Oct 7, 2010

Л.Түдэв. Хэлний хүчирхийлэл-4

Гурав. Хэлний шинжлэл үндэстэнд холбогдох нь

Хагас зуун гаруй жилийн тэртээд “Хэлний шинжлэлд Марксизмын холбогдох нь” гэдэг зохиолоо, өөд болохоосоо гурван жилийн өмнө (1950) Иосиф Сталин хэвлүүлсэн нь тун удалгүй монголчлогдон Улаанбаатарт хэвлэгдсэн билээ.

“И.В.Сталин хэл шинжлэлийн талаар бичсэн энэ суут бүтээл нь хэл ангийн чанартай тухай бүдүүлэг онолын хорт уршгаас салахад монголын хэл шинжлэлтэнгүүд, ардын боловсролын ажилтнууд, утга зохиол, урлагийнханд бүх бололцоо нээж өглөө” гэж Б.Ринчен гуай тэр үед уул номыг магтан “Үнэн” сонинд бичиж байв.

“Хичээлдээ сайн суралцсан сурагч Түдэв чамд шагнан дурсгав. Сургуулийн захиргаа” гэсэн бичигтэй “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” гэдэг номоор тэр жил намайг шагнаж билээ. Шинэ үсгээр бичсэн тэр хэдэн үг нь дөрвөн алдаатай байгааг гараараа засч хадгалсан цагаас хойш 55 жил өнгөрснийг уржнан нээж үзэхдээ эргэн харж инээд хүрэх шиг болсон юм.

Тэр дээр цагт нэрд гарсан хэл шинжээч бөгөөд Лениний найз асан Маррын онолыг Сталин “бут ниргэсэн” боловч хэдхэн жилийн дараа Хрущев нэг хүнийг тахин шүгэж байсныг шүүмжлэн Сталингаа мөн “бут ниргэснээр” энэхүү түүхэн гинжин холбоос тасарчээ. Хэлний шинжлэлд марксизмыг холбон бичих шаардлага тэр дээр үед буюу дэлхийн хоёрдугаар дайны дараахан өндөлзөж эхэлсэн нь өөрийн гэхучир шалтгаантай байжээ.

Зөвлөлийн засагт холбоот орос улсын туг, сүлдэн дор нэгдсэн олон үндэстэн ястны 15 бүгд найрамдах улс дотор угаасаа бичиг үсэггүй гэгдсэн үндэстэн, ястан цөөнгүй байсан тул тэднийг бичиг үсэгтэй болгож кирилл үсгээр албан хэрэг хөтлөх, ном зохиол, сонин хэвлэл гаргадаг болгоод удаагүй байсан цаг. Холбооны улс нь биш, бас эрт дээр цагаас бичиг үсэгтэй байсан атлаа . Бүгд Найрамдах Монгол ард улс ч гэсэн кирилжин үсэг авч хэрэглээд дөнгөж таван жил өнгөрч байлаа. Хэдий тийм боловч нэгдсэн нэг бичигтэй байх нь цаашдаа нэг хэлээр ярих бичихэд тун ойртож болох сэтгэгдэлийг дэлхийн хэмжээний дайнд ялагч гүрний удирдагч болсны хувьд хоёр “хээгийн” саадыг яаж даван туулах тухайд санаашрах асуудал тулгарсан бололтой. Үүнд нэг “хээ” нь “хэл” юм. Хэлний саадыг (барьер) даван туулахад бичиг үсгийг нэгэн мөр болгох нь чухал гэсэн бодол төрсөн хэрэг, нөгөө нэг саад бол хил юм.

