Aug 24, 2010

Хуучин үг, хуучин үг, хуучин үг

Даяар Монголоос
--------------
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг, 18:40
Профессор Б. Пүрэв-Очир (МУБИС)

“Хуучин үг гэдэг бол хуучин дээлийн хуулга шиг, хуучин хив хадаг шиг зүйл биш ажээ.” (“Сэлбэ”-ийн арслантай хуучин гүүрэн дээрээс олсон санаа)

Эрдэмтэн - зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн зохиол бүтээл, туурвилзүйн салшгүй нэг бүрдэл хэсэг нь “амьд хууч ярианууд” буюу “аман өгүүллэгүүд” (доктор Д.Цэдэвийнхээр) болно. Энд хамааруулж, “Дэндэв өвгөний яриа”-наас (1944) өгсүүлээд, “Дамдинсүрэнгийн хууч ярианууд”-ыг хүртэлх олон зүйл амьд яриаг авч үзэж болно. Ц.Дамдинсүрэн, 1969 онд: “Миний бие, монголын соёлын түүхийн нэг салбар болох уранзохиолын түүхийг судалж байх учир энэ тухай элдэв сонин мэдээ зэргийг ном дэвтрээс үзэхээр зогсохгүй, өвгөд настан хүмүүсээс үргэлж сураглан асууж, тэдний ярьсан зүйлийг тэмдэглэн бичсээр байдаг билээ. Тэдний ярьсан зүйлийн дотор манай соёл ба нийт түүхэнд чухал хэрэглэгдэхүүн болох юм тоймгүй байна.” (Ц.Дамдинсүрэн, “Түүвэр зохиол”, МЗЭХ, Уб, 1969, 682-р тал) гэж бичиж байжээ.

