Aug 29, 2010

Монгол хэл маань байхгүй болчихвол латин, монгол, кирилл бичгийн аль нь ч хэрэггүй

origo.mn

Өдрийн Сонин 2008/02/22 - 10:01, Баасан гараг

Олон улсын эх хэлний өдөрт зориулсан “Даяаршил-Хэлний бодлого-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны “Б” танхимд өчигдөр боллоо. “Хэлний бодлогын үндэсний академи” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан эл хурлыг Ерөнхий сайд С.Баяр нээж үг хэлэх байсан боловч өөрийн биеэр хүрэлцэн ирсэнгүй. БСШУЯ-ны сайд, Төрийн хэлний зөвлөлийн дарга Н.Болормаа Засгийн газрынхаа тэргүүний өмнөөс хүлцэл өчиж, Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн чухаг эрдэнэ-эх монгол хэлээ яавал цэвэр ариун хэвээр хойч үедээ уламжлан өвлүүлэх талаар эрдэмтэн мэргэдийн саналыг сонсов.

Доктор, профессор С.Лочин “Хэлний бодлогогүй бол төрийн бодлого хүчгүй”, профессор Д.Цэмбэл “Хэлний бодлого ба олон нийтийн мэдээллийн хэрэгсэл” гэсэн илтгэл тавьцгаав. Доктор С.Лочингийн илтгэл эрдэмтэн судлаачдын анхаарлыг багагүй татсан. Тэрээр “Сингапур Улсын албан ёсны хэл нь малайз, тамиль, Нидерландынх франц, Швейцарь Улсын албан ёсны хэл нь герман, франц, итали хэл байдаг. Турк улс эртнээс араб үсэг хэрэглэж байсан ч одоо латин үсгийг төрийн бичгээ болгосон нь талаар болоогүй. Монголчууд бид хөх толботой гэдгээрээ алийн болгон бахархах вэ. Ийм зүйлээр бахархана гэдэг харин ч монголиад гэдэг өвчний илрэл. Монгол хэл хятад, түвд, самгарьд, орос, манж хэлний дайралтад үеийн үед өртөж байсан ч устаж алга болоогүй. Одоо англи хэлний дайралтад өртөж байна. Иймээс даяаршлын эл давалгаанд монгол хэлээ живүүлэн алдчихалгүй явах хэрэгтэй байна. Хэл анхдагч, бичиг хоёрдогч гэдгийг мартаж болохгүй. Босоо, хэвтээ бичиг хэрэглэнэ гэж маргалдсаар суутал хэл маань устчих вий дээ. Монгол хэл байхгүй болчихвол латин, кирилл, монгол бичгийн аль нь ч хэрэггүй” гэж байсан.
Түүний ойлголтоор хэлийг устгахад гол нөлөө үзүүлж буй хүмүүс нь “гадаадын мэдэх, мэдэхгүй хэлээр хов жив ярьдаг авгай нар, эмс охид, өөрсдийгөө сэтгүүлч хэмээн оодорсон жодгор охид, Оксфорд төгссөн гэж хагас дутуу англи хэлээр чалчих намаас нам дамжсан хуурамч улстөрчид” гэнэ.
Хүүхэд залууст хэлний гэмт хэрэг үйлдэхэд нь “жиба”, “шаг”, “дойлуур” гэсэн үгс муугийн нөлөө үзүүлдэг байсан бол сүүлийн үед сэтгүүлчид, улстөрчдийн амнаас “мессеж илгээх”, “чаатлах” гэдэг харь үг байнга унах болсон нь С.Лочин зохиолчийн эгдүүг хүргээд байгаа юм байна.

БСШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулиудад “Хувилбар сурах бичиг” гээч авлига, хээл хахуулийн шарилж багсайх хөрс суурийг бэлдэж өгснөөр хэвлэлийн жижиг компаниудын дунд сурах бичгийг дур зоргоороо үйлдвэрлэдэг зохисгүй явдал газар авсныг голыг нь олтол хэлэв. Тухайлбал, нэгдүгээр ангийн математикийн сурах бичигт “Байшингийн тагтан дээр амьтны дөрвөн хөл байлаа. Ямар амьтан байсан бэ” гэсэн бодлогыг сэтгэлгээ нь хөгжиж амжаагүй хүүхэд сурагчид байтугай ухаан суусан томчуул ч ойлгоход бэрхтэй нь хэнд ч ойлгомжтой аж. Адгуус амьтад голдуу дөрвөн хөлтэй байдаг бол хүн болон шувуу хоёр хөлтэй, хэвлээр явагчид, ялаа шумуул олон хөлтэй байдаг. Тэгэхээр хэн ч байсан энэ хачин оньсого шиг бодлогыг таашгүй гэсэн нь үнэний хувьтай сонсдов.

