----------------
2009/01/21 • Сэдэв нь: Улаанбаатарын сонин
Сингапурын Ерөнхий сайдаар олон жил ажилласан Ли Гуан Яаогийн бичсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номтой манай сонины уншигчид хэдийнэ танил болсон.
“Эргүүлсхийгээд өнгөрч боломгүй” хэмээн дэлхийн нэртэй улстөрчдийн үнэлсэн энэхүү номыг Монголын уншигчдад хүргэсэн хүн нь орчуулагч Норовын Пүрэвдагва. Түүнийг бид редакцдаа урив.
-Сингапурын хөгжлийн түүхийг өгүүлсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номоос сониндоо хэсэгчлэн тавих хүсэлтийг минь зөвшөөрсөнд талархал илэрхийлье. Сонинд нийтлэгдсэн хэсгийг уншсан олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн. Санал хүсэлт ч цөөн биш ирснийг дуулгахад таатай байна. Тэдгээр саналын дунд орчуулагчтай нь уулзах хүсэлт ч ирсэн. Тэр дагууд бид таныг редакцдаа урьсан юм.
-Баярлалаа.
-Энэ номоос чухам юуг нь монголчууд, тэр дундаа бодлого боловсруулах хүрдийг эргүүлж суугаа хүмүүс аваасай гэж бодсон бэ?
-Ном гарснаас хойш сонин сонин байдлаар хүмүүс сэтгэгдлээ илэрхийлж байгаа. Танай сонинд хэсэгчилж гарч байгаатай холбогдуулж илэрхийлсэн нь ч бий. Тун санаандгүй, их эртний танилууд ч утасдаж байсан. Тэгээд бодохоор энэ ном манайхны ахуй амьдрал янз бүрийн зүйлтэй нийцэж байгаа юм болов уу гэж бодсон шүү.
-Тэр улс юу хэлж байна. Сайн орчуулжээ, эсвэл хэрэгтэй ном байна гэх юм уу?
-Эрх баригчдад нэг уншуулах юмсан гэсэн уур амьсгал давамгайлж байна билээ. Тэгээд бодохоор Монголд улс үндэстнийхээ ахуй амьдралыг сайжруулах тухай ийм нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна уу даа гэж санагдсан. Улсын багшийн их сургуулийн түүх нийгмийн ухааны нэг багш энэ номоор дагнаж лекц, семинарын хичээлээ явуулж байгаа гэнэ лээ. Энэ бол XX зууны Ази, дорно дахины түүхээс нэлээд хэмжээгээр багтсан болохоор сэдэв байгаа байх.Нөгөө талаас өнөөгийн Монгол орны байдал зах зээл зэрэг олон зүйлээс шалтгаалаад хүн ардын сэтгэл зүйд нөлөөлж байгаатай ч холбоотой биз гэж бодогдсон. Төрд нэлээд том алба хашдаг хүн надад “Энэ номыг эргүүлэхэд авмаар санаа зөндөө олон байна. Наад зах нь улсынхаа сонин хэвлэлийнхнийг, манайхны хэлээд байгаа шар сонинг дарах, олон нийтийг үймүүлж бужигнуулахгүй байхад тустай том алхам хийжээ. Том сонингуудынхаа хувьцааг банкууддаа бариулчихсан юм билээ. Банкнууд улс орны дотоодын тогтвортой байдлыг илүү эрхэмлэж яваасай гэсэн бизнесийн сонирхолтой нийцээд их зөв шийдэл болсон” гэж ярьсан.
-Ерөнхийдөө хөгжлийн хэв загвар байж болохоор санааг нь түлхүү аваасай гэж манай сонинд сэтгэгдлээ илэрхийлсэн хүмүүс ярьж байсан.
-”Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номд улс орон өөрийнхөө хэв маяг, хэлбэр галбирыг хадгалж хөгжих ёстой гэж. Жишээ нь, япончууд тэгж хөгжиж чадсан байхад бид ч тэр замаар явах ёстой гэсэн байсан. “Амьд бамбар” гэж Солонгосын том ардчилагчийн тухай номны орчуулгыг уншиж байхад өөрийн онцлог маш олон зүйл дээр илэрч болдог юм байна гэсэн төрсөн сэтгэгдэл төрсөн. Наад зах нь өөрийн онцлог нь хөрөнгөлөг, мөнгөн хуримтлалыг шүтсэн нийгэм рүү ороход хүртэл илэрдэг юм билээ.
-Манайд ямар өөрийн онцлог байна?
