Oct 21, 2010

Амны билэгээс ашдын билэг

http://dayarmongol.com/index2.php?option=com_content&task=emailform&id=3323&itemid=1

2009 оны 5-р сарын 05, Мягмар гариг, 17:42

Би өдий болтол нэг зүйлийг ихэд гайхдаг юм. Яг бүтэн 10 жил, монгол хэл болон уранзохиолын хичээл заалгаж, үзэж судалчихаад, зөв, аятайхан ярьж сураагүйд...
Бүтэн 10 жил шүү. Судалсан зүйлээс эр. эм эгшиг, гээгдэх болон гээгдэхгүй эгшиг, эгшигт 7, заримдаг 9 гийгүүлэгч гэхчилэн санаанд үлдэж дээ. Дунд сургуульдаа бид хэл шинжлэл, дүрэм үзэж судлаад байх хэрнээ, өөрийн бодол санаагаа зөв илэрхийлэн, боловсон зөв ярьж сурсангүй. Монгол хэлний хичээлээр, сурагчдын мэдлэгийг шалгахдаа, ярианы чадвар бус, цаасан дээр бичих "цээж бичиг" гэгчээр л шалгана. Алдааг нь улаан балаар, нүд эрээлжлэн, дотор давчдам эрээлэн зурсан, "цээж бичиг" ээ харан суух хэн нэгэнд, сэтгэлээс нь "цус дусах" мэт хэцүү харагддаг байсан байх даа. Ядахдаа заавал улаан балаар зурдаг байсан нь юу ч билээ. Энэ бүхний үр дүн нь:

-Бусдын өмнө өөрийн бодол санаагаа хэлэх гэж, нүүр нь улалзан, нүд нь бүлтэгнэж, хоолой нь чичирч, хөлс нь дуслан, ээрч муурах хэн нэгэн. Багшийн хурц, хувьсгалч харцан дор, самбарын өмнө, дотор сэтгэлдээ "би ч хаашдаа муу авлаа л даа" хэмээн тэвдэн, ичингүйрч зогсох хүүхэд мэт...

-Арай гайгүй нэг нь олны өмнө, индэр дээр гарч, хоолой дахь цэрээ хахируулан байж засангаа, албархуу хуурай үгээр "би ингэж хэлье гэж бодож байна" хэмээн, хэлснээсээ хойш бодож буй мэт ярих нэгэн. Хэлж ярьж буй нь хүний сэтгэл зүрхэнд хүрэх бүү хэл, агаарт замхарч, алсад уусан одох нь "цуурай" мэт...

-Мэргэжлийн шахуу сэтгүүлчид, донжтой маягаар, жижүүрийн хэдэн асуултаар хэн нэгнийг сурвалжилна. "Таны хобби юу вэ?", "Та ямар өнгөнд дуртай вэ?", " Та нууц амрагийг юу гэж үздэг вэ?", " Та ард түмэндээ хандаж юу гэж хэлмээр байна?" гэхчилэн шалиг, нялуун асуултуудаар шалгаах нь, алсад аргал түүж яваа будлиу нэгэн мэт...

Хэл яриа гэдэг хүний бодол санааны илэрхийлэл. Бусадтай харилцах соёл, бусдыг хүндэтгэх хүндэтгэлийн илрэл. Өдгөө монголчууд бид ихэд өөрчлөгдөн боловсорч, ихэд хөгжин дэвжиж байнаа. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандаж, анхаарч засмаар зүйл багаггүй байсаар...

Хараал зүхэл-сэтгэлийн хир

Нэгэн үе бид, хараал зүхлийн муу үгсийг олонтаа хэрэглэж, үүндээ ч дасал болон, "байх л ёстой зүйл" мэтээр хүлээж авдаг байлаа. Миний танил нэгэн, "п...да" гэдэг, нийтлэг тархсан орос хараалыг амны уншлага мэт урсгаж явдаг байсан. Тэр, нэг удаа хүүхдийнхээ эцэг эхийн хурал дээр очиж ирээд хүүгээ зэмлэв.

-Энэ "п..да" одоо анги дээрээ байнга "п..да" гэж хараадаг гэнэ, Яадаг муу "п..да " вэ?
гэсэн гэдэг. Иймэрхүү жишээ зөндөө л бий.