Ийм чухал судалгаа, түүхийн баримт хэрэглэгдэхүүн нь одоогоор эрдэмтэн-зохиолч Д.Цэдэвийн тайлбар сэлт, номзүйг нь үйлдэж эрхлэн хэвлүүлсэн “Ц.Дамдинсүрэн: Бүрэн зохиол, дэд боть, 1998”-д байгаагаар:
1. “Ц.Дамдинсүрэн, намтрын хуудсаас”,
2. “Өвгөн Жамбалын яриа”,
3. “Лус савдаг, чөтгөр шулмастай учирсан хүмүүсийн яриа”,
4. “Цэндийн Дамдинсүрэнгийн хууч яриа”
гэсэн дөрвөн гол багцад багтаасан, олон янз сэдэв бүхий хууч ярианууд байгаа бөгөөд бас Д.Цэдэвийн “Овоонд нэмсэн чулууд”-ыг оруулаад, бүгд 170 орчим хууч яриа, тэмдэглэл, шүлэг зохиол байна. Бид тэрхүү өдий төдий бичил хууч яриаг “амьд хууч яриа” гэж нэрлэж байна. Яагаад ингэж нэрлэв гэвэл, академич Ц.Дамдинсүрэн, “Өвгөн Жамбалын яриа” хэмээх нэгэн хавтас хууч ярианыхаа оршилд: “Өвгөн Жамбалын ухаан сэргэлэн, ой сайн тул өнгөрсөн олон жилийн явдлыг тодорхой дэлгэрэнгүй ярьсан бөгөөд би тэр ярьсныг нь хэвээр тэмдэглэхийг оролдсон боловч жаахан товчлогдсон ба бас нэлээд зүйл ч орхигдсон байна. Өвгөн Жамбал, цэгц шударга, томоотой, үнэнч хүн тул түүний ярьсан зүйлд гуйвуулан чимсэн, өөрчилсөн юм байхгүй гэж бодож байна... Гэвч түүнийг засвал ярьсан үгийн хэлхээ эвдэрмээр байх тул огт засаж өөрчилсөнгүй, уг хэвээр нийтлэв.” гэж тэмдэглэсэн байна. Энэ бол “Жамбал донир”-оос “Гулын Равжаа”-г хүртэлх, “Өвгөн Бямбадоржийн ярианууд”-аас “Ц.Дамдин-сүрэнгийн хууч яриа: Дугар зайсан”-г хүртэлх олон арван хууч яриа бол бодот хүмүүс ба амьдрал, болсон явдал, тодорхой орон цагийн үүдэлтэй “амьд ярианууд” бөгөөд “билэгт” Жамбал донир зэрэг хүний тодорхой дэлгэр ярьсныг судлаачаас огт өөрчлөөгүй, гуйвуулан засварлаж, элдэв чимэг хачир, давс нэмээгүй хэвээр нийтэлсэн болохыг хэлж буй хэрэг юм.
Ц.Дамдинсүрэнгээс амьдрал туршдаа цуглуулсаар тэмдэглэн үлдээсэн өмнө дурдаж тэмдэглэсэн 4-5 гол багц “амьд хууч ярианууд” бол Монголын түүх сурвалж, соёл, угсаа ба нийгэм хэлшинжлэлийн үнэт хэрэглэгдэхүүн, танин мэдэхүйн ач холбогдолтой баримтат аман өгүүллэгүүд болно. Эдгээрээс юу юуг улируулан задалж судалж болох, юу юуг танин мэдэж болох, шинэлэг чиглэлийн ямар ямар судалгааны эх хэрэглэгдэхүүн болгож болох вэ? гэдэг бол чухал асуудал юм аа. Өөрөөр хэлбэл, түүхийн хүрд урагшлах тусам эдгээр амьд баримт, бичгээр үлдсэн материал хэрэглэгдэхүүн нь өдгөө цагт монголын түүх, соёл, хэл, угсаатны зүй, уранзохиол судлал, зан үйлийн судлал, шашин судлал, намтар судлал, бүр тэгээд “Ц.Дамдинсүрэн судлал”-д үнэт өв, шинэ судалгааны сурвалжууд болох учиртай билээ.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Цэдэв “Зарим хууч яриаг аман зохиолын төрөл зүйлд хамааруулж болох мэт боловч баримтат уранзохиолын төрөлд оруулан хэлэлцэхэд илүү тохиромжтой болно. Түүний жишээ нь зохиолчийн амьдралынхаа сүүлчийн жилүүдэд төрсөн нутаг хошуу хийгээд таньдаг хүмүүсийн хувь заяаны тухай болон бага залуу насны холбогдол бүхий хууч яриаг үр хүүхэд, ойр дотнын хүмүүстээ ярьж тэмдэглүүлдэг намтар уран бүтээлийн судалгаанд чухал баримт болохоос гадна ер, монголын нийгэм, соёлын хөгжилтийг нарийвчлан шинжлэхэд чухлаас чухал хэрэглэгдэхүүн болно” гэж (Ц.Дамдинсүрэн: Бүрэн зохиол, 2-р боть, 1999, 191-р тал) тэмдэглэжээ.

