Aug 11, 2010

Ээдэрч, хоормогжсон монгол хэл, эзэнгүй бэтгэрсэн үндэсний бичиг

---------------------------
2010-04-13 02:04:34

Монголчууд бид мянга, мянган жилээр аж төрөн сууж, өвөг дээдсээ онголсон ашдын заяаны нутагтай, аялгуу сайхан хэлтэй, түүндээ зохицсон үндэсний бичиг соёлтой ард түмэн билээ. Монголчууд бид бас өөрийн гэсэн шашин шүтлэгтэй, хүн төрөлхтөний оюуны сан хөмрөгт оруулсан дорвитой хувь нэмэр арвинтай үндэстэн.Монголчуудын өвөг дээдэс ертөнцийн талыг байлдан эзэлж байсан ч уугуул нутгийн нь ард иргэдийг хөөн тууж, нутаг газрыг нь булаан авч эзэгнэн суурьшсан цагаач улс биш, өсч төрсөн унаган нутгаа амь шигээ хайрлаж, шүтэн аж төрж буй нутаг амьтай ард түмэн билээ.

Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир юун хэмээвээс, агуу их түүхтэй монгол түмний оршин байх эсэх, бусад улс орноос ондооших, тусгаар тогтнолоо хамгаалан үлдэхэд хүйн холбоотой аялгуу сайн хэл маань ээдэрч хоормогжин, үндэсний босоо бичиг минь хойд эцгийн харцаар байдаг өргөмөл хүүхэд шиг өмөөрч хамгаалах эзэнгүй болж буйд сэтгэл эмзэглэж, сонин, сонины нүүр дүүртэл санал бодлоо бичиж, радио, телевизээр чихэнд чийр болтол ярьсан ч төр, засгийн эрх баригчид, шийдвэр гаргагч түшмэлүүд нүдээ аньж, чихээ бөглөн өнгөрөөж буйд гүнээ эмзэглэн санаа бодлоо ахин дахин бичин толилуулж буй нь энэ билээ.

Манай төр, засгийн эрх баригчид авлига, ядуурал, утаа униар, уул уурхай, зуд гамшиг зэрэг цаг зуурын ажилд түүртэж хамаг анхаарал, хөрөнгө мөнгөө түүнд зарж, зуун жилийн дараа хүн төрөлхтөний соёлыг дархлан бүтээлцсэн Монгол Улс үндэсний өв соёл, аялгуу сайхан хэл, дэлхийд ховорхон авианы бичгээ хамгаалан хадгалж үлдэх, эс үлдэх эмзэг асуудалд огтхон ч анхаарахгүй төдийгүй санаанд нь ч орохгүй байгаад бухимдаж байна.

Өнгөрсөн зууны ерээд онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал бусад орны дохио зангаагаар ажиллаж, улс орны бие даасан байдал, тусгаар тогтнол хутганы ирэн дээр байсан нийгмийн тогтолцоог орвонгоор нь өөрчилж, улс орны хувь заяаг монголчууд өөрсдөө хэнээс ч асуулгүй бие даан шийдэх цаг мөчийг эхлүүлсэн нь монгол түмний үндэсний ухамсрыг сэргээж, мартаж гээгдэх шахсан зан уламжлал, бүдгэрч булингартсан түүхээ засч залруулах, өв соёлоо сэргээж хэрэглэх боломж олгосон юм.

Ардчилсан хувьсгалын эхэн үед сүр дуулиантай гараагаа эхэлсэн монголчуудын мянган жил хэрэглэсэн үндэсний бичгээ сэргээж хэрэглэх төрийн бодлого он жил улиран одох тутам алгуурлан суларсаар сураг алдах хэмжээнд хүртэл бүдгэрч буйг эх оронч монгол хүн бүр нүдэндээ нулимстай харамсан харж байна. Монголчуудын ярианы болон утга зохиолын хэл үндэсний бичиг үсгээсээ хагацаж аялгуу сайхан чанараа гээж ээдсэн сүү шиг болсныг монгол хэл зүйгээр эрдмийн зэрэг хүртэж, улмаар академичийн алдар цол хүртсэн зарим нэг хүн, юун аялгуу сайхан хэл, үндэсний бичиг, Монгол хэл ээдэрч эвдрээд байгаа юм байхгүй хэвийн байдалтай, сүржигнээд байх хэрэггүй, хэл саармагжих ЮНЕСКО-гийн стандартыг давж гарсан юм байхгүй гэж төр, засгийн эрх баригчдыг тайвшруулж байна.