Тойрч зогсох бусдынхаа өмнө, тамхиа донжтой маягаар угсруулан татаж, хааяадаа шүлсээ годхийтэл газар нулимж, ярих яриагаа байнга "п..да" хэмээн хүч оруулан чимэглэх, "атаман" төрхийн залуус өдгөө моодноос гарчээ. Харин ийм үзэгдлийн боловсон үлдэгдэл нь, интернет дахь элдэв бичиглэлийн доор "сэтгэгдэл" нэрээр эрээ цээргүй бүдүүлэг үг, хараал урсгах нэгэн. Тэд ийм бичиглэлээрээ, өөрийгөө "атаман" хэмээн төсөөлж, хэн нэгнийг далдаас гутаан доромжилж, сүрдүүлж, үүнээсээ таашаал авч байгаа бол, даанч өрөвдөлтэй хоцрогдол.

Түүнчлэн манай монголчуудын нийтлэг хараалын үгс болох "хулгайч", "гуйлгачин", " новш", " ална шүү" мэтийн хэллэгүүд, хүнд баяр баясгалан гэхээсээ хүний сэтгэлийг хиртээн гутаана. "Хулгайчаа, чамайг ална шүү", "Яадаг муу гуйлгачин бэ?", "Өөдгүй муу новш" гэх хараал зүхлийн үгсийг сонсохоор, монгол хүний эрэлхэг дайчин, омог бардам, сүр жавхлант төрх бус, аймшгийн оронд байгаа мэт сэтгэгдэл төрөх. Монголчууд бид, бие биесийгээ "хулгайч", "алуурчин", "гуйлгачин", " хог новш" гэж боддоггүй хэдий ч, ийм хэлц үгийг чихнийхээ хажуугаар, хээв нэг өнгөрөөж, "сайн байна уу? өглөөний мэнд" гэдэг үгтэй адил утгаар хүлээж авах болтлоо дасч орхиж дээ.

"Хайрт хулгайч минь, орой очоод чамайг алж өгнөө" гэж утсаар ярих нэгнийг, "энэ өнөөдөр хүн амины хараг үйлдэх нь" гэж бодохоос илүүтэй, "яасан ч сүртэй ярьдаг нөхөр вэ?" гэж бодох жишээтэй.

"Муу гуйлгачин минь, чи ч өөдгүй новш юм даа" гэх яриаг сонсохдоо, "нэгэн ядарсан гуйлгачин, хүнээс гуйлга гуйгаад зогсохгүй, өглөг өгсөн хүнээ гомдоож дээ" гэж бодохоос илүүтэй, сайн найз нөхөд элэгсэг дотно ярилцаж байна гэж ойлгох жишээтэй.

Уурлаж маргалдах үедээ, өөр хоорондоо ийм муу үгс хэлцэж, сэтгэлээ хиртээн, өөрийн мэдэлгүй "хуц аа хуц, чи муу юу юм бэ?" гэж хариу барина.
"Амны билэгээс ашдын билэг" гэдэг сэн. Үргэлж л бие биесээ, "хулгайч", "гуйлгачин",
"хог новш" гэж хараагаад байхаар, өнөө цагт дээд хэсэг нь "хулгайч, луйварчин", дунд хэсэг нь "гуйлгачин ядуу", доод хэсэг нь "хог новш ухагч" болж байгаа ч юм бил үү?

Зөв сайн ярьж сурцгаах сан

Хэдэн жилийн өмнө, монголын ЕБДС-ийн хөтөлбөрөөс уранзохиолын хичээлийг хасах шийдвэрийг, "хүүхдийн" хэмээх тодотгол овогтой Болормаа БСШУ-ны сайд байхдаа гаргасан гэсэн. Мэдлэггүй байж болно, сэтгэлгүй байж болохгүй ээ.

Монголын өсвөр, хойч үейиг зөв сайн ярьж сургахад хамгийн сайн туслагч нь уранзохиолын болон бусад олон ном юм. Эмх цэгцтэй, уран, яруу сайхан үгээр бичигдсэн ном гэдэг, хүний оюун ухаанд гэрэл гэгээ өгч, итгэл урам хайрлаж, өөдрөг сайхан хүсэл тэмүүлэл рүү хөтөлдөг. Түүнчлэн ийм яруу сайхан үгсийг уншиж, давтан давтан нүдлэх бүрдээ ийм зөв сайхнаар ярьж сурцгаадаг юм.

