Aug 9, 2010

"Ханийн түшиг" өгүүллийн орчуулгын тухай

Эхлээд эх өгүүллийг орчуулгатай нь дахин орууллаа. Анх "Орчуулгыг эх бичвэртэй нь" хэсэгт оруулсан.

결혼 후 이런 남편 있을까?

한 중년 부부가 있었습니다.
몇 년 전부터 부인의 시력이 나빠져 수술을 했으나
수술이 잘못되어 실명하고 말았습니다.
그 후 남편은 매일 같이 아내를 출근시켜주고
일과가 끝난 후에는 집까지 함께 왔습니다.
그러던 어느 날…
- 여보 당신을 더 이상 도울 수가 없겠소.
내일부터 혼자 출근하도록 해요.
- 네?
네… 네…
아내는 남편에게 너무나 섭섭했고,
사랑하는 남편이 그런 말을 한 것에 배신감까지 느꼈습니다.
그리고 이를 악물고 살아야겠다는 결심을 한 후
많이 넘어지기도 하고…
울기도 하면서 버스를 혼자 타고 다니는 훈련을 시작했습니다.
그 후 어느 정도 익숙해진 두 달 뒤 어느 날
버스 운전기사가 부인에게 이렇게 얘기했습니다.
- 아주머니는 복도 많네요.
남편이 매일같이 버스에 함께 있어 주고
직장에 들어갈 때까지 손도 흔들어 주고
정말 좋은 남편을 두셨어요…
이 말을 들은 부인은 그만 울음을 터뜨리고 말았습니다.
남편은…
언젠가 자신이 없어도 몸을 돌볼 수 있어야 하는 아내를 위해
그런 거짓말을 하고…
항상 뒤에서 말없이 지켜봤던 것입니다.

Ханийн түшиг

Энэ удаа би дүрс бичлэгийг оруулсангүй.

/Үүний хадмал орчуулгыг доороос уншина уу/
Олон жилийг хамтдаа угтаж үдсэн нэгэн аз жаргалтай хос амьдран суудаг байжээ. Үүлгүй тэнгэрт аадар бороо цутгах шиг эмч нарын хариуцлагагүй хагалгааны улмаас эхнэр нь орчлонг харах нүднээсээ хагацаж гэнэ. Хөөрхий бүсгүйд харанхуй ертөнцийг гийгүүлэх цорын ганц нар үлдсэн нь нөхөр нь байлаа.
Идэр залуу насандаа харах мэлмийгээсээ хагацсанд нөхөр нь шаналан зовж байвч эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд чадах чинээгээрээ дэмжин тусалж байв.Эхнэрээ хараагүй болсоны дараа ч нөхрийн хайр урьдын адил халуун дулаан байсаар.
Эхнэр нь ч нэгэнт ирсэн амьдралдаа аажим аажмаар дасан бие дааж байлаа. Цаг хугацааны аядуу цохилт өршөөлгүй мэт санагдах амьдралын эрчит урсгалыг зөөлрүүлж тэрбээр шинэ амьдралдаа нэгэнт дасаж гэнэ.
Өглөө бүрийн шинэ нарны цацраг тэдний хайрыг улам ихээр гийгүүлэх бүрт урд өмнөхөөсөө илүүтэйгээр хоёр биеэ үнэн сэтгэлээр асран халамжлах болжээ. Ингээд эхнэр нь хуучин ажлаа хийхээр болж өдөр бүр нөхөр нь автобусаар хамтдаа яван ажилд нь хүргэж өгөөд орой бүр эхнэрээ тосон авдаг болжээ.
Нэг өдөр нөхөр нь “Эхнээр. Одоо чи бүх зүйлийг өөрөө хийж чадах учраас маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй” гэжээ. Нөхрийнхөө хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бодлоо сэтгэлийн гүндээ нуун хадгалжээ. Нөхрийнхөө хэлсэн үгийн хариуд сулхан дуугаар “За” гэж хариулсан ч “намайг тэр минь орхих вий” гэсэн нууцхан бодолтойгоо тэмцэн зүрхэндээ сэмээрхэн уйлжээ.
Ингээд маргааш өдрөөс эхлэн цагаан таягаараа хань хийн автобусаар ажилдаа явах болов.
Бүсгүй ганцаараа ажилдаа явах болсоор 2 сарыг үджээ.Гэтэл нэгэн өдөр автобусны жолооч “Та их азтай бүсгүй юм. Нөхөр тань өдөр болгон таныг дагаж ирээд алсаас таныг ажиглаж, ажилдаа ороход тань алсаас үнсчихээд явдаг шүү дээ” гэж гэнэ.
Энэ үгийг сонсон бүсгүй мэлмэртэл уйлжээ. Тэрбээр энэ хугацаанд ганцаараа явж байна гэж төсөөлөн бүхнийг өөрөө хийх гэж мэрийн байжээ. Цагаан таягаараа замаа тэмтчин явахдаа ялингүй зүйлд тээглэн бүдэрч унаад эргэн босож алхах бүрт нөхөр нь гүйж очиод түшин босгохыг хүсэвч эхнэрээ өөрийгөө ялан хэн нэгнээс хараат биш өөртөө итгэлтэйгээр бүхнийг хийж чадах шинэ амьдралд сургахын тулд түүний үйлдэл бүрийг алсаас хараад хамтдаа бүдэрч, хамтдаа уйлж байсныг эхнэр нь мэджээ. Нарт хорвоогийн тоос хөдөлгөх хүмүүний амьдралын зурвасхан хугацаанд дуусашгүй үнэнч хайр халамжаар биенээ дулаацуулан түшиж тулах ханьсахын жаргал гэж энэ буй.