-Тэрийг би бас сайн ойлгодоггүй байж. Монгол гэхээр ямар байх, юугаа хадгалж үлдэх юм бэ гэдгийг. Харин энэ хоёр номоос тун ихийг ойлгосон. Сингапур, Хонгконг хоёр бараг адилхан нөхцөлтэй. Хонгконгийн хүн.амынх нь 80 орчим, Сингапурын 75-76 хувь нь хятад. Барууны жишгээр XX зуунд хөгжиж эхэлсэн ийм л жижигхэн арал улсууд шүү дээ. Гэхдээ энэ хоёрт өөр өөрийн зам мөр, онцлог бий. Хонгконг Хятадын валютын нөөцийг XX зууны туршид бараг дангаараа бүрдүүлж байсан газар. Бараг манай “Нарантуул” захтай адил санагдсан. “Нарантуул” хэн нэгэн бараагаа аваачиж зарах л газар. Үйлдвэрлэгч биш. Тэр улсад хувийн материаллаг бүтээн байгуулалтын сонирхол гэж байхгүй.Түүнээс гадна нүүдлийн шувуу шиг ирээд буцдаг, эсвэл бусдын үүрэнд өндгөө хаячихдаг хөхөөтэй адил наймаа хийдэг хятадууд юмаа зарчихаад л явна. Тэдэнд гэр орон, байр байшин гэсэн сонирхол байдаггүй. Тийм учраас ерөөсөө л үйлчилгээний газар. Харин Сингапурт бол өөр, бүтээн байгуулах сонирхол их. Энэ улс гарч ирэхээс эхлээд ундны усны асар том асуудал тулгарсан. Болохгүй бол наад крантыг чинь хаачихна шүү гэдэг улс ард талд нь Малайз байж. Тиймээс наад зах нь усны асуудлаа яаж шийдэх вэ гэсэн нийтлэг эрх ашиг бий болж эхэлсэн. Эндээс үүдээд их сонин зүйл гарч магадгүй санагдсан, онолын хувьд. Юу гэхээр үнэт зүйл гэж манайхан хааяа ярьдаг болчихсон байна билээ. Нийтлэг эрх ашиг гэдэг өөрөө үнэт зүйл. Тэр нийтлэг эрх ашгийг бий болгодог зүйлийг үнэт зүйл гэж философичид үздэг юм байна. Гэтэл тэр нийтлэг эрх ашиг нь өнөөдөр Монголд байна уу, үгүй юү, тэр эрх ашгаа бодож Монгол хөгжих үү гэдэг тухай юм. Энэ номноос авах ёстой гол зүйл нь тэр юм болов уу гэж санадаг.
-Үнэхээр тийм нийтлэг эрх ашиг гэдэг зүйл манайд байна уу гэдэг сонин шүү дээ.
-Монголд нийтлэг эрх ашиг гэдгийг самууруулж, үгүй болгодог улс чинь явж явж улстөрчид шүү дээ. Зөвхөн өөрийн тоглолт хийдэг. Тус тусдаа бодлого боловсруулдаг. Тэд монгол гэдэг бүхэл бүтэн үндэстний нийтлэг эрх ашгийн төлөө байх асуудлыг өөрсдийн эрх ашиг, албан тушаал дэвших төдий зүйл болгож задлаад байгаа юм. Өрх тусгаарласан ч өөрийн өв соёлтой, ёс заншилтай улс орныг тодорхойлж байдаг тэр зүйлийг үгүй хийхэд чиглэсэн болоод байна. Дэлхийн олон улс гүрний дунд өөрийн гэсэн байр суурьтай, орон зайтай улс болохын тулд том эдийн засагтай байх ёстой. Энэ номонд нэг айхавтар үг байгаа. Аж ахуй, амьдрал нь овоо амжилттай байгаа хэсгээсээ татвар нэрээр хөрөнгө бөөгнүүлж аваад, дутуу гуцуу хүмүүст тарааж өгөхийг энэ улстөрчид Засгийн газрын гол үүрэг мэтээр ойлгоод байна. Энэ бол тийм биш байх ёстой.
-Сингапур, Хонгконгийн нэг онцлог хүн амынх нь дийлэнх хятадууд байсантай холбоотой байж. Харин монголчуудын хувьд хүн ам цөөтэй, газар нутаг томтой.