Нэгэн үе, монголчууд номноос холдоцгоож, олон олон номын сан, номын дэлгүүр үгүй болж, оронд нь "тохиролцооны дэлгүүр" олшрох үед, гоё ганган хувцас, өмсгөл, зүүлттэй, бохир үг, хараал урсгасан хүмүүс олширсон доо.

Харин өдгөө цагт номууд олноор хэвлэгдэж, номын дэлгүүр, уншлагын газрууд олшрох тусам, энгийн хэрнээ цэвэрхэн хувцасласан, зөв сайхан яриатай, эелдэг харьцаатай залуус олширч буй. Энэ бол жинхэнэ хөгжил дэвшил юм.

Нэгэн үе, ном зохиолын хянагч, үзвэр тоглолтын " тайзны сахилга бат" гэгчид, хэт нэг чиглэл барьсан, үзэл суртал "ханхалж" байсан хэдий ч үзэгч, уншигчдад бохир муу хараал, зүхлийн үгс хэлж, үзүүлэхийг хориглож байсан сайн талтай.

Өнөө цагт монгол оронд минь ихэд дэлгэрээд байгаа "хошин урлаг" -ийнхны, их зүйл бүтээж, ард иргэддээ ухаарал, сануулга өгөхийг хичээж байгаа сайн тал байгаа хэдий ч, тэдний тайзан дээрх эрээ цээргүй байдал, замбараагүй үг хэллэг нь, ард иргэдэд төдийлэн сайн нөлөө өгөхгүй байгаа.

Үйлдэл, үг хэлний сайн нь хүний дотоод сэтгэлийг ариусгадаг ажээ. Ард иргэдийн уншиж буй ном, үзэж буй үзвэр нь тэднийг сэтгэлийн ариусалд хөтөлж, үгийн сайхнаар үлгэрлэн дагуулж байх учиртай. Сэтгэлийн ариусал гэдэг, билэгтэй сайхан үг ажээ.

Амны билэгээс ашдын билэг

Монголчууд бид ямагт урагшаа явж, өөдлөн дэвжиж буй. Эртний монголчууд бичгийн, ярианы хос хэлтэй байж, билэгтэй сайхан үг хэлэлцэж, өөдрөг сайхныг билэгдэж, муу муухай үгсийг цээрлэдэг байсан. Бидний багад хүртэл, хараалын муу үг хэлсэн хүүхдийг "хараал хэлсэн хошууг нь халуун төмрөөр хайрна" хэмээн зэмлэдэг байсан сан.

Өнөө цагт бидний ийм анзааргагүй, хайхрамжгүй байдал үргэлжилсээр ахуй дор, нэгэн өдөр таны хүүхэд, "ээж гэж п..да, аав гэж хулгайч, дүү гэж гуйлгачин" гэж хэлээд зогсож байвал яах билээ. "Гахайн нүдэнд зөвхөн гахай л харагддаг" гэдэг үг байдаг билээ.

Монголчууд бид дор бүрнээ хичээж, хэлэх үгээ цэнэж, хараал, хэрүүлийн муу үгээ аажим аажмаар боловч гээж орхивол, ашдын билэг сайн болох буй заа. Өөрсдөө төдийгүй, үр хүүхэд маань хүртэл зөв сайхан ярьж, эелдэг боловсон харьцаж сурвал, эргэн тойронд тань сэтгэлийн ариусал бий болох сон. Олон сайхан ном уншиж, үр хүүхэддээ уншуулж, ярьж. ойлголцож сурвал их л сайн алхам болох сон.

Заавал зарлиг тогтоол хүлээлгүйгээр, хэн нэгнээр заалгахгүйгээр, өөрсдөө хичээж бий
болгож чадах зүйлийн маань нэг нь энэ ажээ.

Эзэн ничээвэл заяа хичээнэ.
Амны билэгээс ашдын билэг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

gala_mn@yahoo.com
2009-05-05

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...