Эндээс үүдэж, нийгэм, соёлын байдлыг нарийвчлан шинжилж, судалгааны ямар ямар чиглэлд шинэ сэдэв, хэрэглэгдэхүүн болгож болох талаар яльгүй дэлгэрүүлж санаа бодлоо хэлбэл:
о Тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн харилцааг судлан шинжлэхэд баримт хэрэглэгдэхүүн болгох,
о Түүх бичлэгийн сурвалж судалгааны бичил баримт хэрэглэгдэхүүн болгох,
о Тэр цаг үеийн нийгэм дэх монголчуудын соёлын олон янз байдлыг судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Тухайн бүс нутгийн хүмүүс, гэр бүлийн харилцаа, эш удмыг судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Тэр цаг үеийн хүмүүсийн боловсрол, аж онолыг судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Тэр цаг үед амьдарч байсан түүхт болон нутаг хошуундаа алдаршсан хүмүүсийн намтар, амьдрал тэмцлийн мэдээ, товчоог судлахад хэрэглэгдэхүүн болгох,
о Монголчуудын шашны зан үйл, монгол бурхадын бүтсэн түүх, цол хэргэм, мяндаг тушаал, лам нарын явдлыг судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Монголын зарим гол сүм хийдийн байршил, түүх, үйл ажиллагааг нь судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Хүрээ, хийдийн амьдрал, гадаад, дотоод харилцаа, идээ бадаас,хувцас хунар, цалин хөлс, мөнгө зоос тэргүүтэнг судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Богд, түүний гэргий, эдний эргэн тойрны явдлыг судлахад хэрэглэгдэхүүн болох ,
о Богдын сонин юм, тугдам тэргүүтэнг судлах хэрэглэгдэхүүн болох талаас нь,
о Монголчуудын уул усны тахилга, түүний ёс жаягийг судлах хэрэглэгдэхүүн болох талаас нь,
о Монголчуудын наадам цэнгээн, хушга харвах, морь уралдах, овоо тахих уламжлал тэргүүтэнг судлах хэрэглэгдэхүүн болох ,
о Хятад хар цэргийн довтолгоон, хүрээ хийд, лам хуврагуудын эсэргүүцэл, тэмцлийг судлах хэрэглэгдэхүүн болох,
о Сүхбаатар, Чойбалсан, Хатанбаатар Магсаржав нарын амьдрал, тэмцлийн зах зухаас танин мэдэх хэрэглэгдэхүүн болох ,
о Ц.Дамдинсүрэнтэний нутаг хошуу, ойр зэргэлдээ нутаг усных нь “хоч нэртэнгүүд”, тэдний амьдрал явдлыг нэрзүйн үүднээс судлах, тодруулах хэрэглэгдэхүүн болох ,
о Ц.Дамдинсүрэнгийн нутаг хошууны түүх намтрын товч, зохиолчийн удам судрыг судлахад хэрэглэгдэхүү болох,
о Акад.Ц.Дамдинсүрэнгийн уулзаж учирч явсан нэрт хүмүүс, эрдэмтэн, мэргэд (тухайлбал А. Руднев , Цэвээн Жамцарано, Дорж Мэйрэн, Шагж гэвш, Бат-Очир шадар, Мэргэн Гомбожав, Дашням гүн, Баянчуулган, Хурц ван Түддэн, Даваа мэйрэн, Павел Поуха г.м.) –ийг судлах хэрэглэгдэхүүн болох,
о Уранзохиол судлал, тэр дундаас аманзохиол, домогзүйн судалгааны үнэт хэрэглэгдэхүүн болох,
о Монгол хэлний угсаа-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэлийн чухал хэрэглэгдэхүүн болох,
о Чөтгөр шулмас, лус савдаг, зүүд зөн, муу ёр, дом шившлэг г.м. зан үйлийн судалгааны сонин баримт хэрэглэгдэхүүн болох,
о Хуучин үг, түүхэн үг, нутгийн аялгууны үг, харь хэлний үг, элдэв хэлц хэллэгийг судалж задлахад чухал хэрэглэгдэхүүн болох г.м. олон өнцгөөс нь авч үзэж болмоор санагдана.