Дээрх орчуулгад санал сэтгэгдлээ бичсэн хүний засаж найруулсанд үндэслэн саналаа оруулахдаа би ялгах гэж налуулж бичлээ.

Орчуулга нь биш утга нь их таалагдлаа гэж бичсэн хүн байна. Би солонгос хэлний орчуулагч биш л дээ. Гэхдээ дараах зүйлсийг хэлмээр санагдлаа.

Монголчууд маань сургамжит өгүүллээр цангадаг бололтой. Бусад бичлэгт сэтгэгдэл бараг байхгүй атал энэ бичлэгт чамгүй олон сэтгэгдэл бичжээ.
Уг өгүүлэл нь бодит түүхээс сэдэвлэсэн байна билээ. .

1. Солонгос эх дээрээ юу гэж байсныг мэдэхгүй юм. Гэхдээ жоохон логикийн алдаа байх шиг. Олон жилийг хамтдаа угтаж үдсэн гэсэн мөртлөө идэр залуу насандаа хараагүй болсон гээд байх юм.

Та сайн олж харжээ. Солонгос эхэд “олон жилийг хамтдаа угтаж үдсэн”, “идэр залуу насандаа хараагүй болсон” гэсэн илэрхийлэл байхгүй.

2. Идэр залуу насандаа харах мэлмийгээсээ хагацсанд нөхөр нь шаналан зовж байвч эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд чадах чинээгээрээ дэмжин тусалж байв.
Энд нөхөр нь мэлмийгээсээ хагацсан юм шиг болчихож. Мөн бие даасан эмэгтэй, гэнэтийн өөрчлөлт, хөл алдуулахгүй гэдэг нь нэг л наалдацгүй сонсогдож байна.

“Харах мэлмий”, “мэлмийгээсээ хагацсан” гэх шаардлагагүй болов уу. Зүгээр “хараагүй болсон” гэхэд хангалттай мэт. Хүн “эрхтэнээсээ хагацна” гэж ярьдаггүй, хэн нэгнээс хагацна л гэж голдуу ярьдаг шүү дээ. “Эрхтнээсээ салах”, “эрхтэнгүй хоцрох” гэж байдаг боловч энэ өгүүлэлд тохирохгүй.
Эхнэрээ бие даасан эмэгтэй болж гэнэтийн өөрчлөлтөнд хөл алдуулахгүйн тулд” гэсэн илэрхийлэл наалдацгүй байгаад санал нэг байна. Энэ хэсгийн найруулгыг хам сэдвээс ухаж ойлгоод засах гээд үзье. “Өөрийг нь эзгүйд ч эхнэрээ зовж шаналах вий гэсэндээ” гэвэл ямар вэ?

3. Цаг хугацааны аядуу цохилт
Өгүүллийг уншихаар аядуу биш хүчтэй л цохилт шиг байх юм.

