Даяар Монголоос
------------------------
2008 оны 5-р сарын 25, Ням гариг, 01:19
Ардын уран зохиолч, Монгол өгүүллэгийн мастер Сэнгийн Эрдэнэ авгайн “Наран тогоруу” хэмээх гайхамшигт өгүүллэг эхэлж байна:
“Өнө эртний сүйрэл болсон сүмийн хашааны хажууд суухдаа би нар шингэхийг үзнэ. Би амьдралынхаа 15 жилд олон баяртай явдалтай учирч байлаа”.
Ардын уран зохиолчийн хэл гэхэд нэг л биш байгааг утга зохиолд элэгтэй Монгол хүн та аль хэдүйн ажиглаа биз ээ? Орчуулга олон дамжсаны эцэст Эрдэнэ гуайн “Наран тогоруу” ингэж л эхлэх болчхоод байгаа юм даа. Чухам юу болсныг эхнээс нь өгүүлсү.
Мягмарын Саруул-Эрдэнэ (Ph.D.)
Францын хэл шинжээчдийн хийсэн нэг сонирхолтой туршилт байдаг юм. Уг санаа нь тухайн эх сэдэв орчуулга дамжихаараа уг утгаасаа хир гаждагийг мэдэхэд оршино. Тэд дугуй ширээ тойруулан өөр өөр хэлний шилдэг 14 орчуулагчийг суулгасан байна. Ингэхдээ орчуулагч тус бүр зэргэлдээ суугчийнхаа хэлийг мэддэг байхаар тохируулж. Анхны орчуулгыг Герман хэлтэн хийжээ. “Шар айраг исгэх нь ерөөс хүн төрөлхтөн үүссэн түүхтэй чацуу нэн эртний урлаг билээ” хэмээсэн өгүүлбэрийг орчуулаад дэргэдэх Испани нөхөртөө дамжуулав. Испани цааш нь Польшид гэхчлэн үргэлжилсээр анхны Герман орчуулагч дээр ирэхэд өөрөөс нь эхэлсэн өгүүлбэрээ уншаад мань эр мөрөө хавчин, уртаар санаа алдсан гэдэг. Учир нь 14 хэл дамжсаны эцэст мөнөөх өгүүлбэр “Нэн эртнээс шар айраг нь хүн төрөлхтний хамгийн дуртай умдаан байсаар иржээ” болчихсон байж.
Үүнээс санаа авч, Монгол өгүүллэгээр туршилт хийж үзье хэмээн бодсон юм. Надад тийм олон өөр хэлтэй орчуулагч олдох аргагүй тул монголоос англи руу, эргээд англиас монгол руу буулгуулан туршив. Монгол англи хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг зургаан монгол, хоёр америк андаасаа туслахыг хүслээ. Ингээд л нэг өдөр бүгдээрэнгий нь интернэт дээр байлгаж байгаад нэг нэгээр нь орчуулуулан нөгөө лүү нь цахим шуудангаар илгээсээр туршилтаа хийв. Нэг орчуулагчид ойролцоогоор таваас арван минутын хугацаа өгсөн болно.
Сонгож авсан эх маань өмнө дурдсанчлан Сэнгийн Эрдэнэ гуайн “Наран тогоруу” өгүүллэгийн эхний хоёр өгүүлбэр: “Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ”.
Эхний орчуулагч англи хэлэнд ийн буулгав: I am sitting on the fence of the dried out well at the ruins of the old church, was parting with the summer evening sun for the day. An amazing number of wonderful things happened within just 15 years since my birth.
Хоёрдахь орчуулагч үүнийг буцаагаад Монгол хэл рүү буулгасан нь: Би хуучирсан сүмийн хатаж хуурайшсан хайсан дээр зуны оройн нарыг үдэн сууна. Хүй орчлонд хүн болон мэндэлснээс хойших энэхэн 15 жилийн дотор мөн ч олон сайхан үйл явдал тохиолдож дээ.
Эндээс л ялгаа гарч эхэлсэн дээ. “Ус нь ширгэсэн” хэмээх үг англи хэлнээ “Dried out” болоод эргэж монгол хэлэндээ “хатаж хуурайшсан” хэмээн буусан нь утгаа хадгалсан ч “Худаг” биш “Хашлага” нь хатсан болчихжээ. “Хашлага” ч мөн “Хайс” болсон байна. Эрдэнэ гуайн “Гайхмаар их үйл явдал” – “Number of wonderful things” хэмээн буусан, үүнд хоёр дахь орчуулагч Wonderful гэсэн үгэнд нь утгын өргөлт оноож “Олон сайхан үйл явдал” болгосныг буруу гэх аргагүй. Үүнээс гадна Эрдэнэ гуайн “Сүмийн хуучин туурь” бүр эхний орчуулагч дээр “Туурь” нь бус “Сүм” нь Хуучин болж, Old Church болсныг бас анхаарууштай. Хоёрдахь орчуулагч мөн Эрдэнэ гуайн “Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жил...” гэдгийг “Хүй орчлонд хүн болон мэндэлснээс хойших энэхэн арван таван жил...” хэмээн бараг илүү болгон орчуулсан нь чөлөөт орчуулгын мастер Ц. Дамдинсүрэн гуайн шавь байж мэдэхээр.
