгээд данжаад гэдэг байлаа. Тэгвэл одоо “моргээнжид” гэх болохнээ хэмээн хариу өгнө.
Хяналт шалгалтын бүх тогтолцоог нураасан одоо үед хажуугаас хөндлөнгийн шалгалт оруулахсан гэж аль нэг байгууллагын тухай иргэд ярихад “аудитад оч” гэж түшмэд хариулна. “Аавынд оч!” гэнэ үү хэмээн хүмүүс гайхна. Энэчлэнгээр манай шинэ үеийн түшмэдүүдийн дээрээс доош шиддэг болсон дуртай гадаад үгнүүдийг нь өмнөх өгүүлэлд заримыг дурдсан. Монгол хэл тэр мэтийн үгээр дутахгүй баян, ялангуяа мал аж ахуйн нэр томъёогоор дэлхийд тэргүүлэх үгийн баялагтай атал мал мэддэггүй, тахиа гахайнаас хэтрээгүй аж ахуйтай өрнөдийн орнуудын хэлнээс шууд “хуулга” (калька) авч хэрэглэдэг, бас хэрэглүүлэх гэдэг өнөө үеийн түшмэдүүд, нэгд, эххэлний хувьд хэлд бүрэн ормоор, хоёрт, хэлд мэргэшсэн хүмүүстэйгээ зөвлөж баймаар юмдаа. Гадаад оронд очоод нэг сонин юм үзэхээр шууд л хуулж авчраад нэвтрүүлж лут хүн болох гэдгээсээ болж учир начирыг нь бүрэн ухаараагүй зүйлээ өнгөц дуурайдаг түүнийгээ бусдад нялзаадаг түшмздүүд эх хэлээ байтугай монголынхоо сэтгэлгээг эвдэх аюултай юм.
Монгол хэлийг орос, англи канцеляризмаар (албан үгээр) хачирлан зэрэмдэглэдэг хүмүүсийн магнайд түшмэдүүд хэлний боловсрол доройн эрхээр дөвчигнөсөөр эцэстээ монгол хэлийг англиар солих санаархалд хүрч байх шиг…
Дээрхэн үед “саалийн механикжсан ферм” гэж гурван үгэнд ганц монгол үг орсон нэг тогтоолыг мөн л “хэлгий” түшмэд санаачлан батлуулсан шиг өнөө үед гурван үгийг нэг нь англи нөгөө нь орос гуравдахь нь арай гэж монгол үгтэй өгүүлбэр зохиох болжээ.
Канцеляризм (албан үг) гэж дан ганц гадаад үгийг хэлээд байгаа юм биш. Монголын хэдэн түшмэд монгол телевизийн байнгын дэлгэц сахигч болсоор олон жил өнгөрлөө. Тэд айл бүрийн хойморт байх болсон зурагтын дэлгэцээр бараг л өдөр алгасахгүй өөр бусадтай хэрэлдэж, өөрийгөө өмөөрч далан долоон үг ярихдаа зөв ярих нь тун ховор. Өгүүлбэр бүрээ л “байдаг байхгүй юу” гэж төгсгөх нь халаггүй “байдаг” тэгсэн мөртлөө “байхгүй” гэж ярих нь гайхмаар. Бас зарим нь “аягүй гоё” гэж ямар нэгэн юмыг магтдаг.
Гэтэл “аягүй” гэдэг нь муухайн тухай ойлголт. “Гоё” гэдэг нь сайхны тухай үг. Тэгэхээр муухай тэгээд гоё гэж юуг хэлээд буйг нь хүмүүс гайхдаг. Олонхи түшмэд “энэ утгаараа” гэж ярьдаг болсон. Гэтэл тэр ярьж байгаа юм нь өөр утгагүй, тэр л ярьж байгаа санааг нь гаргаад, хоёрдмол ойлголтын үнэр ч гардаггүй. Сүүлийн үед түшмэдүүд өөрсдийгөө “нээлттэй хүн” гэж зурагтаар магтуулан ярьдаг болсон. Гэтэл тэр хүний юу нь ч “нээгдээгүй” (нээх цонх, хаалга байхгүй) харагддаг. Энэ нь орос мэтийн харь хэлнээс үг авахдаа шууд “кальк” гэдэг нимгэн цагаан цаас тавьж байгаад гэрэлтэж буй зургийг яг тэр чигээр нь хуулж авдагтай адил үйлдэл (хальслалт) юм. Монголчууд “нээлттэй хүн” гэж ярьдаггүй, харин “илэн далангүй хүн” гэдэг билээ. Түшмэдүүд бас “анхаарал тавина” гэж бараг цөмөөрөө ярьдаг нь яг л цагаан сараар “ууц тавина” гэсэнтэй адил санагддаг. Анхаарал бол хийсвэр ойлголт тул барьж, тавиад байх аргагүй. Харин анхаарч буюу анхаарахгүй байж болно. Тэгвэл “анхаарна”, “анхаарсанд баярлалаа” гэвэл илүү үггүй цэвэр хэллэг болох биз ээ.