Биднээс яльгүй лавшруулан харж, судалгааны шинэ сэдэв болгож болмоор нэг чухал сэжим бол монгол хэлний угсаа - хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэл, хуучин үг хэллэгийн амь амьдрал, эрчис долгис, соёл хэрэглээ гэдэг тал нь болно. Иймээс ч бид ардын уранзохиолч, академич Ц.Дамдинсүрэн судлалд зориулсан шинэ судалбаруудынхаа нэгийг “Амьд хууч ярианууд - хуучирсан үг хэллэг –судалгааны шинэ сэдвүүд ...” гэсэн гурвалжаар тулгуур санааг авч байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн судалбарынхаа гол зорилго, чиглэлийг “хуучин үг, хуучин үг, хуучин үг...” гэж онцолж байна.
Монгол хэлний найруулгад хязгаарлагдмал хэрэглэгддэг хуучин ба түүхэн үг, эртний үг харьцангуй бага судлагджээ. “Монгол хэлний сувд эрих нэрт ховор хуучин үгийн толь” (Ж.Сэржээ, Б.Амаржаргал, Л.Балдан, Б.Янжиндолгор нар, Уб., 1992.)-оос өөр олигтойхон диссертаци, ганц сэдэвт зохиол, хуучин үгийн толь бичиг, тайлбар бичиг гарсангүй. Харин монголчуудын цол хэргэмийн нэр болон зарим төрмөл, ормол хуучин үг хэллэгийг Ч.Арьяасүрэн, Н.Балжинням, Ж.Бат-Ирээдүй, Ж.Гэрэлбадрах, А.Дашдэмбэрэл, Ё.Жанчив, Х.Лувсанбалдан, Ц.Өлзийхутаг, Л.Мишиг, Х.Нямбуу, Х.Пэрлээ, М.Саруул-Эрдэнэ, Г.Сүхбаатар, О.Сүхбаатар, Ж.Төмөрцэрэн, Л.Түдэв, Ж.Урангуа, Ш.Чоймаа, Я.Цэвэл, Ц.Шагдарсүрэн нарын зэрэг манай эрдэмтэн судлан тайлбарлаж иржээ. Гэхдээ л монгол хэлэн дэх үг хэллэг хуучрах үзэгдэл, түүхэн ба хуучин үгийг хам ба цуваа цагийн үүднээс тусгайлан судлах, сурвалж бичиг, эх бичвэрүүдээс бүртгэн цуглуулах ажил төдий л сайн хийгдээгүй байна гэж үзэж болно. Наанадаж л гэхэд, монголын түүх, соёл, туурвилзүйн сурвалж бичгүүдэд, тэрчлэн албан бичиг хэргийн хэл найруулгад хэрэглэгдсээр ирсэн, одоо эргэж сэргээд идэвхтэй хэрэглэгдэж байгаа зарим хуучин үг, нэртомьёог бүртгэн цуглуулах, толь хийх, утгы нь тайлбарлах ажлыг хиймээр байгаа юм. Бас Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Х.Пэрлээ, Д.Намдаг, Л.Түдэв, Ш.Нацагдорж, Ж.Пүрэв, Лха.Дарьсүрэн, Ч.Лодойдамба, Т.Галсан, Д.Маам, С.Удвал, Л.Чойжилсүрэн, Б.Бааст, До. Цэнджав зэрэг хуучин үг хэллэгийг урансайхны болон нийтлэлийн зохиол бүтээлдээ өвөрмөц зохистой, зөв сайхан хэрэглэдэг нэрт зохиолчдын олон арван бүтээл дэх түүхэн ба хуучин үг хэллэгийг бүртгэн гаргаж, цуглуулах, найруулгын үүрэг, хэрэглээ, утга соёлын талаас нь судлах, тайлбарлах ажлыг бараг хийсэнгүй. Цаанадаж, “Хуучин ба түүхэн үг хэллэгийн найруулга, үүрэг, хэрэглээ, соёл”-ыг зохиолч нэг бүрээр нь эрдэм шинжилгээний аргаар тусгайлан судалсангүй иржээ. Бид зарим зохиолчдийн бүтээлийн хуучин ба түүхэн үгсийг сонирхон судалж байгаа юм аа.