Уран зохиолын сурах бичгийн 1959 онд зохиосон хэлбэр, загварыг эвдэхгүй бол утга зохиолыг “хадны мангаа” гэж айх хүүхдүүд цөөрөхгүй юм байна. Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг төрөөс зориудаар комисс байгуулан зохицуулахгүй бол Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөр өөрсдийн дураар үг, үсгийн алдаатай нийтлэл гаргасаар байх нь ойлгомжтой гэсэн. Тэрчлэн, FM радио, телевизүүдийн гаргасан үг, үсгийн алдааг түүвэрлэн арав хоног тутамд нэг товхимол гаргаад байвал зөв бичиж, ярих нь сайжрах бололтой.

УИХ-ын гишүүд ч гудамжны үгээр мэдэмхийрцгээж байна
Доктор Д.Цэмбэл “Өвөө эмээ нар ач зээтэйгээ хэлмэрчээр дамжуулж ойлголцох болсон нь харамсалтай. Л.Н.Гумилевын “Түүх, соёлоосоо тасарсан ард түмэн амархан мөхдөг” гэснийг бодох юм сан. Залуучууд маань монгол хэлээ мэдэхгүйгээс ургуулан бодох, нэгтгэн дүгнэх чадваргүй болж байна. Төрийн хэл гэж байдаггүй хүний хэл гэж байдаг. Иймээс хүн бүр л хэлнийхээ өмнө хариуцлага хүлээдэг болъё” гэх мэт бодууштай үг хэлж байсан. Доктор, профессор С.Галсан “Монгол хэлийг мохоож байгаа зүйл нь гадаад хэл биш монголчууд бид өөрсдөө юм. УИХ-ын гишүүд л гэхэд “Тэгдэг л байхгүй юу” гэж гудамжны үгээр мэдэмхийрцгээх нь гунигтай. Б.Ринчен гуай “Аялгуу сайхан монгол хэл” хэмээсэн нь бусад гадаад хэл “аялгуу муухай” гэсэн үг биш.
Ер нь Засгийн газрын дэргэд “Улсын нэр томъёоны комисс”-ыг байгуулмаар байгаа юм. Босоо бичигтэй болчихвол босоо ухаантай болно гээд зарим хүн маргаад байдаг. Энэ худлаа. Хятад босоо бичигтэй байсан. Хэвтээ ханзтай болсон гээд хятад ухаан муудаагүй” гэж байв.

Доктор С.Дуламын үг бусдаас жинтэй байлаа. АНУ-ын хэл шинжлэлийн байгууллагын 2005 оны судалгаагаар дэлхийн ястан, үндэстнүүд 6912 хэлээр ярьдаг ч гуравхан жилийн хугацаанд хорь гаруй хэл устаад байгаа нь манайх шиг цөөхөн хүн амтай улсын эх хэлний хувьд аюулын харанга дэлдэх дохиолол юм. С.Дулам “Зуун жилийн дараа монгол хэл маань байх эсэхийг би хэлж мэдэхгүй. “Дэлхийн хэлний атлас” дээр Байгал нуурын орчимд мөхөж байгаа хэлний таних тэмдэг тавьсан байна лээ. Хөгшчүүл яриад, залуус нь мартсан хэлийг мөхөж байгаа, сургалтын хөтөлбөрт орохоо байсан хэлийг мөхөж болзошгүй гэсэн байдаг юм билээ. Уран сэтгэмжээр бодоход би гэдэг хүн зуун жилийн дараа амьд байлаа гэхэд монгол хэлээ ойлгох эсэхээ хэлж мэдэхгүй. Хамгийн олон хүн ярьдаг хэлтэй БНХАУ хүртэл 2000 онд “Ханз бичиг, хятад хэлний хууль” баталсан. Эх хэл, үндэсний бичгээ бадруулан мандуулна гээд ямар сүртэй уриалга хууль гаргасан гэж санана. ОХУ ч эх хэлээ хамгаалах талаар ямар их санаа тавьж байна. Би УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилд “Төрийн албан ёсны хэлний хууль”-ийг батлуулах гэж их үйлээ үзсэн хүн. Бизнесмэн гишүүдийн эсэргүүцэлтэй мөн ч их тулгарсан. Хэл, уран зохиол хоёр ямар хамаатай юм бэ гээд БСШУЯ-ны хүнд сурталтнууд хэдэрлээд байдаг. Уран зохиол хүний сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгийг сонгодог утга зохиолтой Франц, Орос, Японы хөгжлийн түүх гэрчилнэ. Хэл, уран зохиол хоёрыг хооронд нь битгий тулалдуулаасай” гэж тэрээр өгүүлэв.
Америк хонины борлон гэж ямар ч монгол хүн ярихгүй
Ардын багш Ш.Чоймаагийн санаа бодол ч сонирхолтой байлаа. Сэтгүүлчид, бүдүүлгээр хэлмээр үгийг эерүүлж, чихээр сонсч, нүдээр уншимгүй үгийг гайхамшиг мэт хэрэглэх болсон нь ёс суртахууны гажиг гэлтэй гэсэн нь хэн хүн бодмоор л санаа байсан. Мөнгөөр өөрийгөө худалддаг бүсгүйг “биеэ үнэлэгч” гэж “үнэд” оруулснаар ачир дээрээ магтан сайшааж буй хэрэг гэнэ. Ийм хүнийг “бөгсөө худалдагч”, “янхан” /Хан эрийг тойлогч/ гэх мэтээр нэрлэх үгийн сонголт байхад “биеэ үнэлэгч” хэмээх нь хөдөлмөрөө үнэлэх, оюун ухаанаа үнэлэх гэсэн утгад дүйж очиж байгаа аж. Төр засгийн тогтоол зарлиг батлагдаагүй нөхцөлд 1985 онд хэвлэгдсэн академич Ц.Дамдинсүрэнгийн зөв бичих дүрмийн толийг баримтлах нь зүйд нийцнэ гэж тэрээр ярьсан юм. Энэ мэтээр эрдэмтэд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлцгээв.

