Бодрол блогоос
-----------------------
2010-03-18 11:10:54
Боловсрол суваг гэж нэг телевиз байдаг.
Миний бодлоор улсаас байгуулсан бөгөөд Боловсролын яамны харьяа буюу эсвэл тус яамны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг болов уу.
Тэр ч утгаараа багш голдуу мэргэжилтэй байгалийн болон нийгмийн ухааны өргөн мэдлэгтэй хүмүүс ажилладаг биз.
Урд нь тус телевизийн нэвтрүүлгийг тогтож сууж үзэж байгаагүй юм.
Харин өчигдөр тус телевизээр орой бүр гарч байгаа BBC-гийн хийсэн Дэлхийн II Дайны цуврал баримтат киног үзэх завшаан тохиосон юм.
Намайг битгий буруу ойлгоорой. Би Англи хэлний орчуулагч биш. Тэр ч байтугай Англи хэлтэй ч гэж тооцогдохооргүй хүн. Гэхдээ уншаад ойлгох хэмжээнд очсон хүн.
Би кино орчуулгын талаар сайн мэдэхгүй л дээ.
Гэхдээ кино зохиолыг нь ч юмуу, эсвэл ядаж кинон дээр гарч байгаа яриаг мэргэжлийн орчуулагч орчуулаад дараа нь мэргэжлийн дуу оруулагч нар дуу оруулдаг байх гэж боддог байлаа. Гэтэл тийм биш бололтой юмаа.
Өчигдрийн кинонд эрэгтэй эмэгтэй 2 хүн дуу оруулжээ. Эмэгтэйгийнх нь дуу оруулж байгаа хэсэг дээр орчуулгын алдаа харьцангуй гайгүй, харин эрэгтэйгийнх нь хэсэгт маш их алдаа олж харлаа. Нэг ёсондоо тэр 2 хүн киног үзэж байхдаа шууд өөрсдөө орчуулаад явчихсан байгаа юм.
Надаас долоон дор Англи хэлтэй хүн улсын хэмжээний ийм том телевизэд бас байдаг гэхэд итгэмээргүй юм.
Тэгээд тэрийгээ мэргэжлийн хүнээр хянуулалгүй шууд цацаж байгаа бололтой.
Кинонд тухайн үед Британийн Эзэнт Гүрний Харьяанд байсан Энэтхэгийн цэргүүд дайнд хэрхэн оролцсон талаар өгүүлжээ.
Кинонд гарч байгаа хүмүүсийн яриа дэлгэцийн доод хэсэгт бичгээр (Англиар) давхар гарч байсан юм. Киноны үйл явдал маш хурдан өрнөж байсан тул доогуур гарч байсан ихэнхи бичгийг нь уншиж амжсангүй.
Ингээд ажигласан олон алдааны заримаас нь дурдвал:
Британийн цэрэгт байсан Энэтхэгчүүдээс 21 хүн "Victoria Cross" гэдэг одонгоор шагнуулсан юм байна. Тэгвэл энэ одонг “Ялалтын Одон” гэж орчуулсан байх юм. Миний бодлоор Хатан хаан Викториагийн (нэрэмжит) загалмай одон байсан болов уу.
Малайз, Сингапурт байсан Британийн харьяа Энэтхэгийн цэргийн ангиуд Япончуудад бүслэгдэн бууж өгсөн талаар орчуулахдаа бүр эсрэгээр Британичууд Энэтхэгчүүдэд бууж өгсөн гэж орчуулсан байх юм. 2-уулаа нэг талд байлдаж байсан атлаа яахаараа нэг нь нөгөөдөө бууж өгдөг байнаа.
Япончууд олзны Энэтхэг цэргүүдийг цаазлах үед нэгэн сүйхээтэй эр үхсэн цэргүүдийн дор нуугдаж амьд гарч л дээ. Тэгээд Япончуудыг явсны дараа үүрээр 4-5 цагийн орчим дээр нь унасан хүүрэн доороос гарч ирсэн байгаа юм. Гэтэл тэр хүний яриаг “Би 4-5 цаг ноцолдож байж гарч ирсэн” гэж орчуулсан байгаа юм.
Япончууд олзны Энэтхэг цэргүүдээс Indian National Army (INA) гэгчийг байгуулж Англичуудтай байлдуулж байжээ. Киноны орчуулагч нар энэ армийн нэрийг Энэтхэгийн Үндэсний Цэргийн Арми гэж орчуулсан байна. Миний бодлоор Энэтхэгийн Үндэсний Арми гэж орчуулвал зүйтэй мэт.
INA-гийн командлагч (генерал?) Нетажи Япончууд Бирмийн нутгийн гүнд болсон ширүүн тулалдаанд ялагдсаны дараа тэндээс зугтаж байгаад алагдсан талаар Бирм рүү зугтаж байгаад алагдсан мэтээр орчуулсан байх юм. Бирмийн нутагт байж, тэгээд ялагдчихаад байж яахаараа Бирмээс гадагшаа биш Бирм рүү зугтдаг билээ?
Энэтхэгийн энгийн иргэд Английн цэрэгт алба хааж байсан нутаг нэгтнүүдээ хэрхэн үзэн ядаж, зодож занчиж "Get lost to London" гэж загнаж байсан талаар гардаг хэсэг бий. Тэгвэл энэ хэсгийг “Лондон луу битгий ирээрэй” гэж загнаж байсан гэж орчуулсан байгаа юм.
