Aug 2, 2010

Солонгос жаран

Үүх түүхээрээ бахархдаг, үндэс овгоо дээдэлдэг хүмүүс 음력 билгийн тооллыг хэрэглэх нь цөөнгүй. Солонгосчууд хятад 역법 зурхайг дагадаг учир билгийн тоолол нь монгол төвдийнхөөс жилийн хувьд зөрөхгүй боловч сар өдрийн хувьд заримдаа бараг бүтэн сарын зөрүү гарах нь байдаг. Тиймээс 설날 цагаан сараа хааяа монголчуудаас сарын зайтай тэмдэглэдэг. Учир нь билгийн тоололд 윤년 илүү жил, 윤월/윤달 илүү сар, 윤일 илүү өдөр гэсэн ойлголт байдгийг анхаарах хэрэгтэй.

Харин 한 가지 재미있는 사실은 сонирхуулж хэлэхэд дэлхий нийтээр дэлгэр хэрэглэдэг 양력 аргын тооллын хувьд 28 жилийн давтамжтай байдаг гэдэг. Тухайлбал 2010 оны 7 сарын 28-ны өдөр усан гараг буюу лхагва гараг байсан бол яг 28 жилийн дараах энэ өдөр мөн л усан гараг байна гэсэн үг.
За ингээд Монгол, Солонгос, Хятад зэрэг азийн орнуудад хэрэглэдэг 육십갑자 жарны тооллын тухай товч өгүүлье. Солонгосчууд 열두 띠/십이지/지지 арван хоёр жилийг 십간/천간 арван эш өнгөтэй хослуулан жарныг тоолдог. Жишээлбэл солонгосын түүхэнд 임진왜란 гэсэн үг гардаг нь 1592 он буюу Хар луу жил Японы өдөөсөн дайныг хэлж байгаа юм.

Монголчууд харин өнгөнөөс гадна таван махбодоор нь элбэг хэрэглэдэг бөгөөд, өнгөтэй хослуулахдаа 12 жилээс сондгой жилийг эр жил гээд хөх, улаан, шар, цагаан, хартай хослуулж, тэгш жилийг эм жил гээд хөхөгчин, улаагчин, шарагчин, цагаагчин, харагчин гэж хослуулж нэрлэдэг. Энэ “–чин” гэдгийг дээр үед монгол хэлэнд эм хүйс илэрхийлдэг байсан дагавар гэж үздэг. Чухамдаа хөх хулгана жил гэж байна уу гэхээс хөхөгчин хулгана гэж байхгүй, улаагчин үхэр гэж байна уу гэхээс улаан үхэр жил байхгүй гэсэн үг. Монголд жарны тооллыг 1207 оны 정묘 улаагчин туулай жилээс эхлэн тооцсон. Эдүгээ XVII жарны “Тийн урвагч” хэмээх 경인년 төмөр бар жил билээ. Жилийн өнгөөрөө Цагаан 호랑이 해 бар жил. “Тийн урвагч” гэдэг нь жилийн ёгт нэр.

Солонгосчууд төрсөн жил нь жаран жилийн дараа эргэн ирэх учир 환갑/회갑 “жаран эргэж ирлээ” хэмээн жаран нэг насны ойгоо тэмдэглэдэг. Түүнчлэн 사주팔자/생년 생월 생일 생시 길흉화복 төрсөн жил сар өдөр цагийн төөргөө үзүүлэхэд жарны тоолол чухал. Заяа төөрөг хэмээх үгийг солонгосоор 팔자 “найман үг” гэдэг нь 사람이 태어난 해와 달과 날과 시간을 간지로 나타내면 여덟 글자 хүний төрсөн жил сар өдөр цагийг өнгөний эш болон арван хоёр жилээр илэрхийлсэн найман үгийг хэлж байгаа юм.

Солонгос хэл суралцагчдын дунд МУИС-ын ногоон толь гэж хэлж заншсан Монгол улсын их сургуулийн 한몽사전 Солонгос Монгол толь бичгийн 2006 оны 제3개정판 Нэмэж засварласан 3 дахь хэвлэлийн 1239-р хуудсанд жилийн арван эш өнгө, арван хоёр жилийн нэр бий. 2003 оны эхний хэвлэлд эш өнгөний цагаан хар, цагаагчин харагчинг зөрүүлж бичсэн байсан хэдий ч удаах хэвлэлд залруулсан нь олзуурхууштай хэрэг юм. Дараагийн хуудаснаас нь тус сургуулийн Г.Эрдэнчимэг багшийн судалгааны бүтээл болох “Солонгосын түүхийн нэр томъёо, оноосон нэр” байдаг тул Монгол Солонгос хоёр орны түүх сонирхогч хүмүүс үзэж ашиглаж байгаарай гэж зөвлөе. Ер нь бид толь бичгийн эхэнд байдаг 일러두기 ашиглах заавар, зарим толь бичгийн ард байдаг 부록 хавсралтыг тоохгүй өнгөрөх гээд байдаг. Энэ хоёр хэсэг нь толь бичгийг зөв ашиглах, цэгцтэй нэмэлт мэдээлэл олж авах чухал хэсгүүд юм шүү.

Доорх хүснэгтээс 1-60 хүртэлх дугаар нь солонгос жарны 순서 дэс дарааг илэрхийлж байгаа бөгөөд, 십이지(十二支) арван хоёр жил – 자(子) хулгана, 축(丑) үхэр, 인(寅) бар, 묘(卯) туулай, 진(辰) луу, 사(巳) могой, 오(午) морь, 미(未) хонь, 신(申) бич, 유(酉) тахиа, 술(戌) нохой, 해(亥) гахай жилийг 십간(十干) арван эш өнгө – 갑(甲) хөх, 을(乙) хөхөгчин, 병(丙) улаан, 정(丁) улаагчин, 무(戊) шар, 기(己) шарагчин, 경(庚) цагаан, 신(辛) цагаагчин, 임(壬) хар, 계(癸) харагчинтай хэрхэн хосолж жарныг бүтээдгийг сайн ажиглаж тогтоож аваарай.

Зургийг хулганы зүүн товчлуураар сонгон товшвол илүү томоор харж болно.



2 comments:

  1. Anonymous6/8/10 12:39

    Hi, Amaraa. Sonirholtoi medeelel bna... thnx~

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...