Академич Ц.Дамдинсүрэнгийн олж цуглуулсаар, тэмдэглэн үлдээсэн нөгөө “амьд хууч ярианууд”-ын үгсийн сангийн үүсвэр бүрэлдэхүүн ба найруулга бүрэлдэхүүний олон талыг ажиглаж шинжиж үзвээс, монгол хэлний хөгжлийн тодорхой үе шатанд идэвхтэй хэрэглэгдэж байгаад, өдгөө зарим талаараа идэвхтэй хэрэглээнээс гарсан боловч судалгааны маш сонин хэрэглэгдэхүүн болгож болох олон тооны түүхэн ба хуучин үгс, үг хэллэг, хэвшмэл хэлц байна. Эдгээр нь Ц.Дамдинсүрэнгийн аман өгүүллэгүүд, баримтат зохиолууд, хууч яриануудад хуран чуулж ороод, өнөөгийн бидэнд бэлэн сайхан материал болж үлдсэн юм шиг ч санагдаж байна. Ийм учраас юуны өмнө, нөгөө дөрвөн том багц “амьд хууч яриануудын” хэл найруулгад уламжлагдаж ирсэн давтамж ихтэй хуучин үгсийг түүж гаргаад, түүнийгээ “шинэ судалгаа”-ны “түүхий эд” болговол багагүй ач холбогдолтой юм. Наад захын баримт жишээ болгож, бидний түүж нийтлүүлж байгаа ховор хуучин үгсийн зарим жишээ, жагсаалт нь нэг талаар, бэлэн зэлэндүү материал мэт харагдавч нөгөө талаар, “бэрх хоол” гэдгийг умартаж боломгүй. “Бэрх хоол” гэдгийн учир бол уугуул монгол болон өөр бусад хэлний (санскрит, төвд, манж, хятад г.м.) хуучирсан үг хэллэг, нэр томьёоны үгсийн гарвал үүсэл, явж ирсэн зам мөр, балархайшсан жим улбаа, үгсийн сангийн суурь утга ба соёл хэрэглээний утга, эх бичвэрт үлдсэн хэрэглээ, үнэт зүйлсийг тээж зөөж яваа байдал зэргийг нь судалж тайлбарлана гэдэг бол олон янз соёлын хамааралтай, угсаа-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэлийн учир холбогдолтой чухам нарийндаа бол, үгийн сан - утга судлалын адармаатай сонин асуудал юм. Иймээс ч бид энэ бяцхан судалбартаа акад. Ц.Дамдинсүрэнгийн он цагийн урсгалд олон янз аргаар цуглуулж, найруулж, эмхлэн нийтлүүлж өгсөн “амьд хууч ярианууд” дахь уугуул монгол болон харь хэлнээс орж хэвшиж нутагшсан түүхэн ба хуучин үг хэллэгээс гол төлөв шашин, сүм хийдийн ажил амьдрал, зан үйл, ёс жаяг, эд өлөг, зэрэг дэв, хэргэм цол, идээ бадаас, эд хэрэгслийн холбогдол бүхий хоёр бүлэг зүйл хуваасан үгсийг түүвэрлэн, үгсийн сан - утгасудлалын шинэ судалгааны “түүхий эд” болгох, танин мэдүүлэх зорилгоор сэдэл санал болгож байна. Үүнд: юуны өмнө, Ц.Дамдинсүрэнгийн “Бүрэн түүвэр”-ийн дэд ботид (доктор Д.Цэдэвийн тайлбар сэлтийг хийж, нэмэн оруулснаар) байгаа шашин, сүм хийд, хэргэм цол, зэрэг дэв, эд агуурс, идээ бадаа, угсаа заншлын г.м. бүлэг бүлэг үгс нь сонирхол татаж байна.