Телевизээр “талийгаачийн үхэлтэй холбоотой сонирхолтой сурвалжлага үзүүлье”, “Америк үүлдрийн хонины борлон”, “Баярлалаа гэж хэлмээр байна”, “Манайхан дотроо балай авчээ”, “Өвлийн олимпийн наадам 4000 жижигхэн хүнтэй хотод боллоо” гэх мэт ёс зүй, утга агуулгын алдаатай үгийг их хэрэглэдэг нь хүүхэд залуусын хүмүүжилд ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Нээрэн ч бодвоос, ямар ч монгол хүний сэтгэхүйд хонины борлон гэсэн үг буухгүй. Тэрчлэн, жижигхэн хүнтэй хот гэхээр “Гулливерийн аялсан түүх” зохиолд гардаг одой хүмүүсийн хотыг хэлсэн мэт санагдах нь зүй. Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галдан, ардын уран зохиолч Т.Галсан, доктор Ж.Бат-Ирээдүй, хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн нарын эх хэлнийхээ төлөө тэмцэгчид энэ хуралд үнэ цэнэтэй үгээ хэлж байсан нь олон түмэнд нэгийг сануулж, нөгөөг бодуулсан явдал боллоо. Эрдэмтэн мэргэдийн зөвлөмжийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, БСШУЯ, ХЗДХЯ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОНРТ-ийн хэрэг эрхлэх газар, Монголын нийт иргэд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдэд хүргэнэ гэж хуралд оролцогсод мэдэгдсэн билээ.

Л.Батцэнгэл

3 comments:

  1. Anonymous29/8/10 12:00

    Солонгос, япон, хятадад очоод бичгээ латин болго гэвэл, эсвэл англи, франц, германд очоод бичгээ кирилл болго гэвэл, эсвэл орост очоод бичгээ латин болго гэвэл яах бол? Бас еврейчүүд улсаа байгуулаад латин бичиг хэрэглэж болох л байсан, тэгсэн ч яагаад аваагүй юм бол? Хэлний эрдэмтэд дэлхийн бүх бичгийг өөр хоорондоо холбоотой, угсаа гарвал нэгтэй гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Хэдий тийм боловч улс орон бүрт өөрийн соёл, бахархал байдаг. Энд ухаантай ухаангүй болно гэдэг нь гол биш, үндэсний бахархал гэж юм байна ш дээ, энэ усан толгойт Лочин ойлгодоггүй л юм байх даа?

    ReplyDelete
  2. Сэтгэгдлээ бичихдээ аль болох эвгүй илэрхийллээс зайлсхийнэ үү. у... т... гэдэг үг арай л зохимжгүй байна. Цаашид бусад руу дайрч довтлолгүй зөвхөн зөв бурууг тунгаан шүүснээ бичиж байхыг хүсье.

    Блог хөтлөгчөөс

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...