Тэр ч бүү хэл бидний урдаа барьдаг хэл бичгийн зарим эрдэмтэн латин бичгийн хөтөлбөр боловсруулалцаж, латин бичгийг монгол хэлэнд хэрэглэх цагаан толгойг зохиож, өрнөдийн бэлтэй орнуудаас нэлээд мөнгө халаасалсан тухай сонин хэвлэлд бичсэн удаа ч бий. Монголын үндэсний бичгээ нийт иргэдэд сургаж, хэрэглээгий нь бий болгох талаар төр, засгийн эрх баригчдад зөв зүйтэй ойлгуулах талаар хүчин зүтгэх ёстой зарим нэрд гарсан эрдэмтэд үндэсний бичгээсээ ингэж нүүр буруулж байхад Монголын үндэсний бичгийн хувь заяа бүрхэг байхаас өөр яах билээ! УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтай танилцах үедээ “Хүмүүн бичиг” сонины редакцид зочилсон юм. Тэр завшааныг ашиглан “Дэмбэрэл дарга аа! Монгол бичгийг төрийн бичиг болгох эрх зүйн баримт бичиг хэрэгтэй байна. Та үүнд хүчин туслах боломж байна уу? гэсэнд Дэмбэрэл дарга- ”Энэ сэтгүүлчидтэй сайн ярь!” гэж билээ. Тэгээд сэтгүүлчид хууль санаачилж, хууль батлах биш дээ гэсэн бодолтой үлдсэн юм.

Ингээд бодохоор аялгуу сайхан монгол хэлээ, түүний торгон цэрэг нь болсон үндэсний бичгээ мэддэг, түүнийг өмөөрдөг миний мэргэжил нэгтэй сэтгүүлч нөхөд ч тийм болон биш, тэгэх тусмаа Монголын Сэтгүүлчдийн холбоонд тийм сэтгүүлч тун цөөн байдаг нь харамсалтай. Монгол бичгээр дагнан гардаг долоо хоног тутмын хэвлэл “Хүмүүн бичиг” сонин анхныхаа дугаарыг уншигчиддаа толилуулснаас хойш 18 жил болж, захиалагчдын тоо нь 5000-ын босгыг аль хэдийнэ давсан ч түүнийг тоож үзэх миний мэргэжил нэгтэй сэтгүүлчид нэн цөөн, үндэсний бичгээ мэдээд бидэнтэй өрсөлдөж, монгол бичгээр шинэ сонин гаргаж буй сэтгүүлч одоо хэр үгүй байгаа тул бид өнчин өрөөсөн хэвээр байгаа билээ.

Нөгөө УИХ-ын дарга монгол бичгийн талаар энэ сэтгүүлчидтэй сайн яриарай гэж захисан нь ингэж талаар өнгөрч байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Балчир насандаа айлд өргүүлсэн хүүхэд том болсон хойноо төрүүлсэн эцэг эхээ таньдаггүй хүнийрхэж бишүүрхдэг лугаа адил эрдмийн босгыг алхахдаа өөр бичиг соёлоор амалсан монголчуудын нэлээд хэсэг нь монгол бичгээс нүүр буруулах нь бараг л зүй ёсных гэмээр.