“Цаг хугацааны аядуу цохилт өршөөлгүй мэт санагдах амьдралын эрчит урсгалыг зөөлрүүлж тэрбээр шинэ амьдралдаа нэгэнт дасаж гэнэ.” Энэ олон үг илэрхийлэл яаж гарч ирсэн юм бол доо? “Өршөөлгүй мэт санагдах амьдралын эрчит урсгалыг цаг хугацааны аядуу цохилт зөөлрүүлж” гэх гэсэн юм болов уу? Их л уран яруу илэрхийлэх гэж оролдсон байна.

4. Өглөө бүрийн шинэ нарны цацраг тэдний хайрыг улам ихээр гийгүүлэх бүрт урд өмнөхөөсөө илүүтэйгээр хоёр биеэ үнэн сэтгэлээр асран халамжлах болжээ.
Нарны цацраг гийгүүлсэн юм уу? Өглөө бүрийн шинэ нарны цацраг гэхийн оронд "Өглөө бүр нарны цацраг" гэвэл? урд өмнөхөөсөө илүүтэйгээр гэхийн оронд "хоёр биеэ улам бүр чин үнэнчээр" гэвэл?

Эх өгүүлэлд ийм өгүүлбэр огт байхгүй. ^^

5. Эхнээр. Одоо чи бүх зүйлийг өөрөө хийж чадах учраас маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй.
Эхнээр. Одоо чи бүгдийг өөрөө хийдэг болсон болохоор маргаашнаас ажилдаа ганцаараа явах хэрэгтэй.

Солонгос хэл сурсан хүмүүс “зүйл”, “-х учраас” гэж Үгчлэн орчуулах гээд байдаг. Аль болох өөр үгээр орлуулвал зүгээр байх. “Одоо чи бүхнийг өөрөө хийж чадна. Тэгэхээр...” гэхэд болж байгаа биз? Зассан хүний илэрхийлэл дажгүй санагдлаа.

6. Нөхрийнхөө хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа.
Энд эхнэр нь шийдвэр гаргасан юм шиг ойлгогдоод байх юм. Ингээд үзвэл "Өөрийнх нь хайр халамжинд эхнэр нь улам ихээр нялхарч бие дааж чадахгүй болох вий гэхдээ энэ шийдвэрийг гаргасан байлаа."

Хараагүй хүн “нялхарна” гэхээр их эвгүй сонсогдож байна даа. “Шантарч”, “няцаж”, “зүрх мохож” гэсэн утга байх. “Эхнэр нь” гэдгийг “эхнэрээ” гэж солихоор ямар байна вэ?

7.намайг тэр минь орхих вий
"намайг чи минь орхих вий" Хам сэдэвтэй нь харьцуулж үзээрэй. Нөхөр нь өөрт нь хэлж байхад хаа хамаагүй "тэр минь" гэсэн үг орж ирсэн байх юм.

Орчуулгаас үзэхэд “За” гэж хариулсан ч “намайг тэр минь орхих вий” гэсэн нууцхан бодолтойгоо тэмцэн... гэжээ. “Тэр минь” гэж хам сэдэвт тохирохгүй байгаа нь үнэн байна. Харин бодол болохоор “Нөхөр минь явчих вий дээ”, эсвэл зүгээр “Намайг орхих вий дээ” гэвэл боломжийн мэт.

8. Та их азтай бүсгүй юм. Нөхөр тань өдөр болгон таныг дагаж ирээд алсаас таныг ажиглаж, ажилдаа ороход тань алсаас үнсчихээд явдаг шүү дээ
"Та их азтай бүсгүй юм. Таны нөхөр өдөр болгон чамайг дагаж ирээд алсаас ажиглаж ажилдаа ороход чинь алсаас үнсчихээд явдаг шүү дээ" гэвэл?
Солонгос хэлэнд ямар байдгийг мэдэхгүй юм. Англи хэлэнд төлөөний үгийг маш их хэрэглэдэг. Мундаг орчуулагчдын ажлыг харж байхад тэр төлөөний үгнүүдийг ихэнх тохиолдолд хасчихдаг юм билээ. Тэгсэн ч илүү монголжуу сонстоод байдаг юм.