Гуравдахь орчуулагч англи хэлэнд ийн орчуулав: On a desiccated fence of an old church, I am sending off the summer sunset. During the fifteen years of birth on the earth, many great events have occurred.
Нэлээд богиносчээ. “Хатаж хуурайшсан” нь Desiccated болсноос гадна “Суух” гэдэг үг байхгүй болсон байна. Wonderful нь “Сайхан” болоод эргээд англидаа харин Great events болж.
Дөрөвдэх орчуулагч үүнийг монголчилсон нь: Хуучин сүмийн хугархай хашаан дээр сандайлаад зуны нарны шингэхийг харж сууна. Хорвоо ертөнцөд хүн болж төрөөд арван таван жилийг үдэхэд амьдралд олон сайхан зүйл тохиолджээ.
Бүр анх “Ус нь ширгэсэн” байсан, бас Худагт хамаарч байсан үг олон орчуулга дамжсаны эцэст энэ удаад Desiccated – “Хугархай” болсон, бас дээр нь угаасаа бүр өмнөх орчуулга дээр Хашаа-нд хамаатай болсон байсан билээ. On the fence гэдгийг орчуулагч өөрөө ургуулан бодож “Хашаан дээр сандайлаад” хэмээх хүчтэй үгийг сонгосон байна.
Тавдахь орчуулагч англи хэлнээ хөрвүүлсэн нь: Watching the summer sun’s set while sitting on the broken fence of an old monastery. I have been faced with many happy moments during my 15 years of life
Нэгэнт “Хугархай хашаа” болсон тул энэ удаад Broken fence байх нь аргагүй юм. Нөгөө анхны Гайхмаар их үйл явдал маань Wonderful – Great тэгээд одоо Happy Moments болчихсон явна.
Зургаадахь орчуулагч: Зуны нар шингэхийг харан эртний сүмийн эвдэрхий хашаан дээр сууна. Арван таван жилийнхээ амьдралд би олон жаргалтай мөчтэй учирчээ.
Улам л богино болоод байх юм. “Хугархай хашаа” маань “Эвдэрхий хашаа” боллоо. “Гайхмаар их” нь “Олон сайхан” болоод одоо харин “Жаргалтай мөч” болов. Харин хачирхалтай нь нөгөө бүр алга болоод, дараа нь “Сандайлах” болсон байсан үг буцаад “Суух” болон уг эхтэйгээ нийцсэн байна. Олон орчуулга дамжихад зөвхөн утга холдон алдагдах бус бас буцаад уг эхдээ ойртох тохиолдол байж болохыг энэ үг баталлаа.
Долоодахь орчуулагч: As I watch the sunset sitting by the ruin of the ancient temple's fence. I run in to many happy events in my fifteen years of life.
“Туурь” гэсэн үг бүр эхний орчуулагч дээр Ruin болоод дараа нь алга болсон, энэ удаад харин эргээд гараад ирсэн нь сонирхолтой. Гэвч аанай л Сүмийн туурь биш Хашаатай л холбоотой хэвээр. Хуучин гэсэн үг Ancient буюу Эртний болсон байна. Шингэх нар нь “Зуных” байсан, энд үгүй болжээ.
Сүүлчийн долоо дахь орчуулагч: Өнө эртний сүйрэл болсон сүмийн хашааны хажууд суухдаа би нар шингэхийг үзнэ. Би амьдралынхаа 15 жилд олон баяртай явдалтай учирч байлаа.
Нөгөө Ruin хэмээх үгийг энэ орчуулагч Сүйрэл болсон гэсэн утгаар ойлгожээ. Хашааны Дээр биш Хажууд сууж байгаа нь долоо дахь орчуулагч By the … fence гэж буулгасантай холбоотой юм. Happy Event (заримдаа Moment) болоод байсан үг эцэстээ Баяртай явдал болжээ.
Энэ бүх орчуулгуудыг хасаад одоо уг эхээ эцсийн орчуулгатай харьцуулан юу өөрчлөгдөж, юу хадгалагдсаныг үзье.
Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа. Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ
Өнө эртний сүйрэл болсон сүмийн хашааны хажууд суухдаа би нар шингэхийг үзнэ. Би амьдралынхаа 15 жилд олон баяртай явдалтай учирч байлаа.
За, “Өнө эртний сүйрэл” бол үнэхээр болоогүй ээ. Хашааны хажууд биш дээр нь сууж байгаа. Тэр хашаа уг нь худгийн хашаа, худаг бол бүр эрт мартагдсан. Нар шингэж байгаатай салах ёс гүйцэтгэсэн, өөрөө хэлбэл үдэж байсан болохоос зүгээр нэг хараагүй л юм сан. Зуны нар байсан, ль улирлынх нь тодорхойгүй. Гайхмаар их үйл явдал болсон тэр бүгд харин Олон байртай явдал болжээ. Тэр их үйл явдал Арван тавхан жилийн дотор болсон гэдэг тэрхүү –хан гэдэг нөхцөлөөр илэрч байгаа тийм бага хугацаанд тийм их юм болсон гэсэн эсрэгцэл бас алга.
Гэхдээ ямар ч байсан эцсийн хувилбарыг уншаад ойлгоход: нэг Сүм бол байгаа юм байна. Сүм нь Хашаатай юм байна. Хашааны дээр ч бай, дэргэд ч бай, тэр хавьцаа лав сууж байгаа юм байна. Нар шингэж байгаа юм байна. Тэрийг харж байгаа юм байна. Хүн болоод 15 жил болсон нь тодорхой байна. Тэр 15 жилд их юм тохиолдож.
Нэг үгээр хэлэхэд зохиолын араг яс нь бол байж л байна. Орчуулгаар бид их юм алддаг ч бас овоо юм олдог л бололтой.
Жич: Энэхүү өгүүллийн маань гол санаа нь Утга зохиолын орчуулга хэрэггүй гэсэн үг огт биш. Дээрх орчуулагчид бүгд мэргэжлийн орчуулагчид биш, утга зохиолын хүмүүс ч биш, маш бага хугацаанд шууд орчуулсан болохыг бодолцоно уу. Гол санаа маань гарчгандаа өгүүлсэнчлэн “Орчуулгаар бид юу алдаж болох вэ?”. Ердөө л энэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Оюутнууд аа, орчуулгын шүүмжийн уралдаанд идэвхтэй оролцоорой
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
http://translationclub.blogspot.com/2014/10/blog-post_15.html Wednesday, October 15, 2014 Орчуулгын шүүмжийн нээлттэй уралдаан з...
-
Хэл бол гоёл биш. Тийм болохоор дуржигнатал ярих нь гол бус. Харин тухайн хэлний зүй тогтолыг маш нарийн мэдвэл зохино. Чой. Лувсанжав Хэл...
-
эх сурвалж: asuu.mn 1. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015 2. http://www.asuu.mn/medleg/tuuh-niigem/172/1007200015/p/2 Найр...
ih sonirholtoi boljeee amjilt huseye ^^
ReplyDeleteolzii_038
amjilt huseye
ReplyDeleteОрчуулсан өгүүлбрийнхээ эхийг сэтгэл зүй, цаг хугацаа, орон зайн өөр өөр байдалд сууж байгаад дахин дахин орчуулчихаад дараа нь нэгтгэж харангуутаа хямралд ордог байсан юм. "Би" "би" дотроо төөрөлдөж байхад орчуулга хүртэл замаа олохгүй байх нь ёс болов уу.
ReplyDeleteАнх хэл сурч байхдаа тэр үед амьдарч байгаа хүмүүс л ойлгож байвал орчуулга сайн болсон гэж үзнэ гээд л талимаараад явдаг байлаа. Харин өнгөрсөн цагийн буюу хуучны хэллэгүүдийг ашиглаад орчуулга хийгээд ирэхэд хэл гэдэг хичнээн утга уянга төгөлдөр болж, уншихад хүртэл хэлэнд ямар зөөлөн тусч байгааг ажигласан шүү, багшаа.
Гэхдээ энэ бүхнийг ч гэсэн та зааж өгсөн шүү дээ.
Орчуулгад цаг хугацаа, орон зай, нөхцөл байдал чухал гэдэг. Энэ бүхнийг анхаарч орчуулах амар биш. Гэвч уйгагүй хүн уул нүхэлнэ гэдэг шүү дээ. Бүү шантраарай.
ReplyDeleteene turshiltiig solongos helnii orchuulga xiij baigaa humuus deer hiij uzvel sonirholtoi yum shig baina. chadah chadahgui ih humuus odoo orchuulagch gej yavdag bolson bolohoor
ReplyDelete