Монгол Улс оршин тогтнож байгаа түүхэн ээдрээтэй үед арга буюу үндэсний бичиг үсгээ сольсон юм. Монгол Улс олон арван жилийн турш цорын ганц орон ЗХУ-тай ойр дотно харилцаатай байж, төл бүрийн тусламж авч байсан үедээ монгол түмний хувь заяа тэр ивээгч орноос шууд хамааралтай байсан үед үндэсний бичиг үсгээ орос бичгээр сольсон нь эмгэнэлтэй байсан ч дагахаас өөр аргагүй байсан билээ. Үүнийг эсэргүүцэх аядсан Монголын улс төр, нийгмийн зүтгэлтэн олон хүн хэлмэгдэж, харийн нутагт ясаа тавьсныг уншигч бид тодорхой мэдэх болсон тул цаашид нуршин өгүүлэхийг азная.

Ингээд монголчууд мянган жил хэрэглэсэн үндэсний бичгээсээ хагацаж, орос бичгийн цагаан толгой дээр суурилсан шинэ бичигтэй болж, улмаар орос бичиг “үндэсний” бичиг мэт болж, орос хэл бидний гол хэл болсон билээ. Монголчууд орос хэлийг хоёр дахь хэл болтлоо, зарим тохиолдолд бараг эх хэлнээсээ илүү үзэж сурах болсон нь хэлний мэдлэг талаасаа муу биш боловч бидний өөрсдийн буруугаас орос хэлнээс монгол хэлнээ буулган орчуулахдаа махчилж, үгчлэн орчуулж улмаар он жил улиран одох тусам монгол хэл аялгуу сайхан чанараа гээж, харь хэлний өгүүлбэрийн бүтцийн барьцаанд орж ортоомлон хэлбэр дүрсээ алдахад хүрсэн билээ.

Монгол хэлний дархлааг хамгаалан бэхжүүлж, нутаг нутгийн монгол хэлний аялгууг нэгтгэн, эх хэлний нийтлэгийг бий болгоход сонин хэвлэл, радио телевиз гол үүрэгтэй. Миний бие гурван жилийн өмнө “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх харь үг, түүнийг саармагжуулах арга зам” сэдвээр магистрын ажлыг удирдаж, 800 гаруй харь үг монгол хэлэнд орж ирсэн гэж үзсэн юм. Энэ нь үндэсний хэлийг баяжуулах хэмжээнээс хальж, саармагжуулан саарал болгох хэмжээнд хүрснийг сэрэмжлүүлсэн юм.

Монгол хэлэнд олон зуун орос үг хүч түрэн орж ирсэн нь Монгол, Орос улс хоёулаа адилхан бичигтэй байснаас үүдэлтэй. Энэхүү нөхцөл байдал Монголын аялгуу сайхан хэл гажуудах үйл явцыг түргэтгэсэн билээ. Өнөө үед Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглэж буй ярианы ба бичгийн хэллэгт монгол хэлийг аялгуу сайхан болгож хөглөдөг үйл үг хомсдож, харь хэлнээс махчлан орчуулсан үйлт нэр голлон хэрэглэж буй нь эх хэлний аялгуу сайхан чанарыг алдуулсаар байна. Радио телевиз, сонины бичгийн ба ярианы хэлний өгүүлбэр болгонд үйл явдал, үзэгдэл юмсыг мэдээлэхдээ үйлт нэрийг дэндүү олон хэрэглэж, үйл явдлыг эзэнгүйтүүлж, хөндлөнгөөс идэвхгүй ажиглаж байгаа юм шиг болгодог. Их эрдэмтэн Б.Ренчин агсан амьд сэрүүн байхдаа МОНЦАМЭ-гийн орчуулагч нартай уулзаж санал бодлоо солилцох үед,…”Та нар харь хэлнээс орчуулахдаа үйл үг өргөн хэрэглэж байгаарай. Үйл үг чинь монгол хэлийг аялгуу сайхан байлгахыг хөглөж өгдөг юм…” гэж ярьж байсан нь санаанд үлджээ. Өнөө үед радио телевиз, сонины бичгийн ба ярианы хэлэнд “УИХдээр яригдаж байна, хэлэлцэгдэж байна, хөрөнгө оруулалт хийгдэж байна, ажил зохиогдож байна, хүндэтгэл үзүүлэв, барилдаан үзүүлэв, тоглолт хийгдэв, зохиогдов гэх мэт ойлгомжгүй, үйлт нэр голлосон өгүүлбэр олширсоор байна. Бэртсэнийг бэртэлт авах, өвдсөнийг өвдөлт өгөх, бөмбөг давуулахыг бөмбөг давуулалтад оруулав, хүчтэй цохив гэдгийг хүчтэй цохилт хийв, ялагдаж, дийлдсэнийг буулгаж авав гэж ярих болж, “уступил” гэдэг орос үгийг орчуулж байгаа нь тэр. Бууж өгнө гэдэг чинь тэмцэлгүй, тэмцээгүй аргаа барж, гараа өргөөд ялагдсанаа хүлээхийг хэлдэг биз дээ? Нударган зодоонд “гэдэс рүү нь цохихыг, гэдсэн дээр нь ажиллаад өг!” гэж дасгалжуулагч тамирчиддаа зөвлөж байх юм. Мөн газар хөдөлснийг газар хөдлөлт болов, битүү цастай гэхийг цасан бүрхүүл их байна, уулаараа шамаргатай гэхийг нойтон цастай /мокрый снег гэсэн орос өгүүлбэр/, хүүхэд хуурайлахыг нойллох хэмээн ярих болж.