Нэгдүгээрт, цол хэргэм, зэрэг дэв, ажил үүргийн бүлэг үгс гэхэд, “Хууч яриа”, баримтат аман өгүүллэгүүдэд нь бараг бүгд орж тэмдэглэгдэн үлдсэн байх жишээтэй. Энэ нь өдгөөгийн бидний, ялангуяа хүүхэд залуусын сайн ялгаж ойлгохгүй, утга, уг гарвалыг нь ухаж мэдэхгүй үг хэллэг болжээ. Иймд хэл, соёл судлалын “шинэ судалгаа”-гаар тайлах, хуучин үг хэллэгийн талаас нь тусгайлан авч үзэх шаардлагатай болоод байх шиг. Ийм үгсийн бүлгийг Жамбал донир, Ц.Дамдинсүрэн нар эзэнтэй нь, түүхэн хүний нэртэй нь тов тодорхой тэмдэглэн үлдээсэн нь хожмоо боддог ухаантай хүмүүсийн сайн ажил үйлс гэж хэлж болох байх. Үүнд: “амьд хууч ярианууд”-д байгаагаар жагсаан сонирхъё: Жамбал донир, Баажав донир, Мөрдоной нярав, хогч лалга Мөржав, тахилч Мөрням, гомбоо лам Дүгэржав, галч Дугаржав, Сандуй бичээч, хаалгач Цэвээнжамба, сангай лам Догсом, дэргэдийн бараа бологч, Жагар зодч, Дагва дунхар, Пунцаг хиа, Дарлан банди, Сэрээтэр туслагч, Балдан хачин, Арцаа тайж, Хүрлээ бэйс, Ахай бээс, Агваан зочи, Нэрэнпун галдаа, Соном гэсгүй, Содном занги, өвгөн ноён Дашдорж, Сэрээнэн оточ, Бандид ловон, Намжил тунсаг соёг, Цэвээн тэргүүн, Рааш захирагч, Гимпэл хүнд, Цэнд залан, Аюур зайсан, Цэнд гавж, Жасаа түшмэл, Лэгцэг сойвон, Мөрлэгцэг сэмбэн, Жигжид тойн, Нинж долбий, Гомбодоной гүен, Манзушир хутагт, Дамдин чухал, Чойжин лам, Чойнхор ван, Балданцэрэн гүн, сул гүн Санжмятав, Даваа мэйрэн, Шагж гэвш, Лувсандондог цорж, Бат-Очир шадар, Галсан умзад, цогчин умзад Чимэд, Гэлэгжамц дооромбо, Эрдэнэ маарамба, Агваан лхарамба, Ширнэн жонон, Өндөр гэгээн, Наваан рабжамба, Норов хамба, Дамбий шавран, Жалханз хутагт, Бадамдорж шанзав, Цэрэнчимэд даа лам, Ханд чин ван, Агваан хамба, хүрээ хамба Балдан чоймбол, Түвдэнжамц далай лам гэх мэт. Жич тэмдэглэх нь, энэ удаагийн бяцхан судалбарт монгол хэлэнд хэрэглэгдэж байсан цол хэргэм, мяндаг тушаалын нэрийн гарал төрөл, утга, хэрэглээний орон, цагийн асуудлыг нарийсган тайлбарлаж амжсангүй. Ер тэгээд монголчуудын цол хэргэм, цол зэрэг, хэргэм зэрэг, зэрэг дэв, зэрэг тушаалын нэрзүй бол тусгайлсан судалгаа шаардах яггүй нарийн сэдэв шиг байна. Энэ талаар МУИС-ийн багш, доктор Ё.Жанчив: “Korean Primitive Culture and its Origin Linguistic study” (2008) эмхтгэлд “Монголчуудын цол хэргэмийн зарим судалгаа” хэмээсэн сонирхолтой өгүүлэл нийтлүүлж билээ.

Хоёрдугаарт: шашины зан үйл, даншиг дээр хүртээдэг цол, эд хэрэгсэл, уул усны тайлга, тахилга, ном судрын зүйл, цэрэг цуухтэй холбогдол бүхий сонин сонин хуучин үг, хэллэг уламжлагдан иржээ. Үүнд: зэд барьц, олбог (шагнал), зоригт, билэгт, шадар, бинт, дураал, догшид, шавдан, шүг сахиус, цам, мам, танч, онх, жахар, улаа (барих), далхаа, шавдан, сан солх, тугдам, пог зэд, зод, зодч, навс, шар шувтлах (хар болгох), ном шувтрах, хомт шаант, харанга магтаал, ямба (хийх), ам өрх нийлүүлэх, хив зангиа, тайлуу, зангисгаа (малгайн орой дээрх), зоогой, хахууль, пийлэн цэрэг г.м. бүлэг үгсийг сонирхож болохоор байна.