Зассан хүн энд ялимгүй андуурсан бололтой. “Таны нөхөр” гэж хүндэлсэн бол “чамайг” гэж хэлэх үү? Харин “нөхөр тань” гэдгээс “таны нөхөр” гэж зассан нь эвтэйхэн болжээ. Орчуулгад “таныг” гэж хоёр оржээ. Нэг нь илүүдсэн мэт. “Нөхөр чинь таныг өдөр болгон ойрхоноос харж явж, ажилдаа ороход чинь алсаас үнсчихээд явдаг шүү дээ.” гэж болохоор санагдаж байна. Уг нь бол алсаас үнсээгүй, гараа далладаг байсан.
Орчин үеийн залуус бол алган дээрээ сэтгэл зүрхээ тавиад үлээх юмуу алсаас үнсэж магадгүй шүү.

Солонгос хэлэнд бас төлөөний үгийг цөөнгүй хэрэглэдэг. Хасах уу, үгүй юү, өөр үгээр орлуулах уу гэдгээ орчуулагч хүн сайн бодож шийдэх нь зүйтэй.

9. Энэ үгийг сонсон бүсгүй мэлмэртэл уйлжээ
Бас л гадаад сонстоод. Энэ үгийг сонсоод бүсгүй мэлмэртэл уйлжээ гэвэл?

Сайн олж харжээ.

Эцэст нь хэлэхэд зөв бичгийн алдаа маш их байна даа. Мэргэжлийн орчуулагч биш ч гэлээ бодсон санаснаа л бичлээ.

Цаг зав гаргаж, орчуулгыг шүүж алдааг нь олж хэлсэнд баярлалаа. Мэргэжлийн орчуулагч биш ч гэсэн утгын болон найруулгын алдааг чөлөөтэй хэлэх эрх танд бий.

Одоо би өөр хэдэн санал нэмэрлэе.

Өгүүллийн нэр нь “Гэрлэсний дараа ийм нөхөр байх уу?”. Гэвч дээрх орчуулагч “Ханийн түшиг” гэж сайхан нэр өгчээ. Миний хувьд өөр нэг хувилбараар “Ховорхон хань” гэж нэрлэлээ.

Эхлээд “хадмал орчуулгыг доороос уншина уу” гэсэн байна. Дүрс бичлэгт солонгос хэлээр өгүүлж, солонгос хадмал бичлэгтэй оруулжээ. Харин монголоор оруулсан хадмал орчуулга алга. Зүгээр л орчуулгыг би харж байна.

Дээрх орчуулгыг сайн орчуулга уу гэдэг талаар хүн болгон өөрөөр ярьж дүгнэх байх. Миний хувьд, ерөнхий утгад нь тулгуурлаж нилээн баяжуулж орчуулжээ гэж хэлье. Ингэж баяжуулахдаа найруулгын алдаа гаргасан боловч мэргэжлийн орчуулагч нарын орчуулаагүй сайхан өгүүллийг олж орчуулсанд нь олзуурхаж байна.

Эцэст нь хэлэхэд энэ мэтээр харилцан санал бодлоо солилцох гэж блог нээсэн болохоор үнэхээр сэтгэл гаргаж саналаа хэлсэнд талархаж байна. Цаашид ч гэсэн энэ блогийн зочид санал бодлоо чөлөөтэй солицоно гэдэгт найдаж байна.

Өөрийн ядмаг орчуулгыг танд зориулъя.