Монгол хоёр залуу “Вокзалын буфенд орж стакан пиво ууцгаая” гэж ярихыг хажууд суусан орос эр сонсоод орчуулгагүй ойлгож төмөр замын өртөөний лангуунаас хамт шар айраг уусан тухай нэг танил маань ярьж байсан. Нээрээ ч хэдэн арван жилийн турш ганцхан оростой нөхөрлөсөн монголчуудын хувьд монгол орос хэлээр хольж хутгаж ярих нь ерийн үзэгдэл болсон билээ. Ямар сайндаа “Учиртай гурван толгой” дуурийг оросоор

“Ийм два птиц шиг
Ижилсээд дуваалаад сажийя
Ингэж сажийхаас илүү
Счастья где байх юм бэ…”гэж дуулж байхав. Хэдэн жилийн өмнө тухайн үед УИХ-ын гишүүн асан эрдэмтэн зохиолч С.Дуламын санаачилгаар Төрийн албан ёсны хэлний тухай хууль боловсруулж, УИХ баталсан билээ. Энэ хууль анхандаа “Эх хэлний тухай хууль” нэртэй төсөл байсан боловч ХЗДХЯ-ны шүүлтүүрээр ороод Төрийн албан ёсны хэлний тухай хууль нэртэй төсөл болж, нөгөө орос хэлнээс махчлан, үгчлэн орчуулсан харь хэлний өгүүлбэрийн бүтцийн барьцаанд орсон албаны “модон” хэлийг албан ёсны болгон баталгаажуулсан билээ.

Тэр үед ХЗДХЯ “Төрийн албан ёсны хэлний хууль” байх ёстой, бизнесийнхэн ямар хэлээр ярихыг бид заах ёсгүй хэмээн тайлбарласан ажээ. Зүй нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болж буй аливаа гэрээ, хэлэлцээрийн баримт бичгийг тухайн орны хэлээр заавал үйлдэж түгээмэл хэлний аль нэгээр нь хадмалан орчуулсан байх ёстой олон улсын жишиг байдаг биш билүү? Тэр нь ч яахав. УИХ-аар баталсан олон хууль, тогтоол, хөтөлбөр гууль болон үлдсэний нэг жишээ гэвэл “Латин бичгийн үндэсний хөтөлбөр” одоо сураггүй алга болжээ. “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” одоо муу дээрээс муу, муухай дээрээс улцан болчихоод байна. Уг хуулийн нэг ч заалт амьдралд хэрэгжихгүй, хэрэгжүүлэх гэж оролдоод ч түүнийг биелүүлэх, тоож үзэх хүнгүй болжээ.