Цагдаагийн түшмэлүүд болохоор “замын хөдөлгөөний дүрэм” гэж оросоос хуулсан дүрэм журам яриад байдаг. Гэтэл зам нь огт хөдөлдөггүй зүйл. Харин зам дээгүүр унаа, тэрэг, хүн хөдөлдөг (явдаг). Тэгэхээр “замаар явах журам (хөдлөх гэдэг бол явахын нэр биш зогсож байгаад ч биеэ ийш тийш хөдөлгөж болно шүү дээ). Ус цаг уурын албаны түшмэдүүд болохоор “солигдмол үүлтэй” гэхчилэн оросоос хуулсан үгээр ярьсаар байна. Хаа нэгтэй солигдчихоод нүүж ирдэг үүл байна гэж хэлээд байгаа юм шиг. Энэчлэнгээр төр, засгийн албаны олон зэргэмжийн түшмэлүүд “монгол хэлээ мохоож” байдгийг тоочивч баршгүй, харамсалтай нь тэд нарын хүүхдүүд бас эцэг, эхийн яриаг “хуулж” буруу ярьж зөв ойлгодог болчихсон. Тэгэхээр аливаа хэлийг мөхөөхөд гурван үе (аав, хүү, ач) л шаардагддагийг эрдэмтэд судалсан. Өвөрмонголд ч, Хальмагт ч, Буриадад ч монголоороо ярьж чадахаа больчихсон хүмүүс цөөнгүй л байдаг биз дээ.
“Монголын хэлийг мохоодог” “канцеляризм” гэдэг албан үгсээр зэвсэглэсэн түшмэдүүдээс гадна тэдний ярихыг тоть мэт давтдаг, бас өөрснөө лут хүн болох гэж “неологизм” (шинэ үг) “вульгаризм” (бүдүүлэг үг) хэргэлдэг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд (голдуу хүүхнүүд, 90 хувь нь) болсоор нэлээн олон жил өнгөрлөө. Тэдний ихэнх нь сүүлийн жилүүдэд “борооны дараах мөөг” шиг олширсон хувийн болон төрийн гэх их, дээд сургуулиудын “бүтээгдэхүүн” байна.
Үгийн баялагаар ядуу, хэлний боловсрол дульмаг, амьдрал ахуй, өв соёлын мэдлэг нимгэн атлаа “сэтгүүлч” хэмээн цамаархаж бусдыг дорд үзэн, бүдүүлэг үг урсгах дуртай, түүнийгээ “хэвлэн нийтлэх эрх” гэдгээр халхавчлан, бамбай барьдаг тэр хүмүүс сонин хэвлэл, зурагтаар дамжуулан монгол хэлээ мохоож бас хүчирхийлсээр байна. Хэл яриа, бичлэгийнх нь өөг хэлсэн хүнийг “хуучинсагаар нь” дуудаж, биеэ өмөөрч бас хоорондоо үгсэж өөр өөр сонин хэвлэлээр бүлэглэн дайрах ч удаа байдгаас болж эцсийн дүнд эх хэл маань хохирсоор байна.
Хэн нэгнийг “гурилтай шөлөнд нугасгүй” гээд л нэг сонинд биччихвэл “нугасгүй” гэдэг вульгаризмыг (бүдүүлэг үг) шүүрэн аваад л давтан давтан тоть мэт хэлдэг бичдэг нь сүүлийн үеийн сонин хэвлэлүүдийн хуудсанд эрээлжлэж байгаа. Дотнын хүнээ нас барчихсанд гашуудахдаа баяртай гэж гарчигласан юм хэвлүүлсэн байх нь нэг бус удаагийн тохиолдол. Хүн нас эцэслэчихээд байхад “баяртай” гээд баярлаад суух хүн гэж байх уу даа?
Төгсгөж гаргасан сэтгүүлчдийнхээ бүтээл туурвил, ялангуяа хэл найруулгад нь дүн шинжилгээ хийдэг их, дээд сургууль ч гэж алга. Сонин хэвлэлүүдэд ажилладаг байсан хянагч, нийлэгч, хянан ариутгагч нар ч байхгүй болж ор нэрийн төдийд “редакц” гэдэг гадаад үгээр нэрийдсэн газрууд олширсны балаг ахиад л “монгол хэлийг мохооход” үйлчлэж байна. Хэл найруулгаа цэгцлэж бардаггүй юм гэхэд залхуурлаа захирч чаддаггүй сонингууд нэр товчлох журам дүрэм хайхрахаа больсноос “ХХААХҮЯ”, “МУХАУТ”, “ММНБИ”, “ЗТБХБЯ”, “ШШГЕГ” гэхчилэн хэн ч тайлж унших аргагүй оньсогоор хуудсаа “мялаадаг” болсон. Ер нь өнөөгийн сонин хэвлэлүүдийн хэл найруулга, үг үсгийн алдаа нь анархи (хэтийдсэн) байдлын цаасан баримт болж хувираад байгаа нь харамсалтай.