Тэр бол цэрэг дайны аргаар юмуу хэлэлцээрийн журмаар эрх баригч цөөнхийн шийдэж болох асуудал мэт санагдах цаг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын дуулианаар Европын тав зургаан орон Зөвлөлтийн холбооны улсуудын маягт шилжсэн, Азид бол Солонгос, Вьетнам улсууд хоёр хуваагдсан, БНХАУ хувьсгалжиж зөвлөлт маягийн тогтолцоотой болсон зэрэг нь үнэндээ дэлхийн талаас илүү хэсгийг тойрог замдаа оруулаад авсантай адил нөхцөл байдал буй болсон тул “Дэлхийн хувьсгал” хийхэд дөхөмтэй байгаа шиг санагдсан байж мэднэ. Тэгэхээр “хэ” (хэл) саад нь “хи” (хил) саадаасаа илүү ноцтой бэрхшээл болж мэдэхээр тул “хэл” бэл дэлхийн хаачлалын бодлогрд тун төвөгтэй бодит тээг гэж үзэхэд хүрснээс дайны дараа гэв гэнэт “хэл шинжлэлийн асуудалд” анхаарч тусгай номлол боловсруулахад хүрчээ. Дэлхийн талаас илүү өргөн талбарт олон сая, бүүр тэр бум хүнийг нэгдмэл хэлтэй болгох бодол төрснөөс Сталин гэнэт хэл шинжлэлтэн болжхувирсаны үр дүн нь “Хэлний шинжлэлд максизмын холбогдох нь” гэдэг номлолын ном болон гарчээ. Энэ санааг Н.Попов, Г.Аджубей нар “Никита Хрущевын таван сонголт” гэдэг номонд анхудаа нэлээн дэлгэрэнгүй бас үнэмшилтэй гарган тавьсан байна. Өнөө үед дэлхийчлэх (даяарших) үзэл санаа их хүчтэй өрнөж буй нөхцөлд “хэлний шинжллэл үндэстэнд холбогдох” болоод байна. Ямар хэл дэлхийн нийтийн хэл болох вэ? гэдэг асуултад “Англи” гэж хариулах хүн олон бий. Тэдэнтэй Монголын сэхээтний нэлээд хэсэг нь дуу хоолойгоо нэгтгэж байгаа учраас ч “ардын хувьсгалын 100 жилийн ойн” 2021 онд төрийн албан хэргийг англиар хөтлөх санааг “үндэсний хөгжлийн цогц бодлогод” нааж өгчээ.

Манайхаас хөгжлөөрөө хол түрүүлсэн Япон улс хэдэн зууны тэртээгээс хэрэглэсэн Катакана, Хирагана бичгээ хаяагүй ч дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжлөөс хоцрох бус түрүүлэх хандлагатай хөгжсөөр байна. Бас манай өмнөд хөрш БНХАУ-д өнөөгийн тооллооос өмнөх хоёр мянгаад жилийн чандад хэрэглэж эхэлсэн 50 мянга гаруй дүрс тэмдэг бүхий бичгээ хүнд хзцүү гэхгүйгээр орчин үед хэрэглэж бас л эрчимтэй хөгжсөөр байна. Зарим үг, тухайлбал се (чальчаа) гэдгийг хятад хүн 64 зураас татаж бичдэг байна. Зөвхөн и (i) авиалбар 49 мянга 905 дүрс үсэгтэй ажээ. Гэвч хятад хүн үүнд түүртэх байтугай төвөгшөөдөггүй байна. Манай заримууд бол “ийм хэцүү бичгээр яах юм бэ? Солъёо” гэх нь энүүхэндээ. Харин хятадууд Хан үндэстэн гэдгээ хэний ч өмнө бардам харуулахын бахархал бас тэр ханзаар бичсэн юмыг нь өөр үндэсний өндөр боловсролтой хүн ч уншиж чадахгүй нууцлаг бас ихэмсэг зүйл нь болдог байна.

Өнгөрдөгзууны эхээр Монголоор аялсан өрнөдийн эрдэмтэд, жуулчид Монголчуудыг 50, 100, 500 жилийн дараагаар үр үндэсгүй болж, үндэстний хувьд мөхөх юм байна гэсэн дүгнэлт хийж түүнийгээ ном зохиолдоо илэрхий бичиж үлдээсэн бөгөөд тэд юунд үндэслэж тийм үг хэлж, бичихэд хүрвээ гэвэл мөхөж болох хэдэн шинж тэмдэг илэрхий болсныг баримталсан ажээ. Юуны урьд хүн ам нь нөхөн үржих доод захын үзүүлэлтээс доор орсон (650-хан мянган хүнтэй болсон) нөгөөтэйгүүр тэдний хэл яриа, өв соёл нь манж, хятад, түвд бас энэтхэгийн нөлөөнд хэтэрхий автагдсан, нийгмийн халдварт өвчин эрүүл мэндийг нь мэрж байгаа гэхчилэн гол зүйлүүдийг ажиглан харсныгаа үндэслэсэн хэрэг. Гэвч хорьдугаар зууны дунд үе хүртэл монголчууд сэргэн мандах, нөхөн төлжих, соёлжин гэгээрэх нөхцөл байдлаа сэргээн эрүүлжүүлж чадсан. Түүндээ дараа нь толгой эргэх шалтгаан ч бас буй болсон. “Амжилтаас толгой эргэх” тухайд бол тэр өвчин эхлээд хойт хөршийн маань эрх баригчдад туссан. Түүнээ ч дэлхийн дайны өмнөх жилүүдэд ярьж эхэлсэн. Бүх дэлхийн хуурай газрын зургааны нзг дээр хувьсгал гаргаж чадлаа, одоо дэлхийн хувьсгал хийж эхлэхэд болно. Капитализмыг зэвсгийн хүчээр мөхөөнө гэсэн үзэл бодол, үг хэл гарах болсон. Тэр нь Монголын хувьсгалчдад бас нөлөөгөө тусгаж эхэлсэнээс Монголын эрх баригчид нөгөө тийшээ хэлбийх хандлагад санаандгүй шилжиж эхэлсэн нь хамгийн түрүүн төрөлх хэлд нь нөлөөлсөн. Үүнд:

Эх хэл өөрчлөгдөж эхэлсэн (бичгээ оросынхоор сольсон, үгийн сангаа орос үгээр дүүргэж эхэлсэн) Өмнөх цувралд щ,р,п, ф,к зэрэг цагаан толгойд нэвтэрсэн харь хэлний үсгүүд (авиа) тухайд дурдсаныг үзэж ажаму) Хувцас, хоол маань европчлогдож эхэлсэн, тэр нь монголд байгаагүй юм болохоор нэрлэх үг олдохгүй шууд л пальто, костюм, пиджак гэхчилэн үгс орж ирсэн. Хоол унд нь ч бас л лапша, щи, омлет, морожен, салат гэхчилэн үг хэлэнд бас ходоодонд нэвтэрч эхэлсэн.

Орон гэр, сууц нь бас европчлогдож, форточка, подьезд, ванна, штепсель, душ, шкаф гэхчилэн яригдах болсон. Хот айл нь хот тосгон болон хувирч, хотжих замд орсноос малаасаа төсөөрч, мал маллах дөргүй болсон мөртлөө өдөрт гурван удаа махан хоол зооглодог болж, ходоод нь муудаж, бие нь суларч, биеийн хөдөлмөрөөс улам бүр дайжиж эхэлсэн. Үгийн сангаас нь ногт, чөдөр, амгайвч, араг, шээзгий, ожуу, тэнжээ гэхчилэн олон үг халагдан хаягдаж, орон зайг нь пэлээтэг (плитка), мээст (место), хараант (крант) падушиг (подушка), маасаг (маска), каасаг (каска), мээбэл (мебель) паар, шаар, бүүтэг, лоотог гэхчилэн үгс эзлэх болсон нь хэн бүхэнд илэрхий болой. Хэлний тухай яридаа юунд хоол, хувцас, орон сууц мэтийн юм яриад хадуураад явчихваа гэх хүн гарах биз. Тэгвэл хоол хувцас, орон сууц ер нь ахуй нь европчлогдож эхлээд түүнтэй хамт хэлний үгийн санд неологизм буюу шинэ үг орж ирдэг нь дэлхийн бараг бүх хэлэнд нийтлэг үзэгдэл.

Гэхдээ хамгийн амттай сайхан хоолыг ч гэсэн хэмжээтэй иддэг. Ихэдвэл пологтдог шиг хэлний үгийн санд харь хэлний үг болгоныг оруулаад байвал таван үгний нэг нь дараа нь хоёр нь тэгээд гурав, дөрөвдэх нь харийн үгээр гарч эхэлдэг, жишээлбэл, “дарамын театрын билетийн кассанд оч” гэж ярьдаг, бастийм зарлал, хаягхүртэл бий болсон. Энд таван үгний ганц нь л монгол байгааг хар л даа. Ийм болчихсоноо соёл, урлагийнхан хүртэл гайхдаггүй нь эх хэлээ гээж байгаагийн наад захын баримт юм.

Сүүлийн жилүүдэд зах зээлийн харилцааны нэр томъёо гэдэг нэрийн дор гол төлөв американизм авч тэр чигээр нь “зажлахгүй залгидаг” залуус, тэдэн дотор улс төрчид, сэтгүүлчид олширсоор байна. Даяаршиж байгаагийн улмаас гэж түүнийгээ өмөөрөх бэлэн бамбай бас бий. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр нэг л мэдсэн “хэлгий хүмүүс” болчихдог, тэгээд нэг их удалгүй “хэлгүй”-чүүдийн нийгэм бүрэлдэж үндэстэн гэдэг онцлогоо алдаж орхих далд отоо ил гарч, дийлэгдэхээ больдог тохиолдол ялангуяа хүн ам цөөнтэй бага буурай үндэстэнд нүүрлэх нигууртай нь ойлгож цөхөх юмгүй зүйл. Зарим ядмагхан хэл нэг бол “эзнээ алдаж” мөхдөг. Ярьдаг бичдэг хүмүүс нь уусч үгүй болоход хэл” эзнээ алдаж” байгаа нь тэр.