Баавгай хэмээх салан амьтан замд тохиолдсон олз болгоноо сугандаа хавчуулсаар олон олзтой оромжиндоо очсон ч сүүлийн ганц олз л суганд нь үлдсэн гэдэг. Харин УИХ-ын баталсан олон хууль энэ зэрлэг амьтны үлгэрийг санагдуулах мэт дүр зураг нүдэнд буух юм.

Нөгөө л монгол хэл, үндэсний бичигтэй холбоотой бас нэгэн баримтыг хэлэлгүй өнгөрч боломгүй санагдлаа. Уншигч та бүхэн нийслэлийнхээ хаягийг дахиад нэг, зориуд хэрэг болгож хараарай, нийслэлийн олон зуун барилга байшингийн хаягийг үндэсний бичгээрээ бичдэггүй юм гэхэд монгол хэлээрээ бичиж болно биз ээ! Тэрхүү барилга байшин дотор сууж ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө гадна талдаа хадсан нэр хаягаа ойлгохгүй байх юм. Тэгээд тэдгээр нэр хаяг нь дунд сургуулийн сурах бичгээс олж мэдсэн харь орны уул ус, гол мөрөн, хот, тосгодын нэр байх нь яана! Монгол оронд чинь Алтай, Хангайн уулс, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Хөвсгөл гээд олонд алдартай уул нуруу, гол мөрөн, нуур ус зөндөө байсаар байтал түүнийгээ голоод харийн уул ус, хот балгасанд тэгтлээ хайртай болдгийн учрыг би ойлгохгүй юм. Бодвол их мэдэгчийн дүр үзүүлэх, их юм үзэж, нүд тайлсан баян эзэн энд ажилладаг юм байна гэж нүд хуурч туйлширсэн хэнээтэй явдал гэж л тайлбарлаж байх. Үүнийг нэгэн эх оронч “Чөмөггүй ширээлж, чөдөртэй жороолон, толгойгүй бөгс тонтгонох” лугаа адилтган хошигносон билээ. Амьдралын эрхээр монгол туургатнаас 400 гаруй жилийн өмнө алсыг зорин нүүж одсон Халимаг монголчууд түмэн зовлонг туулан байж их гүрний нөмөр нөөлгөнд аж төрөн сууж байгаа ч үндэс угсаагаа санагалзах төдийгүй, халимагууд хэлээ хамгаалах гэж халимаг хэлний хуультай болжээ. Тэд Элстэй болон бусад хот тосгоны албан газар, соёл, урлагийн газар, зам харгуйн чиглэлийн бэлчир газрын нэрийг орос хэлээр бичиж, заавал халимаг /ойрд/ хэлээр хадмалан бичих журамтай болсон гэнэ. Эрүүл ухаантай хүн бүхний гайхаш төрүүлэх нэгэн баримт дурдвал, Монгол Улс 220 жил Манжийн колони байсан. Тэр үед буюу 1890-ээд оны эхээр Монгол нутгаар хөндлөн гулд жуулчилсан Оросын эрдэмтэн М.Позднеев бичсэн номдоо, Да Хүрээнээс баруун урагш зүгт барагцаалбал арав гаруй өртөө газар байх нэгэн шүтээн-мөргөлийн газрын хаягийг гурван янзын бичгээр дарамлан бичсэний гэрэл зургийг нь авч номынхоо 176 дугаар хуудсанд нийтэлжээ.