“Билэгт” өвгөн Жамбал донирын яриа”, “Өвгөн Бямбадоржийн яриа”, “Ц.Дамдинсүрэнгийн хууч яриа”-нуудын нэг онцлог, сонин тал нь өгүүлэгч ба яриаг цуглуулж тэмдэглэсэн Ц.Дамдинсүрэн нь зарим хуучин үг хэллэгийн уг гарвал, утга, соёлын талыг тайлбарласанд оршиж байна. Тухайлбал, “онх”, “сангай хар дарга” гэдэг үгсийн утга, хэрэглээг тайлбарлахдаа: “Онх гэдэг бол мянган хүнийг алахад мянгадугаар хүн нь толгойгоороо газар хатгаж, хоёр хөл нь дээшээ гозойж үхдэг. Түүнийг үзээд, би мянган хүн алжээ гэж мэдэж байсан гэдэг. Баатар бэйлийн есөн онх босгосон тийм сэлмээр хадсан таваг байсан гэдэг. Энэ мэт нандин юмыг сангай хар дарга хадгалж байдаг байлаа. Сангай дарга гэдэг бол элдэв муу сайн юм хадгалдаг, түлээ мэддэг хүн.” гэж их л сонин тайлбар хийсэн байна. Энэ “онх”-ын утга шилжсээр шагайгаар дөрвөн бэрх хаяж тоглоход хааяа буудаг “онх”-ыг нэрлэдэг үг болжээ.

Бас “дуганч” болон “билэгт” гэдэг цолоос үүдэж, Жамбал донир өгүүлсэн нь: “Би гурван жил гаруй Бадма-Ёгод хураад, тэр дацангийн дуганч болсон. Дуганч гэдэг бол зарлагын чанартай хүн. Лам нарт зарлах, хэл хүргэх зэрэг ажлыг хийнэ. Дөрвөн дуганчтай байсан. Намайг олон жил алба хаасан ах хүн гэж “билэгт” цолтой болгосон. Энэ цолыг би 1922 оны орчим шавийн даншиг дээр авсан билээ.

Богд бол ах хүнийг заавал гуайлдаг байсан, удсан албаны хүмүүст даншиг өргөх үеэр цол зэрэг, олбог шагналыг олгоно. Цол нь зоригт, билэгт, шадар, дураал зэрэг байлаа. Энэ цолын тухай шоглож ярьдаг үг байсан. Жишээ нь: Дураал гэдэг нь харалган, зоригт гэдэг нь тэнэг, шадар гэдэг нь долдой, билэгт гэдэг нь их үнэтэй, бэнтэй цэнтэй гэсэн үг гэдэг...” гэж байна. Энэ бол дээр дурдсан цол зэргийн үгсийн гарал төрөл, утга хэрэглээг танин мэдэхэд сайхан баримт, бодот тайлбар болж байна. Энэ мэт “амьд хууч ярианууд”-аас олж ялган түүвэрлэж, дээр нэгдүгээр ба хоёрдугаар багцад онцлон дурдсан үг хэллэгийг А-Я хүртэл буюу Арцаа “тайж”-аас, “ёнзон” Хамбыг хүртэл, эсвэл “ам өрх нийлүүлэх”-ээс “ямба хийх” хүртэл, аль эсвэл “шар шувтлах”-аас “ном шувтрах” хүртэл хуучин үг хэллэгийн шинэ судалгааг хийж, тайлбар сэлтийг гаргаваас эх хэл, соёлын судалгаанд багагүй ач холбогдолтой болно. Тухайлбал, Зод - Төвд хэлнээс монгол хэлэнд орсон үг, дүйжин тавьдаг ном, зодч - дүйжинч лам, бурхан болоочийн хойдохын замыг заагч лам, зодын номыг үзэж зочи болсон хүн. (Н.Балжинням, “Монгол хэлний гадаад үгийн толь”, Монгол-орос-англи, Уб, 2008) гэх мэтээр тайлбарлан сэнхрүүлэх нь өнөө үеийнхэн бидэнд төдийгүй, хожим үеийнхний хэл, соёлын боловсрол, хэрэглээнд ач тустай билээ. Ер ажиглаад байхад, хуучин үг гэхлээр л хуучин дээлийн хуулга шиг хэрэггүй шахам зүйл гэж ойлгож явдаг хүн байдаг бололтой. Тэгвэл энэ нь арай өөрөөр ойлгомоор зүйл л дээ. Хуучин дээлийн хуулга сайндаа л хурга тугалын нэмнээнд хэрэг болдог, хуучин хив хадаг үнэхээр үнэгүйдэж, Сэлбийн хуучин гүүрийн арслангийн аманд өлгөөстэй байх болж, харин хуучин үг, хэллэг бол тухайн улс үндэстний утга соёл, аман билиг, уламжлалт ёс заншил, үүх түүх, үнэт зүйлсийг тээсээр толь бичгийн толгой үгэнд байраа эзэлснээр “мэдээ хүргэгч” өвгөн үг болдог жамтай ажээ. Жишээлбэл, Лу.”Алтан товч”-д байдаг “Сүүдрээс бус нөхөргүй, сүүлнээс бус чүчигэ үгүй” гэдэг хуучин хэлц үг, “чүчигэ”хэмээх хуучин үг ямар сонин уг гарвалтай, ямар сонин утга соёл, мэдээллийг тээж ирснийг зарим эрдэмтэн их л сонин сайхнаар тайлсан байдаг.