결혼 후 이런 남편 있을까?
Ховорхон хань

한 중년 부부가 있었습니다.
Дунд насны нэгэн гэр бүл байжээ.
몇 년 전부터 부인의 시력이 나빠져 수술을 했으나
Хэдэн жилийн өмнө эхнэрийнх нь хараа муудаж мэс засалд орсон боловч
수술이 잘못되어 실명하고 말았습니다.
мэс засалчийн алдаанаас болж хараагүй болжээ.
그 후 남편은 매일 같이 아내를 출근시켜주고
Тэрнээс хойш нөхөр нь өдөр болгон эхнэрээ ажилд нь хүргэж өгч
일과가 끝난 후에는 집까지 함께 왔습니다.
ажил тарахад гэртээ цуг ирдэг байв.
그러던 어느 날…
Гэтэл нэг өдөр нөхөр нь,
- 여보 당신을 더 이상 도울 수가 없겠소.
- Хайрт минь, би дахиж тус болж чадахгүй нь ээ.
내일부터 혼자 출근하도록 해요.
Маргаашнаас ажилдаа ганцаараа яваарай гэв.
- 네?
- Юу?
네… 네…
За... за...
아내는 남편에게 너무나 섭섭했고,
Эхнэр нь нөхрийнхөө үгэнд голдоо ортол гомдож
사랑하는 남편이 그런 말을 한 것에 배신감까지 느꼈습니다.
хайртай нөхрөө ийм үг хэлэхэд арай сэтгэл нь хувирсан юм биш биз дээ гэж хүртэл бодов.
그리고 이를 악물고 살아야겠다는 결심을 한 후
Тэгээд тэвчээртэй амьдрахаар шийдээд
많이 넘어지기도 하고…
олон ч удаа унаж...
울기도 하면서 버스를 혼자 타고 다니는 훈련을 시작했습니다.
бас уйлах үедээ уйлж автобусанд ганцаараа сууж сурч эхэлжээ.
그 후 어느 정도 익숙해진 두 달 뒤 어느 날
Хоёр сар улирч овоо сурч дадсан хойно нэг өдөр
버스 운전기사가 부인에게 이렇게 얘기했습니다.
автобусны жолооч сайхь эхнэрт хэлсэн нь,
- 아주머니는 복도 많네요.
- Та ч азтай хүн юм даа.
남편이 매일같이 버스에 함께 있어 주고
Нөхөр чинь өдөр болгон автобусанд цуг сууж
직장에 들어갈 때까지 손도 흔들어 주고
ажлынхаа газар ороход чинь гар даллан үлддэг.
정말 좋은 남편을 두셨어요…
Таны нөхөр үнэхээр сайн хань байна билээ.
이 말을 들은 부인은 그만 울음을 터뜨리고 말았습니다.
Энэ үгийг сонсоод эмэгтэй эрхгүй нулимс асгаруулав.
남편은…
Нөхөр нь...
언젠가 자신이 없어도 몸을 돌볼 수 있어야 하는 아내를 위해
хожмын өдөр өөрийг нь эзгүйд ч эхнэрээ ганцаараа байх хэрэгтэй болно гэсэндээ
그런 거짓말을 하고…
тийнхүү худлаа ярьж...
항상 뒤에서 말없이 지켜봤던 것입니다.
ямагт эхнэрийнхээ араас дуугүйхэн харж явсан байлаа.

4 comments:

  1. Anonymous16/8/10 03:06

    Хэхэ тэгвэл энэ чинь ердөө орчуулга биш байсан байна шүү дээ. Оюутан байхад орчуулга хийхдээ байхгүй юмыг байлгаж, байгаа юмыг байхгүй болгож болохгүй л гэж заалгаж байсан. Цаад зохиогч нь яг юу гэж бичсэн байна, тэрийг нь л гаргах хэрэгтэй. Зохиогч алдаатай бичсэн байсан ч орчуулагчид тэрийг нь засах эрх байхгүй гэж. Дамдинсүрэн гуайн Алтан загасны үлгэрийг орчуулга судлаачид орчуулга гэж үздэггүй, өөрийнх нь зохиол гэж үздэг гэж дуулж байсан юм байна. Тэрийгээ ч Дамдинсүрэн гуай хүлээн зөвшөөрдөг байсан гэсэн. Гэхдээ яг хаана тэгж бичсэнийг олж уншаагүй л дээ. Яг л тэрэн шиг баяжуулсан зохиол болсон юм байна л даа. Харин блогийн эзэн миний санал болгосныг бүр илүү сайхан болгосон санагдлаа.

    Нэрний тухайд "Ханийн түшиг" гэдэг нь надад илүү их таалагдаж байна даа. Дунд насны гэхийн оронд хижээл насны гэвэл ямар? Гэх мэтчилэн...

    ReplyDelete
  2. Юуны өмнө хариу бичсэнд баярлалаа.