Манж, Хятадын ханз, монгол бичгээр гурван хэлнээ дарамлан бичсэн энэ хаягийг уншвал “Зарлигаар өргөмжилсөн шударга журамт, билэгт цогт, гайхамшигт ивээлт Хуан овогтон богд Гэсэр хаан” хэмээн бичсэн ажээ. Яах гэж энэ хаягийг олж бичсэний учир хэмээвээс, Монгол Улс бусдын колони байхдаа монгол бичгээр нэр хаягаа бичиж байжээ. 21 дүгээр зуунд монголчууд дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн, бүрэн эрхтэй, тусгаар тогтносон улс байгаа атлаа нийслэлийн нэр хаягийг ямар учраас харийн хэл, бичиг үсгээр бичээд байгаа юм бэ? Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсыг харь гүрний хаяанд аваачиж наалдуулах гээд байгааг эрх баригчдаас асуух гэсэн юм. Одоо бид “чөдөртэй жороолох” хэрэггүй биз дээ!?.

Өнгөрсөн зууны ерээд онд өрнөсөн ардчилсан хувьсгалын нэгэн том ололтын нэг бол Монгол Улсын анхны парламент- Улсын бага хурал “Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай” 36-р тогтоол баталсан явдал юм. Тэр үед монгол бичгээ сэргээж хэрэглэхэд Засгийн газар өөрийгөө нүцгэлж байгаад ч гэсэн хөрөнгө мөнгийг нь гаргана гэж тухайн үед Засгийн газрын тэргүүн нь амалж байсан билээ. Тэгээд юу болсон бэ гэвэл, үндэсний монгол бичгээ сэргээж хэрэглэх тухай улс төрчдийн хэлсэн үг эх орончдыг өөртөө татах гэсэн нүд хуурсан улс төрийн шинжтэй тунхаг байсныг Монголын ард түмэн тун удалгүй мэдсэн юм. Ингээд монголчуудын мянган жил хэрэглэсэн үндэсний бичиг өнөөдөр Монголын ард түмний оюуны өмч биш, өөр бусад оронд байгаа монгол туургатны өмч хэмээн ЮНЕСКО бүртгэж авах гээд байгаа ажээ. Өвөрлөгчийн нэгэн багшийн өгүүлснээр “Манай ар Монголын ахан дүүсээ, та нар монгол бичгээсээ аль өнгөрсөн зууны дөчөөд онд татгалзсан шүү дээ! Энэ сайхан бичгийг чинь бид л авч яваа шүү” гэж яах аргагүй үнэн үг хэлснийг миний бие бухимдан сонссоноо ил хэлье.