-Монголчуудын хувьд хүссэн ч, эс хүссэн ч бусдаас ялгарах нэг онцлог байна. Тэр нь уламжлалт соёл иргэншилтэй холбоотой зүйл. Сингапур, Хятад, Япон, Орос зэрэг улс суурьшмал соёл иргэншилтэй. Суурьшмал соёл иргэншил гэдгийн цаад талд үнэн чанартаа хамтарч амьдрах ёс зүйд суралцсан тухай ойлголт байгаа юм. Монголчуудын олон мянган жилийн турш амьдарсан ахуй нь үндсэндээ хамтарч амьдрахыг гэр бүлээр л хязгаарлаж байгаа шүү дээ. Д.Нацагдоржийн бичсэнээр эхнэрээсээ өөр хүнтэй уулзаагүй, эмээлээсээ өөр даваа даваагүй гэдэг чинь үнэн үг. Одоотой адил Улаанбаатарынх шиг ийм бөөгнөрөл хэзээ ч байгаагүй.Улаанбаатар дэлхийн том хотын хэмжээнд очно гэдэг чинь 1990 оноос хойш яригдсан шүү дээ. Ингээд бодохоор энэ суурыимал амьдрал руу явж байгаа шилжилттэй холбоотой хүмүүжил, ёс суртахуун их чухал байгаа юм. Чухамдаа үүнийг төр, засаг эхэлж барьж авч, бодлого боловсруулж байж улс орон хөгжих юм. Түүнээс биш ийм л байсан гээд Өмнөговь аймгийн ямар суманд байдаг юм бэ бараг хүнгүй шахам газарт хамаатай хуулийг яриад байх юм бол явахгүй л дээ. Нөгөө талаас Монголд хүссэн ч, эс хүссэн ч хоёр иргэншил байж таарна. Нүүдлийн бөгөөд суурьшмал гэж.Дэлхийн зах зээлийн эрх ашигт хөтлөгдөөд нэг бол газар доорх алтаа юу ч үгүй болтол нь ухаад, эсвэл ямааны ноолуур үнэд орлоо гэхээр хамаг ямаагаа хот тойруулж бэлчээр ч үгүй болгоод байвал эцэстээ турж үхэх л байх даа.
-Сүүлийн үед, ялангуяа долдугаар сарын 1-нээс хойш зарим улстөрчийн амнаас төрийн хатуу бодлого, төрийн нэгдсэн удирдлагын тухай сонин үг унах болжээ. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ч ярьдаг. Таны орчуулсан номд энэ нэгдсэн удирдлагын тухай байна уу?
-Бидний жишээ авах дуртай орнууд, Азийн хөгжилтэй улсуудыг харж байхад дандаа төвлөрсөн засаглалтай. Жишээ нь, Япон бол хаант засагтай, Солонгос Ерөнхийлөгчийн засаглалтай, сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа Хятадыг ч Ерөнхийлөгчийн засаглалтай гэж хэлж болно. АНУ Ерөнхийлөгчийг засагтай. Ямар нэг шийдвэр гараад тааламжгүй санагдвал Ерөнхийлөгч нь нулимчихдаг улс шүү дээ. Сингапур Ерөнхий сайдын засаглалтай. Ерөнхий сайд нь тусдаа, Ерөнхийлөгч нь парламентаас сонгогддог. Ерөнхийлөгчөөс гаргасан хууль дэг журам буруу, олон улсын харилцаанд сэв суулгах авир араншин гарангуут Ерөнхий сайд нь парламенттайгаа яриад буулгачихаж байгаа юм. Ийм засаглалтай. Түүнээс гадна улс орон хөгжихийн тулд хууль нь тогтвортой байхаас гадна хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхыг тэдний жишээнээс харж болно. Алдаа гаргасан Ерөнхийлөгчөө аваад хаячихаж байгаа нь үүний илэрхийлэл. Энд зөндөө олон жишээ байгаа. Төвлөрсөн тогтвортой засаглалын сайн тал энэ байх.Бидний сайн мэддэг ОХУ хэзээнээс эхлээд эрчимтэй хөгжиж, дэлхийн эдийн засагт том нөлөөтэй боллоо. Хуучин цэрэг дайны л лидер байлаа шүү дээ. Гэтэл одоо эдийн засгийн том лидер орон болчихлоо. Европ даяараа түлш, эрчим хүчний хувьд энэ улсаас хамааралтай болчихоод байгаагийн жишээг саяхны үйл явдлаас бид тод харлаа. Хэзээ ийм болсон юм бэ. Путин гэдэг нэг гарт зангидагдсаны дараа шүү дээ. Тэгээд бодохоор Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй ч байж мэднэ. Гүндалайгийн эрхийг түдгэлзүүлэх яриа хоёр парламент дамжаад ч шийдэж чадахгүй л байна шүү дээ. Шийдэгдэх ч юм уу бүү мэд. Хэрэв хатуу чанга нэг гарт байсан бол ингээч үү.
-Гэхдээ нэг гарт байх монголчуудын онцлогтой тохирох болов уу?