“Монголын хэлийг мохоож” байгаа хүмүүсийн жагсаалтад хагас дутуу гадаад хэлтэнгүүд, зар сурталчилгааныхан, багш нар, тэр ч байтугай орчуулагчид, эрдэмтэд хүртэл бичигдэх болсон нь “төрийн албан ёсны хэлний тухай хууль” зөвхөн цаасан дээр байдаг (ёстой л өнөө хууль биш гууль) нэр төдий зүйл болсных (угаасаа ч оромцог төдий оготор юм) нөгөөтэйгүүр “Төрийн хэлний зөвлөл” гэж мөн л “хэлгүй дүүдүү” мэтээр дуугүй сууж олон оныг өнгөрөөснийх юм.
Хэдийгээр заримдаа эрдэм шинжилгээний нэртэй хурал зөвлөлгөөн хийлгэдэг боловч тэндээс гарсан зөвлөмж нь хэрэгждэггүй, олны хүртээл болдог ч үгүй, харин сүүлийн үед эрдэмтэн Зэгиймаагийн тэргүүлсэн олон нийтийн байгууллага хэд хэдэн зөвлөлгөөн зохион байгуулж, ном товхимол хэвлүүлсэн санаачлагыг засгаас, ялангуяа Боловсрол, соёл шинжлэх ухааны яам дэмжиж туслууштай байна.
“Төрийн хэлний зөвлөл” нь ядаж л засгийн газрын хэрэгжүүлэх байгууллагуудыг монгол үгээр нэрлэхэд нь тусалдаггүй юм уу баахан “агентлагууд” буй болжээ. Уг нь газар, хороо, хэлтэс гээд урьд өмнө тогтож хүмүүсийн чихэнд хоногшиж, толь бичигт орчихсон нэр томъёо зөндөө байсан. Гэтэл “хуучинсаг” нэр гэж цэцэрхэцгээгээд хаясан баймааргүй юм даа. “Феодалын хэл” гэж дээр үеийн хэт хувьсгалчид монгол нэр томъёог ад үзэж байсан нь давтагдмаар зүйл бишсэн. Эрдэмтэд болохоор өөртөө олгогдох эрдмийн цол хэргэмээ ч монголчлон хэвшүүлэх зориг цөс дутдаг юмуу эсвэл гадаадад ойлгомжтой гэдэг юмуу академич, доктор, профессор, доцент, бакалавр гээд л эгэл хүнд бол юу ч хэлэхгүй нэр томъёог улам гааруулан бие биенээ цоллодог болсон гэхчилэн монгол хэлэнд бал биш давирхай нэмдэг хүмүүс улам л олширсоор байна.
Хэл хэдийгээр хэл амтай хүн бүгдийн өмч боловч хэлэнд ханш, эрх дарх (статус), засаглал байх жамтай. Бүүр 1640 оны монголын “Их цааз” хуульд “сайдуудын хөвгүүд монголд (бичигт) эс сэхээрхүүнээ эцгээс гунан морь аваад хөвгүүдийг багшид өгч сурга” гэж заажээ. Тэр бол бараг дөрвөн зууны өмнөх хууль! “Хөвгүүнээ нас 15 хүртлээ эс сэхээрхүүнээ цаазтай” гэж бас тэнд заажээ. Гэтэл мэдзэллийн гэгдсэн хорин нэгдүгээр зууны монголчууд хүүхдээ байтугай үүхдээ хэлгий байхад, бас үндсэн хууль, төрийн албан ёсны хэлний тухай хууль гаргаад ч хэрэгжүүлэхгүй “хэлгийдээд” сууж зохиолдохгүй бизээ.
“Монгол хэлний тухай хууль” төгөлдөр сайн боловсруулж бүх нийтэд мөрдүүлэх, “Төрийн хэлний зөвлөлийг” УИХ-ын эсвэл Засгийн тэргүүний харьяанд эрх мэдэл, орон тоо, санхүүжилт сайтайгаар өөрчлөн байгуулж ажиллуулах шаардлагатай байна. Нэр нь ч гэсэн “зөвлөх төдий зөвлөл” биш “төвлөн удирдах газар” баймаар байна даа. Тэгвэл яах, юу хийх шаардлагатай байгааг дараах цувралд авч ярьсугай.
Жич: “Үнэн” сонинд доктор Б.Бирваагийн бичсэн “Монгол хэлийг сэглэж буй өвчнүүд” гэсэн маш чухал өгүүлэл саяхан нийтлэгдсэнд (”үнэн” 2009,№25, 26) зохиогч болон сонины газарт халуун баяр хүргэхийн хамт тэнд бичигдсэн зүйл, асуудал дэвшүүлсэн санааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье. Бусад сонингууд түүнийг авч нийтлүүштэй. Тэгвэл сэтгүүлчдэд нь хичээл, сургамж болохсон. Монгол хэлээ хамгаалах нь үндэстэнийхээ өмнө гавъяат үйлс бүтээж буй хэрэг билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
"Солигдмол үүлтэй" гэж үнэн гоё хэлжээ. Хаахаахаа.
ReplyDelete