Эцэст тэмдэглэхэд, эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Үгийн тухай хэдэн үг” (1963) гэдэг товч таталбартаа: “Өөрийн мэдэхгүй үг бүрийг хуучирсан баларсан үг гэж хуу шийтгэж болохгүй....Ардын ярианы хэлэнд байгаа үг хэллэгийн утгыг сайн мэдвэл түүнийг зөв хэрэглэж чадна. “Үг олдлоо, үхэр холдлоо” гэж, “Үг яриагаа цөөтгөе, зогсоё” гэсэн утгатай үгийг олон хүн хэлдэг. Харин энэ хэллэгийн үүсгэл домгийг хүн бүр мэддэг биш байна.

Урьд газар товчилж явдаг нэг бадарчин явж гэнэ. Тэр бадарчинтай үхэр хариулж яваа өвгөн дайралдаад, олон үг асуугаад, бадарчны яриаг сонсож дагаад жаахан явж гэнэ. Нэг цай чанах зуур хамт явсан бадарчин хэлж гэнэ. “Өвгөн! үг олдлоо, үхэр холдлоо” гэжээ. Тэгэхлээр нь өвгөн буцсан чинь гурван сар явж байж нутагтаа ирсэн юм гэдэг. Тэр бадарчин газар товчилж хурдан явдаг болохлоор хамт яваа өвгөнд бас газар товчлогдож, богино цагийн дотор их хол явчихжээ. Үг хэлээ ойлгож мэдэхийн төлөө, түүнийг зөв хэрэглэхийн төлөө, бид их ажил хийх хэрэгтэй байна...” гэж бичжээ. Бас Монгол улсын ардын билигзүйч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсан “Ардын билиг ухааны оньс”(Уб.,2005) номдоо:”Үгийн өвгөн утгын таягийг тулдаг гэж ер нь үнэн шүү дээ, Та минь! Манай хэл сүрхий олон үгтэй шүү дээ, тэгээд үгийн эрихийг хэлхэж, утгын угалзыг сийлэх хүн үгээ сайн мэдэж байх хэрэгтэй.” гэсэн байдаг юм. Жич тэмдэглэх нь, монгол хэлний хуучин ба шинэ үгийн судалгаа, эх хэл, уран бүтээлийн хоорондын уялдаа холбоо, өмнөх үеийн болон өдгөө үеийн соёлын судалгааг зэрэгцүүлэн хиймээр байна. Иймээс ч, даяаршлын энэ эрин зуунд олон хэл, олон соёлын харилцан хамаарлыг тодорхойлж, ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, ноён Койчиро Мацурагаас 2008 оныг Хэлний олон улсын жил болгон тэмдэглэхтэй холбогдуулан гаргасан ИЛГЭЭЛТ”-д “...хэл, эдийн засаг хоорондын, уугуул ард түмний хэл, мэдлэгийн хоорондын, эсвэл хэл, уран бүтээлийн хоорондын уялдаа холбоог судлах зорилгоор ч гэсэн хаа сайгүй “Хэл бүхэн чухал!” гэсэн үзэл санааг өрнүүлэх хэрэгтэй” гэж онцлон тэмдэглэсэн нь их утга учиртай өгүүлбэр болой.

1 comment:

  1. Anonymous24/8/10 14:23

    Хуучин үгнүүдийг сайн ашигламаар л байгаа юм даа.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...