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан З.Бжезинскийн нэг ном бий. Тэнд дэлхий дээр нэг хатуу гарт байхаас аргагүй үндэстэн гэж байдаг. Тэдний нэг нь Хятад, Орос хоёр гэж бичсэн байдаг юм. Түүнийг уншсанаас хойш надад Монгол ч тэдний нэг байж магадгүй гэж санагдаад байдаг юм. Нэг гарт байх тухай номлол их олон байдаг шүү дээ. Жишээ нь, Библид хоньчин, хонин сүргийн тухай яриа байдаг. Энд нийгмийн ерөнхий олонхийг хониор төлөөлүүлээд байна шүү дээ.
-Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярихад ганц Н.Энхбаяр гэдэг хүнийг хараад байдаг юм биш үү, манайхан.
-Харин тэгдэг шиг байгаа юм. Ерөнхийлөгчөөр тодорхой хугацааны дараа Н.Энхбаяр биш өөр хэн нэгэн сонгогдоно биз дээ. Энэ чинь цаашид Монгол Улсын хэтийн хөгжлийг тодорхойлох яриа. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбож яриад бүх асуудлыг хаачихдаг. Нэлээн хэдэн жилийн өмнө Бат-Үүл хаант засаглалтай болъё гэж санал тавьсныг би санаж байна. Тэр үед Очирбат гуай Ерөнхийлөгч байсан юм. Хаант засаглал, Ерөнхийлөгчийн засаглал хоёр өөр биз дээ. Ядаж л жинхэнэ хаан нь хэн юм бэ гээд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг монголчууд хайгаад сүйд болно биз дээ.
-Суурин соёл иргэншлийг дагаад гарах зайлшгүй нэг зүйл нь хотын соёл. Хотын соёлыг зөвхөн хөгжим, эсвэл өмсөж зүүхээр хязгаарлахаас хэтрэхгүй байна л даа, манайд. Таны орчуулсан, уншсан номуудаас хотын соёл гэдгийг арай илүү ойлгуулахаар жишээ юу байна?
-Наад зах нь нийтийн унаандаа аятайхан суучихдаг, бусдын хийсэн бүтээснийг сав л хийвэл өшиглөөд, ад үзээд байдаггүй, гудамжинд чихрийн цаас, тамхины ишээ хаа дуртай газраа шидчихдэггүй байхыг хотын соёл гээд байгаа юм. Их жижигхэн юмнаас эхэлдэг.Жишээ нь, Сингапурт бидний үл ойлгохоор алхам хийсэн л байгаа юм. Манайхан сая шинэ жилээр газар сайгүй буудуулаад байсан салютыг, тэр ч бүү хэл гудамжинд бохь зажлахыг, хилээр оруулж ирэхийг ч хориглочихсон. Төвлөрч соёлтой амьдрахын тулд гуйвуулсан маягийн ийм шийдвэр гаргасан ч биелэлтэд нь хатуу хяналт тавьж хэрэгжүүлж чадсан.Хотжиж амьдрах гэдэг айхтар бодлого байна. Гэтэл сүүлийн үед манайд хөдөө, орон нутгаас хот руугаа дайрч байна. Нийгмийн хэрэгцээнээс давж орж ирж байгааг хэлээд байна л даа. Монголын хөгжлийн ерөнхий чиг хандлага эдийн засгийн төлөв байдлаар уялдаж нөхцөлдөж гарч ирсэн хэрэгцээ алга байхад бөөгнөрөөд байгаа хэрэг. Ийм тохиолдолд хатуу бодлого хэрэгтэй юм.
-Өмнө нь таны орчуулсан “Эрх чөлөөнөөс дайжихуй” номыг олон хүн ойлгож уншсан гэдгийг хэлэхэд хэцүү байна л даа. Сайн ном уншсан гэж хэлэх дуртай хүмүүс түүгээр гангардаг байж магадгүй.
-Эрх чөлөөнөөс дайжихуй” гэдэг нэр томъёо нь өөрөө их сонин. Эрх чөлөө, Эрх чөлөөнөөс дайжих, нийгмийн сэтгэл зүй гэдгийг хамгийн анх гаргаж ирсэн хүн бол энэ номны зохиолч Эрих Фромм. Миний мэдсэнээр Америкт 27 удаа хэвлэгдсэн юм билээ. Би 25 дахиас нь орчуулсан. Энэ номыг олон хүн уншаасай гэж бодоход зовлон бий. Гол онол нь ямарваа нэгэн зүйл томрох тусам хүн жижгэрдэг. Хүн хэчнээн том байлаа ч улс орон хөгжөөд, төвлөрсөн суурин газар томрох хэрээр хүн жижгэрээд ирдэг зовлонтойг ойлгуулахаар.Энэ номыг орчуулахад миний эхнэр Туяа түүхч бүсгүй их тусалсан. Бид хоёр 13 жил нухсан. Тэгэхээр энд их л олон зүйл байгаа. Тийм болохоор барин тавин унших хэцүү. Гэхдээ унших хүмүүс нь уншаасай гэж би боддог юм.