    За тэгвэл өгүүллээс сэдэвлэсэн шинэ зохиол байжээ. Ер нь төгс орчуулга гэж байдаггүй. Эх зохиол буюу бичвэрийг бичсэн хүн өөр хүн шүү дээ. Тэр хүний санааг орчуулж байгаа хүн бүрэн ойлгож төгс буулгах боломжгүй гэсэн үг л дээ. Гэхдээ орчуулагч хүн аль болох сайн орчуулахыг хичээх хэрэгтэй.

    Алтан загасны үлгэрийн орчуулгыг би бол гайхалтай орчуулга гэж үздэг. Монгол хүнд ойлгогдохоор маш сайн орчуулсан. Орчуулахдаа зохиогчид, буулгаж байгаа хэлэндээ, уншигчид үнэнч байх ёстой гэдэг. Зохиогчид үнэнч байна гэдэг нь зохиогчийн санааг бүрэн дүүрэн гаргахыг, буулгаж байгаа хэлэндээ гэдэг нь жишээлбэл солонгосоос монголоор орчуулж байгаа бол солонгосжсон монголоор биш цэвэр монгол хэл найруулгаараа орчуулахыг, уншигчид үнэнч байна гэдэг нь уншигчийн нас хүйс сэтгэхүй боловсрол ажил мэргэжил зэрэгт тохируулж зөв оновчтой үг хэллэгийг сонгохыг хэлдэг гэдэг.
    Миний бодлоор Алтан загасны үлгэрийг орчуулахдаа Да багш энэ гуравт гурвууланд нь үнэнч байж чадсан. Нөгөө талаар ямар ч орчуулга шинэ бүтээл гэдэгтэй санал нэг байна. Тэгэхээр би Алтан загасны үлгэрийг орчуулга, бас шинэ бүтээл гэж хэлмээр байна. Гэхдээ шинэ зохиол гэж үзсэн, Да багш зөвшөөрсөн тухай анх сонсож байна. Үнэхээр хэнэ хаана бичсэн, хэр баримттайг нь мэдэхийг хүсч байна.

    Орчуулах явцад үг хэллэг нэмэх хасах зэрэг хэлзүйн хувиргал хийх нь бараг зайлшгүй гэж болно. Гэвч энэ нь эх бичсэн хүний санааг бүрэн гаргахын тулд болохоос биш шинэ санаа нэмэрлэх юмуу, дургүй гэснээ хасахыг хэлэхгүй.

    Мөхөс орчуулж, бүдүүн зүрхээр зассаныг минь тоосонд баярлалаа.

    Нэрний тухайд "Ханийн түшиг" гэж үнэхээр сайхан өгсөн байна билээ.

    medeelel.mn сайтад ингэж бичжээ.
    ---------------------
    Хүний насны ангилал

    Хүний насыг төрсөн жилээс эхлэн өндөр нас хүртэл 10 ангилж нэрлэдэг байна.
    1. Нялх үе: 0-3
    2. Балчир нас: 3-7
    3. Бага нас: 8-12
    4. Өөлийхүү: 13-17
    5. Орь залуу нас: 18-25
    6. Залуу нас: 25-35
    7. Идэр нас: 35-45
    8. Хижээл нас: 45-60
    9. Өтөл нас: 60-80
    10. Өндөр нас 80-аас дээш
    -----------------
    Солонгос хэлэнд хүний насыг ерөнхийд нь "амьдралын эхэн буюу бага залуу нас " 초년 : 0~29세 "дунд нас" 중년 : 30~49세 "ахимаг нас" 장년 : 50~69세 말년 : "өтөл нас" 70세 이상 гэж 4 хуваасны 2 дахь нь 중년 буюу дунд нас. Тэгэхээр идэр нас гэдэг илүү тохирохоор болох гээд байна.

    Юутай ч үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.
    Санал сэтгэгдлээ байнга илэрхийлж хүсэл зорилго нэгтнүүдээ хурцалж байгаарай.

    ReplyDelete
  3. Anonymous16/8/10 17:35

    Манайхан дунд насны хүн гэж ярих уу даа? Дээрх ангиллыг харж байсаан. Хэдэн ч янзаар бас ангилдаг байсан санагдаж байна. Хэрэв үнэхээр дунд насны гэж оруулмаар байгаа бол монголчууд "дунд эргэм насны хүн" гэж ярьдаг байх аа.

    ReplyDelete
  4. Баярлалаа. Цаашид анхааръя ^^.

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...