Мөн нэг цэрэг өөрөөс нь хэн нэгэн "Are you Sikh or Indian?" гэж асуусан талаар ярьсан хэсэг байна. Энэ хэсгийг “Та Сикх гэдэг нэртэй Энэтхэг хүн мөн үү?” гэжээ. Энэтхэг улс маш олон шашинтай. Тэдний дунд Хинду болон Сикхийн шашнууд томоохон байр суурь эзэлдэг. Тэгэхээр энэ хэсэг “Та Сикх шашинтай хүн үү, Хинду шашинтай хүн үү?” гэсэн асуулт байсан болов уу?
Энэ мэтийн дунд сургуулийн эхлэн суралцагч ч хийхээргүй олон жижиг алдаа нь үзсэн хүнийг түүхийн талаар мэдлэгтэй болгох бүү хэл эсрэгээр маш буруу ойлголттой болгохоор болсон байна.
Харин уг киноны тухайд ярих юмгүй сайхан кино байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Ер нь миний бодлоор түүхийн чиглэлийн кино орчуулж байгаа хүн түүхийн тодорхой боловсролтой байвал зүгээр мэт.
Ганц Боловсрол суваг телевиз ч биш бусад олон телевиз энэ талаар анхаарахгүй бол болохгүй болжээ.
Ялангуяа UBS телевизээр гарч байгаа танин мэдэхүйн нэвтрүүлгүүд маш их алдаатай орчуулагдсан байх юм.
Заримдаа өөрийгөө хоцрогдоод зарим нэр томьёо өөрчлөгдсөнийг мэдээгүй яваад байгаа юм болов уу гэж хүртэл бодох юм.
Жишээ дурдвал:
Ла-Маншийн Хоолой - Английн Суваг
Усны Үхэр - Далайн Морь
Дэглий - Ягаан хун
Одоохондоо санаанд байгаа нь энэ хэд байх шив.
Та бүхэн санаж байгаагаа нэмэрлэнэ биз.
Монгол хэл рүү орчуулах тал дээр иймэрхүү байдалтай байгаа бол Монголоос Англи руу хөрвүүлэх тал дээр ч асуудал их байна.
Ялангуяа бидний бахархал болсон Монголын Эзэнт гүрний талаар гадныханд буруу ойлголт төрүүлэхүйц алдаатай орчуулга их болжээ.
Жишээ нь:
Chinggis Khan was a famous King of The Great Mongolian State.
Их хааны нэрийг Англиар Chinggis Khan бус Genghis Khan гэж орчуулдаг.
Тогтсон нэр томьёог хэн дуртай хүн нь тэгж дураараа өөрчлөөд байж болохгүй болов уу. Харин бид өөрсдөө санаачлаад Дэлхий нийтийг Chinggis Khan гэж бичиж байя гэсэн уриалга гаргаад хүлээн зөвшөөрүүлж чадвал өөр байх л даа.
King гэдэг Англи үг Монголоор Хаан гэж орчуулагддаг боловч их төлөв аймгийн хан, эсвэл бага хаан гэсэн утгаар ордог. Чингис Хаанаас Лигдэн Хааныг хүртэлх Монголын бүх хаадыг гадныхан King бус Emperor, эсвэл зүгээр л Khan, Han гэж бичдэг. Ер нь хаадын цол тэр бүр орчуулагдаад байдаггүй. Persian shah, Ottoman sultan, Russian tsar гэж бичдэг болохоос Persian King, Ottoman King, Russian king гэж бичдэггүй. Монголын Хаан гэхийг ч мөн адил Mongol han гэж бичдэг
Great Mongolian State гэдэг нь Их Монгол Улс гэдэг үгийг махчилж орчуулсан бололтой байгаа юм
Ер нь Монголоор ч гэсэн 1227 оноос хойших Монгол Улсыг Их Монгол Улс гэж нэрлэдэг юм болов уу? Би түүхч биш болохоор сайн мэдэхгүй байна. Монголын Эзэнт Гүрэн гэж нэрлэдэг байх гэж бодож байна. Их Монгол Улс гэдэг нь Чингис Хаан гадагшаа аян дайн хийхээс өмнөх нэр гэж ойлгож байна.
Гаднын эрдэмтэд Great Mongolian State гэж огт ярьдаггүй. Харин үүний оронд Mongol Empire гэж ярьж бичдэг.
Бид ч энэ жишгээр бичиж байвал зүгээр мэт.
Нийтэлсэн: Geronimo,
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
Яг үнэн хэлжээ. Одооны орчуулга гэж ёстой оршуулга болчихоод байгаа. Заримдаа энэ хэл бичгийн хүмүүс нь байхгүй болчихсон юм болов уу эсвэл монгол хэл гэж хэл байхаа больчихсон юмуу гэж бодохын. Би уг нь тэр Боловсрол сувгийг чинь их л гайгүй тв гэж боддог байсан шдээ. Тэгээд дандаа багш эрдэмтэд ажилладаг хянадаг редакторладаг гэж боддог байсан эндүүрчээ. Бусад арилжааны тв-нүүдтэйгээ адилхан гэсэн үг үү.
ReplyDelete