Үндэсний монгол бичгээ “сэхээнд” оруулалгүй амьд байлгахын тулд УИХ “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр” гэгчийг хоёр дахь удаагаа батлан гаргасан ч нүд хуурч, ор нэр болгох төдий хэмжээнд байсаар байна. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийг том биетэй амьтантай зүйрлэвэл харагдахдаа том сайхан биетэй боловч бараг бүх эрхтэн нь хөдөлж ажиллах чадваргүй, өөрөөр хэлбэл ажил, амьдралд нөлөөлөх чадваргүй, бас нүд хуурсан шинжтэй байсаар байна. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиуд олон улсын жишгээр 12 жилээр суралцах тогтолцоонд шилжиж буй энэ эгзэгтэй үед үндэсний монгол бичгээ хэддүгээр ангиас, хэдэн цагаар, хэдэн жил заах вэ? гэж Монголын бичиг соёлын зүтгэлтнүүд боловсролын яамны мэргэжилтэн нартай олон удаа уулзаж учир явдлыг нээн ярилцсан боловч үндэсний бичгээсээ нүүрээ буруулсан яамны зарим эрх мэдэлтэн, монгол бичгийн “мэргэжилтэн” нар үндэсний бичгээ өсвөр үедээ өвлүүлэх төрийн бодлогын эсрэг хатуу бодлого барьсаар байгааг жирийн ард иргэд мэддэггүй байх. Ер нь үндэсний бичгээ аль ангиас заах бэ? гэж боловсролын төрийн төв байгууллагынхантай маргаж байх нь дэндүү ичгүүртэй биш гэж үү? Үүнээс үүдээд монгол бичиг Монголын үндэсний бичиг мөн үү? гэсэн асуултад шууд хариу өгөх л үлдээд байна. Үндэсний бичгээ аль ангиас заах вэ? гэж маргаж байдаг улс орон энэ дэлхийд байдаг болов уу? Өнгөрсөн жил БСШУ-ы сайд Ё:Отгонбаяр монгол бичгийг 7-р ангид долоо хоног хоёр цаг заах тухай тушаал гаргасныг нэгэн товхимолд яамны мэргэжилтний зөвлөмжтэй хамт зэрэгцүүлэн хэвлэжээ. Гэтэл яамны монгол бичгийн мэргэжилтэн эрхэмсэг хатагтай Оюунцэцэг дунд сургуулийн 7-р ангид монгол бичгийг долоо хоног тутам хоёр цагаар заах боломжгүй, үүнийг дунд сургуулийн багш нар биелүүлсэн ч болно, биелүүлэхгүй ч байж болно гэсэн зөвлөгөө өгчээ. Ер нь ардчиллын 20 жилийн турш өөрчлөгдөөгүй яам бол БСШУЯ мөнөөс мөн. Мөн Засгийн газар солигдох бүрд ирэн очин байдаг нүүдлийн шувуу шиг “хоноц”-ын сайдын үгэнд яамныхан ордоггүйг дээр өгүүлсэн баримт нотолж байна. БСШУЯ-нд монгол бичгийн хоёр “хойд ээж” бий. Түүний нэг нь монгол бичгийн “мэргэжилтэн” гэгч хатагтай Оюунцэцэг, нөгөө Боловсролын хүрээлэн хоёр ажээ. Сүүлийн 20 жил монгол бичиг нийт ард иргэдийн бичиг болж хоногшиж чадаагүйн буруутан нь дээрх хоёр “хойд ээж” юм. УИХ, Засгийн газар боломжийн хөтөлбөр гаргаад байхад нөгөө хоёр “хойд ээж”-ийн гар дамжаад өлбөгөр, сульдаатай мэт болж, хэн ч тоохгүй юм болж хувирдаг. Энэ яаманд ардчилсан өөрчлөлтийн салхи оруулахад ганц сайд хүч хүрэхгүй хэмжээнд хүрч, үндэсний бичиг соёлыг аврах эрэлд мордох аян эхлэх гэж байна.

Үндэсний монгол бичгээ халж солиод 40 гаруй жил өнгөрсний хойно өнгөрсөн зууны наяад оны дундуур тухайн үеийн Гэгээрлийн сайд Даваасүрэн агсан нэг л өдөр тушаал гаргаж 1986 оноос эхлэн дунд сургуулийн 7, 8-р ангид монгол бичиг заах болсон түүхийг бид мэднэ. Тэр жил нь буюу 1986 оны 9-р сарын 1-нээс өмнө монгол бичгийн 120 мянган сурах бичиг хэвлүүлж ерөнхий боловсролын бүх сургуульд хүргүүлсэн баримт одоо хуучраагүй байна. Тэр үед яамны сайдын тушаал өнөөгийн УИХ-ын шийдвэр, баталсан хуулиас хүчтэй байжээ. Ер нь БСШУЯ-нд үндэсний бичигтээ элэгтэй, тэр бичгийг өсвөр үедээ өвлүүлж үлдээх төрийн бодлогыг дэмждэг, улмаар түүнийг төрийн бичиг болгох эх оронч сэтгэлгээтэй хүмүүсийг шилэн олж ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж байна.Аялгуу сайхан монгол хэл, хэлэндээ гойд зохицон, эх хэлээ хамгаалж ирсэн үндэсний бичгээ сэргээсэн шиг сэргээж хэрэглэхгүй бол судлаач эрдэмтэн Давид Харрисоны дүгнэсэнчлэн “Одоо дэлхийд хоёр долоо хоног тутам нэг хэл мөхөж байгааг монголчууд бид хэдэн зууны дараа давтах гээд байгаа юм биш биз!” хэмээн сэтгэл зовж буйгаа эцэст нь хэлье.

Сэтгүүлч, доктор Т.Галдан

No comments:

Post a Comment

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...