Тэгвэл монгол хэл дэлхийн олон хэлнүүдийн өвөг эртний хэлний нэгэн учир монголчууд үүгээрээ бахархах ёстой. Басдээдлэнхайрлахүүрэгтэй билээ. Харамсалтай нь өвөг эртний (Нострат параязык) эртний монгол хэлний судалгаа шинжилгээний ажил хийдэг хүн өдгөө манайд байтугай гадаадад ч алга. Орос эрдэмтэн Ильич Свитыч энэ талаар багагүй ажил хийсэн боловч үр дүнг нь үзэж чадалгүй хорвоог орхисон нь харамсалтай.

Монгол хэлийг урал-Алтайн угор-финнийн гэхчилэн бүлэгт хамааруулан гадаадын эрдэмтэд ярьдаг байснаа индо-европын гэсэн бас нэг тодотгол өгдөг болсоноос хэтэрсэнгүй. Гэхдээ монголчууд уралын нуруунд ч Алтайн уулст ч сууж байсан, бас угорууд, финнүүд ч бидний төрөл садан мөн бөгөөд индо буюу энэтхэг, европод ч монгол хэл угсаа язгуураа үлдээсэн хэл мөн. Перс буюу фарси хэлнээ 400 гаруй монгол үг байгаа нь Свадешийн “100 үгийн онолоор” хэмжвэл өвөг монгол үг хэлний хамаарал тун ч гүнзгий гарна. Унгар хэлнээ ч 400 биш 4000 монгол гаралтай үг, орос хэлнээ түүнээс ч олон (ялангуяа мал аж ахуйн холбогдолтой үгс) тоо гардагчлан Якут гэдэг Саха улс 40 хувь нь монгол үгээр ярьдаг бол Сам хэлнээ наад захын 150-аас цөөнгүй монгол үгс (миний тоолсноор) байгаа гээд тоолоод байвал өвөг монгол хэл бүүр шүмэр, тэр ч байтугай эртний Авест судрын хэлнээс Монгол үг цөөнгүйг олно. Иран, Ирак, дунд Азийн улсуудын хэлнээс ч олон тооны монгол үг олж болно.

Гагцхүү судлаачаа хүлээж буй энэхүү тоо бүртгэлд оросын эрдэмтэн Рассадин л цорын ганцаар анхны хандив оруулсан юм. Харин монголын эрдэмтэд, хэл шинжээчдийн шинэ үеийнхэд эх хэлээ уг үндэс угсааг нь мөшгөн хөөж судлах түүхэн үүрэг ноогдох ёстой.

Хэлний шинжлэл юуны урьд үндэстэнд холбогдох учраас үнэдстнийхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг монгол хүн бүхэн дэлхийн хэлнүүдийн нэгэн өвөг эцэг болсон монгол хэлээ судлах, хөгжүүлэх, хамгаалах, дээдлэх үйлст хүч авьяасаа өгөх цаг оройтох тийшээ хандаж буйг мэдтүгэй!

Түүний тулд

Нэгд “Монгол хэлний тухай хууль” цогц байдлаар боловсруулан гаргаж, мөрдөх хэрэгтэй байна.

Хоёрт, хэлний засаглал тогтоох хэрэгтэй болжээ.

Гуравт, хэлний эрх дарх, хэлний ханш, хэлний хамгаалалтын болон дархлаажуулалтын асуудлыг дангаараа хариуцах ” Монгол хэлний академийг” ШУА-аас өрх тусгаарлан улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эрх, зэргэмж өндөр байхаар шинээр байгуулах шаардлагатай

Дөрөвт, Монгол хэлний болон бичгийн тухайд хоёрдмол, гуравдмал хандлагыг нэг мөр болгож үсгийн дүрэм сэлтийг шинэчлэн боловсронгуй болгох нь чухал байна.

Тавд, монгол хэлний академик толь бичиг, үгийн гарвалын толь, сөрөг утгатай ижил бичлэгтэй үгсийн толь, өөр бичлэгтэй ижил утгатай үгсийн толь (антоним, омоним, синоним) монгол хүний нэрийн толь, товчилсон үгийн толь бичгүүдийг гаргаж, сургуулиудын номын санг хангахыг яаравчлах нь чухал.

Зургаад, интернет мэдээллийн 80 хувь англи хэлтэй болж буй үед монгол хэлний орон зайг интернетэд олж авах бодлого явуулах,

Долоод, хэл бол бие, бичиг бол хувцас гэдэг хөдөлбөргүй зарчмаар бичиг үсгийн бодлогоо явуулах нь төрийн үүрэг болж байна.

Наймдугаарт, “Зуун ямаанд жаран ухна” болсон олон шар, хар сонингуудыг цэгцлэж, сэтгүүлчдийг мөр, бадгаар биш үгээр тоолж бичлэгийг нь үнэлдэг журам тогтоож сонин хэвлэл, ном, сэтгүүлийн газарт хуульчлан мөрдөх цаг болжээ.


Л.Түдэв

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...