Aug 30, 2010

"Мундаг орчуулга" "Мунаг орчуулга" хоёр...

Үзэг цаас блогоос
-----------------------
2009-08-04 18:56:30

За байз гэнэт мэргэжлийн өвчин хөдлөөд нэг бичлэг оруулахаар шийдлээ. Юу юм л даа. Цаг үе үнэхээр хурдан өөрчлөгдөж байна.Орчуулгын ном зохиол улам л олон болж. Орос хэл дээрээс орчуулсан номууд л байдаг байсан номын дэлгүүр өнөөдөр дэлхийн олон хэл дээрээс орчуулсан олон төрөл зүйлийн номоор дүүрсэн байна. Харин тэдний дундаас үнэхээр сайн орчуулга нь хэд байна вэ? Цэвэрч бүсгүйн хумсанд хир тогтохтой адил хэмжээний номууд л сайн орчуулгатай. Бусад нь хэл зүй, найруулга, үг сонголт, зөв бичгийн дүрэм, учир зүй, гоо сайхан, сонсголонтой, уншихад хялбар, гадаад үгийг шүүх зэрэг талаасаа алдаа ихтэй. Ихээр зогсох уу даа. Арай л дэндүү. Тэр номыг унших биш, алдааг нь түүж, эсвэл найруулга муутай болсон ойлгомжгүй өгүүлбэрийг ойлгох гэсээр дургүй хүрээд шүүгээний мухарт шидэх хэмжээний "бүтээлүүд". Угаасаа ч шидчихдэг юм. Тэгээд бас хэрэгтэй өгүүлбэрийг нь тэмдэглэ гээд ард нь өнгийн харандаа өлгөсөн байхыг нь яана. Ичмээр... Тэдгээр номуудын ард

Орчуулсан :
Ариутган шүүсэн :
Хэвлэсэн :

гэсэн гурван тайлбар заавал байдаг. Орчуулсан хүн нь өөрөө тухайн номоо ариутган шүүнэ гэж хаана ч байхгүй. Энэ бол өөрийнхөө үсийг толинд харалгүй хайчаар засаж байгаатай л адилхан явдал. Тэгвэл жинхэнэ төгс орчуулгыг хамтдаа харцгаая.
Эргээд нэг сана даа. Арван жилд "Алтан загасны үлгэр" гээд нээх сайхан шүлгэлсэн хэлбэрээр бичигдсэн зохиолыг гадаадын уран зохиол гээд л заадаг байв. Одоо ч зааж байгаа биз...Бага байхад цээжилж асуугдах гэж зовдог байсан энэ үлгэрийн Ц.Дамдинсүрэн гуай 1939 онд орчуулсан гэдэг. Гэхдээ өнөөдөр ингээд ном зохиол, хэл яриа орчуулаад сууж байхад үүн шиг агуу орчуулгатай тааралдаагүй л байна. Солонгосын нэг үлгэрийг шүлэгчилсэн хэлбэрээр монгол сэтгэхүйд тааруулан орчуулахыг оролдсон боловч ёстой л "Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөнө" гэдэг л болсон юм. Одоо бүр ярихаас ч ичиж байна.

Өвгөн багш энэ үлгэрийг орчуулсан талаараа,
“Би энэ үлгэрийг монгол хүн монгол үлгэр шигээ хүлээж авахуйцаар орчуулахыг зорьсон. Хэдийгээр би Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн яг үгчилсэн орчуулга хийгээгүй боловч уран сайхны хэлний дүрслэгдэхүүний нь хувьд түүнийг огтхон ч бууруулаагүй гэж боддог. Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн монгол хөрвүүлэг нь яг үгчилсэн орчуулга биш, харин ямар нэг хэмжээгээр дууриалган зохиосон бүтээл болсон юм. Ингэхлээр түүнийг үгчилсэн орчуулга биш “монголчилсон” зохиомжилсон орчуулга гэх нь зохимжтой биз. Ингэх нь сайн уу, муу юу гэж асууваас, би сайн ба муу гэж эрс тууштай хариулж чадахгүй. Сайн муу аль аль нь буй байх”
гэж ярьсан байдаг юм.

Үнэхээр яг л тэгж орчуулсан. Ямар ч хүн уншсан яг л Монгол үлгэр юм шиг хэлэхэд амархан чанар, сонсголонтой, үгийн сонголт, толгой холболт гээд л бүх юм 100 хувь. Харж байгаад нэг уншаад үз л дээ. ямар гоё гээч...

Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ.
Хар усан ундтай
Хад чулуун нөмөртэй
Газрын агуйд хоргодож
Галын илчинд шүтэж
Гучин жил тэнэж
Дөчин жил суув.
Өвгөн нь загас барьж
Далайн хөвөө сахина
Эмгэн нь утас ээрч
Гэрийн мухар сахина
Өвгөн нэг өдөр
Тороо усанд тавьж
Загас шүүрдэж эхлэв
Анхан нэг шүүсэнд
Нялцгар замаг гарав
Ахиад нэг шүүсэнд
Нойтон өвс гарав
Адаг сүүлд нь шүүтэл
Алтан загас баригдав.

Энэ үлгэр эх хэл дээрээ үргэлжилсэн үгийн хэлбэрээр бичигдсэн байдаг. Харин Монгол хэл дээр бол яруу найргийн хэлбэртэй. Хувиргаж орчуулсан хэдий ч ямар ч утга санаа, орос хэл дээр сонсголонтой яруу байдлыг алдаагүй, үгийн сонголтыг маш төгс хийсэн гээд л магтаад байвал магтах юм туйлын их. Зүгээр л нэг дууны үг өөртөө зориулж орчуулах гэж зовдог надад энэ бол хоймортоо залсан ч ихдэнэ үү гэхээс үл багадах агуу зүйл. 1979 онд А.С.Пушкины II ботийгхэвлэхдээ “Полтав”, “Хүрэл хөшөө” гэсэн шүлгийг Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгаар оруулсан байдаг.
Агуу хүний мөр нь балардаггүй, ухаан нь арилдаггүй гэдэг энэ дээ. Бид өнөөдөр ч энэ шүлгийн өмнө оюунаа чилээгээд л багахан хэмжээний судалгааны ажил хийгээд л сууж байна. Олон жилийн дараа энэ шүлэг Монгол хэлний судалгааны ажлын хамгийн том хэрэглэгдэхүүний нэг болчихсон байхад би лав гайхахгүй.

1 comment:

  1. Anonymous3/9/10 11:59

    orchuulagch buriin tungaan bodoh mergen ug bn shuu thanks

    ReplyDelete

Та санал сэтгэгдлээ бичнэ үү.

Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой

http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...