-Уншсан хүн хэр олон таарав?
-Харин сүүлийн үед их, дээд сургуулийн багш нар асуугаад байдаг болчихсон байна билээ. Ийм ном байдаг гэнэ, тийм ном олмоор байна, танд байгаа юу гээд л. Надад байгаа л даа. Сүүлийн үед багш нар сураглаж, авч байна. Анх энэ номыг орчуулсны дараа Л .Түдэв гуай “Сайн номыг гарснаас нь хойш 10 жилийн дараа ойлгодог” гэж хэлснийг би мартдаггүй.
-Нэг номыг арван хэдэн жил орчуулна гэхээр хэцүү л сонсогдож байна шүү.
-Орчуулагч бол зохиолч биш шүү дээ. Зохиолч нар байгалиас заяасан авьяасаараа бичиж туурвидаг улс. Харин орчуулагч чанартай мэдээлэл, мэдлэг хоёроор түрж юм хийдэг. Хар хөдөлмөр ихтэй. Наад зах нь тэвчээрийн тэнэглэл байгаа биз дээ.
-Яг одоо тэвчээрийн тэнэглэл гаргаж байгаа ямар бүтээл байна даа?
-Сүүлийн үед би бага сага юм бичих гэж оролдоод байгаа. Одоо кино зохиол бичиж байна.
-Сэдвийн хувьд?
-Монгол бахархал юм уу даа.
-Монголчууд юугаар бахархах ёстой юм бэ?
-Монголчууд хамгийн эхлээд түүхээрээ бахархах ёстой. Өнгөрсөн түүхийн дотор олон юм байгаа. Ганцхан жишээ хэлье. Бямбын Ринчен гуайн “Шүхэрч Буниа” гэдэг жижигхэн өгүүллэг байдаг даа. Тэнд их том бахархал байгаа юм. 1928 онд Ринчен гуай Завханы Улиастайгаар явж байгаад манж амбаны архиваас нзт хүүхэд далавч хийж Эрдэнэзуугийн гол хийд дээрээс нисэх гэж хэд хэдэн удаа оролдсоныг барьж авч зодож шийтгэсэн тухай тайланг олжээ. Харин 1955 онд очиход архив алга болчихсон байж.Тэгээд харамссандаа “Шүхэрч Буниа”-г бичсэн гэдэг. Хүүхэд байхдаа уншаад бахархал нь юуг ойлгоогүй юм билээ. Харин саяхан уншаад Европын эрдэмтэн судлаачид делтаплан хийж ниссэнээс 144 жилийн өмнө тэр хүүхэд нисэж байсныг ойлгосон. Энэ бол монгол бахархал мөн үү. Мөн. Гэтэл бид өнөөдөр бахархлаа мэдэхгүй, холын Америк, Герман, Англи, Францаас эрээд байна шүү дээ.
-Дэлхийд Чингисээрээ гайхуулж бахархах ёстой гэх хэрнээ бууз хуушуур жижиг сажиг зүйлдээ их хааныхаа нэрийг дайгаад л. Бид бахархлаараа бахархаж чаддаг улс мөн юм уу даа?
-Чингис Монголын бахархал гарцаагүй мөн. Гэхдээ юуг нь бид Чингисээс авч үлдэх ёстой юм бэ гэдгээ бодох ёстой. “Чингис мянганы хүн” гээд Солонгосын зохиолчийн сүрхий ном байдаг юм. Нэлээн том, маш сайн орчуулгатай. Элчин сайд байсан Үржинлхүндэв гуай орчуулсан байх. Энд Чингисийг хурдны гайхамшгийг харуулсан гэж их энгийнээр тодорхойлсон байдаг юм. Тийм цөөн хүнтэй мөртлөө дэлхийг хамарсан асар том улс байгуулсан нь хурдны гайхамшиг гэж. Зөв юмаараа бахархаж чаддаг байвал бид хөгжинө дөө.
tiimee niitleg erh ashgiin tuluu turiin terguun gej helegddeg humuus ajillah heregtei.
ReplyDeleteГанц төрийн тэргүүн биш дээр доргүй л зөв шударга байх ёстой болов уу. Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа
ReplyDelete